Говь-Алтай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг ажиллаж байна

220

Цусны даралтаа тогтмол хянаснаар тархины цус харвалтыг 30 хувиар, зүрхний шигдээс болохоос 25 хувь, бөөрний архаг өвчнөөс 23 хувиар тус тус сэргийлэх боломжтойг эмч судлаачид хэлж байна. Иргэд, олон нийтийг зүрх судасны өвчин, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах  зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (ШУГТЭ)-ийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран долоо дахь жилдээ уламжлал болгон хэрэгжүүлж байна.  

Тус аяныг энэ жил 6-р сард Дундговь, Өвөрхангай, энэ долоо хоногийн эхээр Завхан аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол өнөөдрөөс хоёр өдрийн турш Говь-Алтай аймгийн ард иргэдэд хүрч ажиллахаар нээлтийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус аймгийн хувьд хүн амын тэргүүлэх таван өвчлөлд даралт ихсэлт, бөөрний сувганцрын завсрын эдийн цочмог өвчлөл, зүрхний шигдээс, ходоодны үрэвсэл, нойр булчирхайн эмгэг тус тус орж байна. Аян хэрэгжсэн өмнөх аймгуудтай харьцуулахад зүрх судасны өвчлөлийн үзүүлэлт дундаж хэдий ч нас баралтын тоогоор өндөр аж. Мөн ундны усны хатуулаг чанараас болж хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их  гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрынхан онцолж байна.

Аяны баг бүрэлдэхүүнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн туршлагатай эмч нар болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судлаач мэргэжилтнүүд, ХААН Банк сангийн ажилтнууд, мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, зураглаач нар ажиллаж буй.   

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы эхний өдөр  ШУГТЭ болон НЭМҮТ-ийнхөн хоёр өдрийн турш өдөрлөгт ажиллах орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох болон эрсдэлийг нь хэрхэн үнэлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, чадавхжуулах сургалт зохион байгуулдаг.

Аяны өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдаж, цусны даралтаа хэмжүүлэх боломжтой. Мөн цусны даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх болон зүрх судасны өвчнөөр ойрын 10 жил өвдөх эрсдэлийг тодорхойлох, бие бялдрын үнэлгээ хийлгэх юм. Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьдчилсан сэргийлэх үзлэгээр эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн иргэд болон тухайн аймгийн нэгдсэн эмнэлгээс өгсөн жагсаалтын дагуу зорилтот бүлгийн иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн үзлэг оношилгоо хийж байна.

2022 оны байдлаар Говь-Алтай аймгийн хүн амын тэргүүлэх өвчлөлийн нэгдүгээрт цусны даралт ихсэх өвчин тэргүүлж 10,000 хүн амд Жаргалан /2578.2/, Дарив /2057.2/, Чандмань/1565.1/ сумдад хамгийн өндөр байна.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Говь-Алтай аймагт энэ сарын 25-ныг дуустал ажиллах тул хэрэв та болон таны хайртай дотны хүмүүс тус аймагт ажиллаж амьдардаг бол аяны өдөрлөгийг заавал зорьж очихыг зөвлөж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү. 

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn