УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 29-нд товложээ
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.
Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 20-ны өдөр зарласан боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.