ТАНИЛЦ: Баян-Өлгийд нэр дэвшихээр горилогчид

1 108

Сонгууль хаяанд ирлээ. Төд удалгүй нэр дэвшигчид тодорч, сонгуулийн ажилдаа орно. Cурталчилгаа ч эхэлж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, үзэл суртлаараа өрсөлдөнө. Одоогоос жилийн өмнө шахуу нэр дэвшигчид тойргоо булаацалдах нь булаацалдан, улс төрийн "зодоонууд” ч өрнөсөөр. Тэгвэл манай сайт Улсын их хурлын 2020 оны сонгуулийн горилогчдын талаарх нийтлэлийг цувралаар та бүхэндээ хүргэж байгаа.
Энэ удаа Баян-Өлгий аймгийг онцолъё. Сүүлийн 12 жил хоёр л мандаттай байсан Өлгийчүүдийн мандатын тоо гурав болсноор өрсөлдөөн улам ч ширүүсэх шинжтэй. 
Өлгийчүүд бусад аймгаас ялгаатай нь казах түмнээ төлөөлөх эрхмийг тодруулж сонгохдоо омгийнхоо шийдвэрийг дагадаг. Омог дэмжихгүй л бол тэр хэчнээн нөлөөтэй, мөнгөтэй байгаад ч нэмэргүй. Өнгөрсөн 2019 оны статистик мэдээгээр Өлгийд 127 мянган казах иргэд бүртгэгдсэн бөгөөд үүний 40 гаруй хувийг Жантекей омгийнхон эзэлж байна. Өөрөөр хэлбэл энэ омгийнхноос нэг хүн их хуралд дэвшвэл найдвар 100 хувь гэсэн үг ээ. Энэ удаад улс төрийн лухгарууд байх уу? эсхүл залуу төлөөлөл байх уу гэдэг нь омгийн "таалал" мэдэх хэрэг. Тэгвэл олон дунд нэр дэвшихээр яригдаад буй горилогчидтой танилцъя.МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧИД:Дугаар №1 Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: Түүний хувьд хоёр удаа казах түмнээ төлөөлөн их хуралд суусан нэгэн. Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж нийгмийн тулгамдсан асуудлыг "Хар" толгойгоороо хариуцан, бодит үр дүнд хүрээд байгаа түүний рейтинг өндөр байна. Тэрээр засгийн газрын гишүүний хувьд, тойрогтоо нэр хүнд сайн байгаа энэ үед дугаар нэгт бичигдэх горилогчийн нэг мөнөөс мөн. Харин түүний хувьд "ахмад" гэдгээр нь хасагдчихгүй л бол гол өрсөлдөгч. Дугаар №2 Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан: Өлгийчүүдийг сүүлийн хэдэн жил "удирдаж" буй түүний хувьд энэ удаад их хуралд хүч үзэхээр зэхэж байна. Тэрээр засаг даргаар очсон даруйдаа халаа сэлгээ хийж, төрөл садангаа төрийн албанд "хавчуулсан", төсөл, тендертэй холбоотой бүхий л шийдвэрийг дур зоргоороо хийх болсон тухай нэг хэсэг хэвлэлээр шуугиад амжсан. Тэрээр сайд Х.Баделхантай төрөл садан бөгөөд нэг омгийнх гэдэг. Хэрэв засаг дарга сонгуульд үзнэ гэвэл нэг удмын ах дүү нар хамт нэр дэвших нь. Дугаар №3 Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан: Нутгийн зөвлөл хэр хүчтэй байхаас нутгийн өнгө харагддаг гэж ярих нь бий. Сүүлийн жилүүдэд тус аймгийн нутгийн зөвлөл хүчтэй ажиллаж, олон ч бүтээлч ажил өрнүүлсэн тухай Өлгийчүүд цахим хуудаснаа нийтэлсэн байсан. Тэгвэл нутгийн зөвлөлийг Н.Тилеухан гэх залуу тэргүүлдэг бөгөөд энэ удаагийн сонгуульд гол өрсөлдөгч болох магадлалтай гэсэн бор шувуу нисэж буй. Учир нь МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн сонгуульд багаа авч орохдоо залуучуудыг илүү дэмжиж нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Ардын намын өлгийн тойрогт Н.Тилеухан хүч үзэх магадлал өндөр байгаа бөгөөд түүний хувьд хамгийн том омог болох Жантекей омгийн хүн гэдэг. Дугаар №4 УИХ-ын гишүүн Г.Солтан: 2016 оны сонгуулиар их хуралд гарсан тэрээр ЖДҮ-чин гэх "хочтой"-гоор удаах сонгуультай золгож байна. Түүний хувьд өнөөдрийг хүртэл ЖДҮХС-гаас авсан зээлээ төлөөгүйн дээр "Би дахиж нэр дэвшихгүй ээ" гэж ам алдсан удаатай. Гэхдээ гишүүний буурь зааж намаасаа мандат авах оролдлого хийж  яваа сурагтай. Намын дарга нь ЖДҮ-чдийг нэр дэвшүүлэхгүй гэж амласан болохоор түүний хувьд 2020 оны их хурлын сонгуульд нэр дэвших магадлал нь багаслаа. Ийнхүү Монгол ардын намаас эдгээр хүмүүс нэр дэвших магадлалтай байна. Өөр бусад хүмүүсийн нэр яригдаж байгаа ч нам итгэл хүлээлгэх нь тун бага гэнэ. АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧИД:Дугаар №5 УИХ-ын гишүүн Д.Мурат: Эрхэм гишүүний хувьд энэ парламент тийм ч ээлтэй байсангүй. Нууц эрхтнээ улс орон даяар харуулах шахсан, хувийн амьдрал, эмэгтэйчүүдтэй холбогдсон явдал түүний хувьд хамгийн хар мөр болж үлдлээ. Үүнээс болж түүний рейтинг унахын зэрэгцээ олон нийт ч ийм увайгүй, таагүй үйлдэлтэй хүмүүсийг их хуралд сонгох нь битгий хэл дэвшүүлэхгүй гэх ч бодолтой байгаа. Мэдээж их хурлын гишүүнийхээ хувиар энэ удаад АН-аасаа нэр дэвшиж таарна. Гэхдээ нутаг нь түүнийг хэрхэн хүлээн авах бол. Дугаар №6 УИХ-ын гишүүн асан А.Бакей: 2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн түүний хувьд энэ удаагийн сонгуульд заавал өрсөлдөж хүчээ үзэх нь гарцаагүй. Өмнө нь хоёр удаа их хуралд суусан түүнд гурав дахь гэсэн "хувь тавилан" байх болов уу? Өлгийчүүд энэ удаад залуучуудыг дэмжих хандлага байгаа энэ үед эрхэм горилогчдод нам дэмжсэн ч нутгийн зон олон итгэл хүлээлгэхэд бэрх болжээ. Дугаар №7 Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан: Инженер мэргэжилтэй түүний хувьд улс төрийн тогоонд багагүй хугацааг үдсэн. Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан түүнийг энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэх яриа байгаа ч усанд хаясан чулуу адил нам жим байна. Түүнд намын нөхөд нь итгэл хүлээлгэсэнгүй юу эсхүл АН-даа өгөх дэнчингийн 100 сая төгрөг байсангүй юу гэдэгт учир байна. УИХ-ын 2020 оны сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг энд онцоллоо. Өмнө нь энэ аймгийг Их хуралд хоёр л хүн төлөөлдөг байсан бол энэ удаагийн сонгуульд гурван мандаттай болсноор сонгогчдын СОНГОЛТ хийх боломж улам НЭМЭГДЭЖ байна. Омгийнхоо шийдвэрийг дагадаг Казахууд үндэстний цөөнхийн төлөөлөл болж ажиллах эрхэм гишүүнээ тодруулахдаа удам судар, нэр хүнд, үүх түүх, нас гээд бүгдийг шинжиж тодруулах нь лавтай. Харин тэдний сонголт ямар байх бол? 
ТӨР.МНБ.ШҮРЭНЦЭЦЭГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn