Б.Ганхуягийг гэрчээр дуудахад Төрийн эрх барих дээд байгууллагын “бяр” дутаад байна уу?!

224


Нүүрсний сонсгол товлогдохоосоо л олны анхааралд байсан. Их ч хүлээсэн. Одоо хоёр дахь үе шат нь үргэлжилж байна. Олон нийт энэ сонсголоос “...Нүүрсний хулгай гэж чухам юу байсан бэ” гэдгийг бол мэдээд авчихлаа. Хамгийн гол нь, “...Өнгөрсөн жилүүдэд Монгол Улс яагаад хөгжөөгүй юм бэ”, “...Өнөөдөр монгол хүн ямар учраас ингэж амьдраад байна вэ” гэдгийг ч ойлгож байх шиг байна. Үнэхээр ч манай улс ийм л “тэгш бус хуваарилалт”-тайгаар 30 жил явсан байгаа юм. Нэг нь л нүүрсний хулгай гээд бод доо. Энэ хулгайн талаарх сонсгол дөхөөд ирэхээр юу болж байгааг та бүхэн харсан. Бүр яс махандаа тултал мэдэрч байгаа шүү дээ. Нүүрсний сонсголтой давхцаад бензин шатахууны хомсдол үүссэн. Цахилгаан эрчим хүний хориг хязгаар яригдсан. Гэвч хэнээс, юунаас болсон нь олдоогүй, одоо ч энэ хэвээр байна. Гэхдээ энэ бүхэн зүгээр нэг давхцал биш. Харин давхцуулсан байх магадлалтай. Ийм хардлага нийгэмд улам түгэж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр ч үүнийг бараг баталсан. Тэрбээр сонсголын өмнөхөн олон нийтийн сүлжээнд “...Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав. Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно.

Ард түмэн хэрсүү болсон. “Гөлөг төөрүүлэх” аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт. УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайч нар хүснэ. Бүү тийм ов зальд автаарай” хэмээсэн юм. Мэдээж хэрэг, маш олон улстөрч, улс төрийн бүлэглэл, тэр байтугай улс төрийн хүчний эрх ашгийг хөндөж буй учраас сонсголыг зохион байгуулах амаргүй байж таарна. Хөшигний ард юу болж байгааг одоогоор ярих хүн алга. Ер нь бол нүүрсний сонсгол хийсэн нөхдүүд улс төрийн шахалт шаардлага ихтэй байгаа нь ойлгомжтой. Тэр нь жирийн иргэдэд ирж буй “хаялга”-аас харагдаад л байна. Энэ дагуу эрж сураад, ухаж асуугаад явбал их сонин “шалтгаан”-ууд илэрч мэдэхээр юм байна лээ шүү. Өөрөөр хэлбэл, “...Энэ хулгайг сонсгохгүй” гэхдээ анхаарлыг өөр тийш татах үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй байна. Ингэсэн эзэд ч хайвал олдоно. Гэрчээр дуудагдсан этгээдүүдээс хэн нь очиж, хэн нь бултаж байгааг бүгдээрээ л харлаа. Бултаад байгаа болгоны “эрх ашиг” хөндөгдөх гээд байгаа хэрэг л дээ. Ингээд ойлгочиход хол зөрөхгүй. Тэгэхээр тэдний шууд болон шууд бус оролцоотой л Б.Энхбаяр сайдын хэлсэн “гөлөг төөрүүлэх ажиллагаа” явж байгаа бололтой. Харамсалтай нь нүүрсний сонсголыг замруулах дээрх ажиллагаанд нь жирийн иргэд самруулж байна. Нэг үгээр хэлбэл, нүүрсний хулгайн нүцгэн үнэнийг мэдэхийн тулд бид ийм хэмжээний “төлбөр” төллөө. Тэгвэл ийм өндөр төлөөстэй сонсгол бүрэн дүүрэн явагдаж байгаа юу.

Ингэж заавал асуух ёстой. Ганцхан зүйлээс бүр илэрхий мэдэгдэж байна. Нүүрсний сонсголын хамгийн гол гэрч бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг юм. Тэгсэн атал түүнгүйгээр сонсголын бараг 70 хувь нь өнгөрөөчихлөө. Түр хорооны даргын зүгээс өмнөх сонсголд, одоогийн сонсголд ч Б.Ганхуягийг “уриад” л, шүүхээс, прокуророос, ШШГЕГ-аас түүнийг “гуйгаад” байгаа юм. Гэвч бүтдэггүй. “...Боломжгүй” л гэцгээж байна. Уг нь түүнийг шүүн таслах ажиллагаа эхлээгүй. Одоогоор хэрэг явдал нь шүүхэд шилжсэн ч цагдан хоригдож байгаагаараа л бусад холбогдогч нараас ялгаатай. Тэгээд ч УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 35.1.1.Д-д “...Хянан шалгах түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна гэрчээр дуудах, гэрчээс мэдүүлэг авах, асуулт тавих эрхтэй” гэж заасан. Мөн 35.1.5-д “...Энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан этгээдэд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох саналаа хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 58.1-т “...Энэ хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нь УИХ-ын хяналт шалгалтыг тасалдуулсан бол УИХ-ын тухай хуулийн 37.9-д заасан парламентыг үл хүндэтгэх үйлдэл гэж үзэн Төрийн албаны тухай, эсхүл Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заажээ.

Угтаа энэ хяналтын сонсгол бол УИХ-ын үйл ажиллагаа юм. “…УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гээд Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заачихсан. “...Төрийн эрх барих дээд байгууллага” шүү дээ. Тэр утгаараа Б.Ганхуягийг гэрчээр ирүүлэхгүй байгаа нь “...УИХ-ын хяналт шалгалтыг тасалдуулж, УИХ-ыг үл хүндэтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй” болно. Гэхдээ “...Эдгээр үйлдлийн эзэн нь хэн бэ” гэдэг тодорхойгүй байна. Тиймээс Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр дуудахад УИХ-ын “бяр” дутаад байна уу, эсвэл шүүх “гацаагаад” байна уу гэдэг асуулт гарч ирлээ. Хариулт нэхэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 21. ПҮРЭВ ГАРАГ. № 254 (7239)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn