Б.Дэлгэрсайхан: Засгийн газрын түвшинд ярьж буй түгжрэл бууруулах шийдэл бол тунель, гүүр барих юм

8

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцаж, байр суурийг нь сонирхлоо.
-Гашуунсухайт Ганцмод боомтыг холбоход тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Гашуунсухайт Ганцмод боомтыг холбох асуудлыг сая Засгийн газрын хурал дээр ярилаа. Одоо намын бүлгүүдэд танилцуулаад УИХ-аар хэлэлцэхээр болж байна. Энэ асуудал дээр тулгамдсан зүйл алга байна. Аль аль талдаа ойлголцоод ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид та бүхэн бас нийгэмд, олон нийт ард иргэдэд бас энэ талаарх мэдээллийг хөгжил дэвшил талаас нь зөв ойлголт өгч ажиллах нь чухал байна. 
Дэлхий нийтээрээ бид дэд бүтцээ өргөжүүлж, улс хооронд холболт хийхгүй л бол цааш хөгжихгүй гэдгийг харж байна. Бид хоосон ярьж, маргаж мэтгэсээр маш их цаг хугацааг алдсан. Харин одоо ярихаа болиод ажлаа хийж, хөгжлөө урагшлуулах хэрэгтэй байна.  
-Та Бээжин хотноо олон улсын тээрийн салбарын  форумд оролцоод ирсэн. Зам тээврийг хөгжүүлэх чиглэлд урд хөрш ямар санал тавьсан бэ? 
- Бээжин хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн тогтвортой тээврийн форум”-д оролцох үеэрээ тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хоёр улсын төмөр замын хөгжилд хамтран ажиллах чиглэлд уулзалт ярилцлагуудыг хийж, холбогдох албаны хүмүүстэй санал солилцсон. БНХАУ-ын Тээврийн сайд, яам болон төмөр замын компаниуд бүтээн байгуулалтын зарим ажилд бидний саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс энэ боломжийг цаг алдалгүй ашиглаж, дэлхий нийттэй  хөл нийлүүлэн алхаж, хөгжих гарцаа нээх нь зүйтэй гэж бодож байна. 
-Богд уулыг нүхлэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Дөрвөн уулын дундах нийслэл хотоо тэлье гэж байгаа учраас Чингис хаан нисэх онгоцны буудал руугаа хоёр цаг биш 20 минут яваад очдог болъё гэсэн зорилго зорилттой ажиллаж байна. Нөгөөтээгүүр, энэ төслийг гэнэт өнөөдөр яриад байгаа юм биш. Тунел, гүүр барих төслүүд нийслэлийн түгжрэлийг бууруулах асуудалтай холбоотой яригдаж эхэлсныг та бид мэднэ. Тиймээс эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхээр ажиллаж байна.  Энэ төсөл дээр холбогдох байгаль орчны үнэлгээ судалгааг хийж байна. 
-Замын Үүд боомт дээр нүүрс тээврийн жолооч нар эсэргүүцэл зарлаад хэд хонож байгаа.  Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?
-Дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар С зөвшөөрлийн асуудлыг Зам тээврийн яам буюу Авто тээврийн үндэсний төвд буцааж олголоо. Хэрэв та бүхэн Замын-Үүдийн нөхцөл байдлыг харвал зөвшөөрөлгүйгээс үүдэн зорчигчид хил гарч чадахгүй байна. Ачаа тээвэр нэвтрэх боломжгүй хүлээгдэж байна. Ингэснээр ачаа тээврийн үнэ 2-3 дахин өссөн байна. Тиймээс зөвшөөрлийг ЗТЯ-ы харьяа агентлаг руу шилжүүлж байна. Нөгөө талаар, урд хөрш төрийн байгууллагатай гэрээ хийсний дагуу хамтран ажиллахаа илэрхийлээд байна. Өөрөөр хэлбэл, одоогийн үүссэн хүндрэлүүдийг арилгахын тулд хоёр талын төрийн байгууллагууд хоорондоо гэрээ хийж харилцах эрхийг олгосон гэсэн үг.  Энэ асуудал удахгүй жигдрэнэ. 
-Түгжрэлийн сайд байх хугацаандаа та түгжрэлийг бууруулсан гэж боддог уу? 
-Би богино хугацаанд байж болох бүхий л боломжийг эрэлхийлж ажилласан. Мэдээж нийслэлийг түгжрэлийг бууруулахад ганц салбарын сайдаас шалтгаалаад болчих зүйл биш гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Хамгийн наад зах нь тээврийн хэрэгсэл дээр шинэчлэл хийх шаардлагатай. Бид зам дээрээ багтахааргүй их машинтай болсон. Түүнийг нь шийдвэрлэхийн тулд зам барих ажлыг эрчимжүүлэхээр элдэв саад бэрхшээл мундахгүй л юм байна шүү дээ. Үндсэндээ судалгаанд үндэслэн гаргасан шийдвэрүүдийг ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. 
Нөгөөтэйгүүр хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж харсан. Дүрмээрээ зорчдог болчихвол нам зогсолт болох шалтгаан байхгүй гэж хэлмээр байна. Монголчууд цаг хожих гэж байна гээд ганцхан минутыг тэвчээд өнгөрчихгүй давж дайрсаар түгжрэл үүсдэг муу зантай гэдэгтэй маргахгүй байх. Бид нийтээрээ дагаж мөрдөх дүрэм журамтай, нийтээрээ санал нэгдэж хийсэн бүтээн байгуулалтын том ажилтай байж л түгжрэлийг бууруулж чадна. 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn