Манай улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд нэрвэгджээ

450
 
Дэлхийн дулаарал болон тухайн улсын газар нутгийн байдал, эрхэлж буй аж ахуйтай холбогдон цөлжилтөд нэрвэгдэж буй 10 улсын нэгд манай улс тооцогдож байгааг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын тайланд дурдсан байна. Монгол улсын хувьд цөлжилтийн 61 хувь нь дэлхийн дулааралтай холбоотой бол 39 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас хамаарч байгааг судлаачид тогтоосон бөгөөд нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд нэрвэгдээд буйг эрдэмтэд хэлдэг.
“Газар нутаг цөлжих гэдэг асуудал зөвхөн манай улсын төдийгүй бүс нутгийн тулгамдсан асуудал болоод байна. Монголчуудын хувьд малын тоо толгойн хойноос хөөцөлдөж, малаа хэт өсгөж байгаа нь бэлчээрийн доройтол, уул уурхайн ашиглалт олборлолтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой” гэж БОАЖЯ-ны мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Хэдийгээр манай улс өргөн уудам нутагтай боловч эрдэмтэн судлаачдын судалж тогтоосноос малын тоо толгой 30 саяар илүү болсон нь малын бэлчээр хүрэлцэхгүйд хүрсэн байна. Тэдний тооцоолсноор цөлжилтөд өртөж буй Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор зэрэг говь, говь хангай хосолсон долоон аймаг байдаг бөгөөд тэдгээрийн 50-60 хувьд цөлжилт явагдаж байгаа аж.
2010-2020 онд “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоо 80-90 хувь хэрэгжүүлсэн гэх боловч энэ ажилд зарцуулсан хөрөнгө мөнгө тийм ч хангалттай сайн байгаагүйд БОАЖ-ын сайд Н.Уртнасан шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, яг энэ асуудалд жил бүр 400-500 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж ирсэн нь үнэндээ хангалттай мөнгө биш. Тиймээс цөлжилтөд өртөж байгаа говийн аймгуудын Засаг дарга нарыг оролцуулан Байгаль орчны хэлтсийн дарга нарын санал хүсэлтэд тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлэхэд жилдээ 7-8 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, үүнээс багагүй хэмжээний хөрөнгө төсөвлөж байж, цөлжилттэй бодитой тэмцэх боломжтой гэж тэд дүгнэсэн байдаг.

Нөгөө талаар БОАЖЯ-наас 2013 онд ойжуулалтын норматив, хөрөнгө мөнгийг баталсан байна. Тухайн үеийн тарьц суулгацын үнэ, бензин шатахууны ханшаар говь болон бусад газарт ойжуулалт, цөлжилтөөс хамгаалах бодит ажил хийхэд хүндрэлтэй нь тодорхой. Тиймээс энэ оны тавдугаар сард БОАЖЯ-наас ойжуулалтын норматив, төсөв хөрөнгийг шинэчлэн тогтоосон байна.
Үүнд ойжуулалтын ажлын 23 норматив, төлөвлөлтийг 48 болгож, нарийвчлан тодорхойлсон төдийгүй зардлыг 2.5-5 дахин нэмэгдүүлэх тооцооллыг хийж, Сангийн яамаар батлуулсан нь цаг үеийн шаардлага байсан аж.
Одоогоор Монгол Улсын өргөн уудам газар нутгийн найм хүрэхгүй хувь нь ой модоор бүрхэгдсэн бөгөөд үүнийг ойжуулах, шинэ газар нутагт мод бут, сөөг тариалах замаар 8.1 хувьд хүргэх зорилтыг БОАЖЯ-наас дэвшүүлсэн.
1990-ээд оноос хойш "Алт" хөтөлбөр хэрэгжсэнтэй уялдан 32 мянган га газарт байгалийн болон техникийн нөхөн сэргээлт хийгдэлгүй орхигджээ. Үүний 8000 га нь эзэн холбогдогч нь тодорхойгүй, гээгдэж хоцорсон талбай байдаг аж. Одоогоор БОАЖЯ-ны харьяа нөхөн сэргээлтийн баталгааны дансанд 17.9 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа бөгөөд үүнийг 2020 он хүртэл зориулалтынх нь дагуу зарцуулдаггүй байжээ. Харин өнгөрсөн онд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд тус сангийн хөрөнгийг зарцуулж эхэлсэн нь анхны тохиолдол болсон байна. Үүнд 80 сая төгрөгийг зарцуулжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар хариуцлагагүй уул уурхай эрхлэх буюу ашиглалт, олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй тохиолдолд орон нутгаас лицензийг нь цуцлах санал оруулдаг бөгөөд үүнийг УУХҮЯ, Ашигт малтмалын газар зохицуулж, арга хэмжээ авч, хариуцлага тооцох ёстой. Харин БОАЖЯ-наас байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг цаг тухайд нь гаргуулахыг шаардах, хуримтлалын нөлөөллийн үнэлгээг хийлгэх /ус, хөрс, тухайн орчинд амьдарч буй иргэдийн ахуй байдалд үзүүлж буй сөрөг нөлөөлөл/ шаардлагатайг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцолж байсан юм.
Олон нийтийн өмнө хүлээж буй хариуцлага, төрөөс олгосон чиг шугамын дагуу салбарын яам үүргээ гүйцэтгэж байгаа ч төдий л үр дүнд хүрч чадахгүй байдаг аж. Тухайлбал,
Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 дугаар заалтын дагуу байгаль орчинд сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулсан, нөхөн сэргээлт хийгээгүй 40 аж ахуйн нэгжийн ашиглалт, олборлолт эрхлэх зөвшөөрлийг цуцалсан ч шүүхийн шатанд 15-20 хувь нь эрхээ сэргээлгэчихдэг байна.
Тиймээс УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар нь байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий салбарын яамтай нэгдмэл байр суурьтай байж, тухайн компани зөрчил дутагдлаа арилгах, хэрэв ийм дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлах хүртэл “дуу нэгтэй" байхыг уриалж байсан юм.
Цаашдаа “эзэнгүй" гэх тодорхойлолттой, ашиглалт олборлолт хийсэн газрын эзэн холбогдогчийг хөөж илрүүлэх, хариуцлага тооцох Экологийн цагдаагийн алба байгуулагдсан нь сайн хэрэг. Тэдэнтэй БОАЖЯ хамтран ажиллаж, жилдээ наад зах нь 200 га талбайн техникийн нөхөн сэргээлтийг хийж, хэвийн байдалд нь оруулахаар зорин ажиллаж байгаа юм билээ. Үүний тулд Шадар сайдын ажлын алба, УУХҮЯ, Экологийн цагдаагийн албатай БОАЖЯ хамтран ажлын хэсгийг байгуулж, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулан ажиллуулж эхэлсэн нь сайшаалтай. Тэд “Нөхөн сэргээлт-2024” аяныг зохион байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ онд Сэлэнгэ аймагт байгалийн нөхөн сэргээлтийг хийхэд зориулж хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгуулаад байгаа аж. Улмаар “эзэнгүй” гэх боловч ашиглалт, олборлолт явуулсан талбайн хэмжээг аль болох багасгахын төлөө ажиллаж, тухайн газарт ашиглалт олборлолт хийгээд орхисон аж ахуйн нэгжийг илрүүлж, нөхөн сэргээлт хийлгэхийн тулд хатуу ширүүн тэмцэл хийхээ БОАЖЯ-наас мэдээлсэн юм.
Д.МөнхжаргалЭх сурвалж: "Монголын үнэн" сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn