Нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

394


Увс аймгийн Малчин суманд 20 жилийн өмнө нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн олон улсын байгууллагын ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр боллоо.
   Уг арга хэмжээнд Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикова, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Дэд суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана нарын албаны хүмүүс болон аймаг, сумын удирдлагууд оролцсон юм. Мөн НҮБ-ын ХАС-гийн ажилтан Б.Баярмаа агсаны хань Б.Бямбадалай болон түүний аав ээж, дүү нар, тэрчлэн Малчин сумын ард иргэд энэхүү үйл ажиллагаанд оролцлоо.

    Одоогоос 20 жилийн өмнө буюу 2001 оны 1-р сарын 14-ний өвлийн тэсгим хүйтэн өдөр Увс аймгийн Малчин сумын нутагт орших Харгайн зуух хэмээх газарт НҮБ-ын Гамшгийн эрсдлийг үнэлэх хорооны багийн гишүүд болон албаны бусад хүмүүс орон нутагт зудын  үнэлгээ хийхээр явж байгаад нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн харамсалтай явдал болсон юм. Энэ үеэр НҮБ-ын байгууллагын ажилтнуудаас гадна УИХ-ын гишүүн, Японы NHK телевизийн сурвалжлагч нарын 9 хүн амь насаа алдсан билээ. Харгайн зуух хэмээх газарт эдгээр хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн гэрэлт хөшөөг босгосон байдаг бөгөөд ослын 20 жилийн ойд оролцогчид тэрхүү газарт очиж хүндэтгэл үзүүллээ. Бусдын сайн сайхны төлөө эцсийн амьсгалаа тататлаа явсан эдгээр амь үрэгдэгсэд бол энх цагийн баатрууд юм гэдгийг оролцогчид онцолж байлаа. Тухайн үед НҮБ нь Монгол Улсад тохиолддог зудын нөхцөл байдлыг гамшиг гэж үздэггүй байсан тул хүмүүнлэгийн тусламж дэмжлэгээ олгодоггүй байжээ. Гэвч тэр цаг үеэс хойш Монгол оронд тохиолддог зудын нөхцөл байдлыг гамшгийн нэг төрөл хэмээн бүртгэж, тусламж дэмжлэгээ харамгүй үзүүлэх болсон байна.  
   Наймдугаар сарын 19-ны өдөр нь Дэлхийн хүмүүнлэгийн өдөр бөгөөд энэ өдөр ажлын байран дээрээ амь насаа алдсан, шархадсан, гэмтэж бэртсэн ажилтнууддаа болон тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа иргэдийнхээ амь насыг аврах үйл ажиллагаанд тасралтгүй хүчин зүтгэж байгаа тусламжийн, тэр дундаа эрүүл мэндийн ажилтнууддаа НҮБ-аас хүндэтгэл үзүүлдэг уламжлал тэртээ 2003 оноос хойш тогтжээ. Энэ өдрийг тохиолдуулан одоогоос 20 жилийн өмнө бусдын сайн сайхны төлөө өөрийгөө золисон ажилтнууддаа НҮБ ийнхүү эргэн дурсаж, тэдний бүтээсэн үйл хэргийг ирээдүй хойч үе маань мартах ёсгүй гэдгийг санууллаа. Мөн энэхүү арга хэмжээ нь Монгол Улс НҮБ-д элсэн орсны түүхт 60 жилийн ойн хүрээнд болж байгаагаарай онцлог байлаа. Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг уншигч та бүхэндээ удахгүй үргэлжлүүлэн хүргэх болно.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn