ХААН Банк дотоодын зах зээлд Ногоон бонд гаргахаар үнэт цаасны танилцуулгаа хийлээ

259
ХААН Банкны “Ногоон бонд хөтөлбөр”-ийг Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн 6-р сард баталсны дагуу ХААН Банк Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа Ногоон бонд олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж, үнэт цаасны танилцуулгаа хийлээ.Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн бөгөөд НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ чухалд тооцогдож байгаа билээ. Банкны системийн активын 32%-ийг дангаар бүрдүүлдэг үндэсний хэмжээнд тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх дунд хугацааны томоохон зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд урт хугацаат эх үүсвэр татахаар ийнхүү Ногоон бондын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлж байна.
ХААН Банк дотооддоо ногоон бонд гаргаснаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон бүтээгдэхүүн нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийг тэлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын шинэ боломж бүрдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгож байна.
Цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг нарны эрчим хүчний үүсгүүрээр хангаж буй ХААН Банкны Сөүл оффисын ХААН театрт болсон тус арга хэмжээнд 100 гаруй иргэн, хөрөнгө оруулагчид болон харилцагч байгууллагууд хүрэлцэн ирж, ХААН Банкны цаашдын стратеги төлөвлөгөө, ногоон санхүүжилтийн сайн жишгүүд, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хийж буй ажлууд болон нийтэд санал болгож буй үнэт цаасны талаар мэдээлэл авч, улмаар үнэт цаас гаргагч, аудит, үнэлгээ болон хуулийн зөвлөх, андеррайтераар ажиллаж буй байгууллагуудаас сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
Ногоон бондоор босгох эх үүсвэрийг зөвхөн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилготой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхээрээ онцлог юм.ХААН Банкны Ногоон бондыг олон нийтэд танилцуулж, Монголын хөрөнгийн бирж дээр анх удаа арилжаалах үйл ажиллагаанд “БиДиСек ҮЦК” ХК үндсэн андеррайтераар, “ХаанЛекс Партнерс” ХХН  хууль зүйн зөвлөхөөр, “Эвиденсе Аудит” ХХК хөрөнгийн үнэлгээ, “ПрайсуотерхаусКуперс Аудит” ХХК санхүүгийн тайлангийн аудитын чиглэлээр тус тус хамтран ажиллаж байна.
Салбартаа тэргүүлэгч, санхүүгийн хүчирхэг үзүүлэлт бүхий нээлттэй хувьцаат компанийн бондыг эзэмшсэнээр эрхэм хөрөнгө оруулагч та тогтмол өгөөж хүртэхээс гадна хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд хувь нэмрээ оруулах боломжтой.ХААН Банкны ногоон бонд авахаар сонирхож буй бол андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК болон бусад үнэт цаасны компанид хандан дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна Ногоон бондын хөтөлбөрийн үнэт цаасны танилцуулгатай ХААН Банк болон Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар орж танилцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
                                    Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn