Хүрэл: Адуу, үхэр маллах адилхан ашиг орлоготой

4

Ноолуур үнэд хүрсэн үе хурдан өсдөг ямаа малжиж, мах үнэд хүрсэн үе үхэр, тэрчлэн бүүр махны чиглэлийн гадаадын сайн үүлдрийн үхрийг импортлон авчирч ихээр тэжээв. Нэг мэдэхэд сүүлийн үед адуу аяндаа цөөрчихсөн буюу цаашлаад зарим бүс нутагт бараа тасарчихсан байлаа. Харин өнгөрсөн зун Шилийнгол аймгийн Авга хошуугаар сурвалжлан явахдаа бид адуу голлон маллаж байгаа Хүрэлийнх гэгч жирийн нэгэн малчин айлаар айлчилсан юм.
    Авга хошууны Бэлгүдэй суурингийн Сайхантүмэн гацааны энэ айл хошууны төвөөсөө 26 километр зайтай байв. Гэрийнх нь ойр хавиар хэсэг сүрэг адуу ялаархан бэлчиж, гэрийнхээ үүдний өмнө морины хөшөө босгожээ. 
- Өвөг аав маань олон удаа түрүүлсэн хайртай ногоон морио дурсгасан юм гэж сүүлээр нь Хүрэл бидэнд сонирхуулан ярисан юм.
   
  Өдөр тутмын 200 килограмм сүү буюу 3000 орчим юаний цэвэр орлого
Манай нутагт ирсэн хүндээ хамгийн түрүүнд сүүтэй цай аягалж өгдөг бол, энэ айл бидэнд хамгийн түрүүнд цэгээ аягалж байв. Үдэд нь бид хошууны төвд очиж хооллоход бас цэгээ аягалж байсан юм. Ер нь хаана ч очсон айраг цэгээний үнэр сэнгэнэн ханхалж, Авга нутаг айраг цэгээгээрээ алдаршсан нь учиртай.
Энэ жил 38 настай Хүрэл 2007 оноос эхэлж гүү барьж саажээ. Одоогийн байдлаар 60 орчим гүү сааж байгаа бөгөөд өдөртөө дунджаар 1 гүүгээс 4 килограмм орчим сүү сааж, нийт 200 гаруй килограмм сүү нийлүүлдэг байна. Айраг цэгээгээ борлуулахдаа килограмм бүрдээ 26 юань,  хэрвээ 2 килограммаас их авбал нэг килограмм бүрдээ 24 юань болгон үнийг нь бууруулж урамшуулал хөнгөлөлттэй зардаг аж.
Ажил дээрээ туслуулж буй 6 хүнийхээ цалин хөлс, хүнээс түрээсэлсэн 330 гаруй га бэлчээрийнхээ түрээсний мөнгө, цэгээгээ хошуу хүртэл хүргэж нааш цааш очиж ирэх замын зардал, сав баглааныхаа зардал энэ тэрийг тооцож гаргавал,  өдөрт 2000-3000 орчим юаний цэвэр орлоготой гэж Хүрэл тооцоо хийж байсан билээ. Энэ жилийн байдлаар Хүрэлийнх 6-р сарын эхээс гүүгээ барьж саасан бөгөөд 8 -р сарын хорьд хүртэл саасан байна.
Хүрэлийн тооцоолсноор,  даага зарах зэргийг бодвол, нэг гүү нэг симменталь үхэр тэжээсэнтэй яг адилхан ашиг орлоготой гарчээ.


  6 гүүнээс 300 адуу хүртэл
Морь, монгол хүн хоёр онцгой хувь барилдлагатай, морь байгаагүй бол монгол хүний түүх бас өөрөөр бичигдэх боломж бүрэн байсан. Гэхдээ зах зээлийн нөлөөгөөр юм бүхнийг зоос мөнгөний нүхээр харах болсноос хойш адуу маллаад ашиг орлогогүй буюу маш бага байсан учраас олонх малчид маань зөвхөн хайр сэтгэл, дур сонирхлын үүднээс тоотой хэдхэн малладаг болсон юм.
Хүрэлийнхний тухайд хамгийн цөөндөө 2005, 2006 оны үеэр 6 гүүтэй л байжээ. Хуримласныхаа дараа гэргий Болорынхаа өмчид ирсэн малтай нийлүүлээд хамгийн анх 2007 онд 15 гүү барьж саажээ. 
- Гүү саахгүй бол монгол адуунаас олох юм байхгүй. Тэр үе бид бас өдөртөө 50 гаруй килограмм сүү саагаад хэдэн зуун юаний цэвэр орлоготой байсан гэж Хүрэл ярьж байв. Гүү саагаад ашиг хүртэж үүний цаана арилжааны тохиол байгааг олж анзаарсан Хүрэл адуу малаа өнөр өсгөснөөр, 2022, 2023 оны үеэр адууныхаа тоог хамгийн олондоо бүүр 300 хүргэж байсан удаатай. Сүүлээр нь мал бэлчээрийнхээ тэнцвэрийг хадгалж бэлчээрээ хамгаалахын тулд нэг хэсгийг нь зараад, адууныхаа тоог 200 гаруйд тогтворжуулж,  шөлний хонь, үхэр гэж цөөн тооны мал байгааг эс тооцвол одоо адуу голлон маллаж байгаа юм байна.

  
   Нутаг усандаа хамгийн эрт машинаар сааж байв
Гүү сааж цэгээ борлуулаад 10 жилийнх нь дараа тухайлбал 2017 онд Хүрэл сав баглаагаа сайжруулж “Хаан цэгээ” шошгоо бүртгүүлжээ. Шошго тэмдэгтэй болчихвол олон нийтэд танигдахад илүү нэмэртэй аж.
Үүнээс гадна, тэрээр бас маш олон дэд бүтцийн бүтээн байгуулалт хийжээ. Гэрийнхээ гадна хэдэн гэр босгож, хотын хүмүүс хөдөө ирж айраг цэгээ уухад зориулсан бөгөөд хошууны төв дээр цэгээ борлуулах газраа баар маягаар засан чимэглэж,  бараа бүтээгдэхүүнийг нь бүрдүүлж байх зуур хэрэглэгчийг тавтай тухтай суугаад хүлээх, эсвэл хэдүүл орж ирээд айраг цэгээ ууж наргин хөөрөхөд тохитой болгожээ.
Нүдэнд хамгийн түрүүнд ил тусах нь гаднаа барьсан хөх дээвэртэй уужим их хашаа саравч байлаа. Гадна 38, 39 хэм халуун, нар шарж байхад саравч доор сүүдэртэй, зарим унага хөндлөн гулд хэвтэж байх нь тавтай тухтай байгаагийн илрэл байв, Хүрэл бас хааяа ус сүршин газраа усалж шороо тоос дэгдэн бужигнахгүй, улам сэрүүн чийглэг болгож байв. Ялангуяа, энэ хашаа саравч наранд шарагдаж, бороонд норж, жавар салхинд ажил саатахаас сэргийлэх төдийгүй, дотор нь бас тасалгаа зохиосон нь гүүгээ хашиж унага татахад цаг, хүний хүч арвилан хэмнэдэг байна.
Гүүнүүдээ шөнө нь бэлчээгээд өглөөний тав, зургаан цагийн үед хураан авчраад өдөржин уяж,  2 цаг алслах бүрд 1 удаа сааж 4 удаа саагаад, үдээс хойш 5, 6 цагийн үеэр дахиад бэлчээрт гаргадаг аж. Өөр ямар ч тэжээл өгдөггүй, энэ нь зардал хэмнэж хөдөлмөр хэмнэх төдийгүй, сүү цэгээнийхээ байгальлаг эког батална.
Харин залуу хүн байж яагаад машинаар сааж хөдөлмөр хүч хэмнэхгүй байгаа юм бэ гэж сониучирхсанд:
- Манайхан 2019, 2020 онуудад он дараалан машинаар сааж байсан, нутагтаа манайх чинь хамгийн эрт машинаар саасан айл л даа. 2 жил машинаар саасан байдлаасаа үзэхэд, гараар саах нь илүү олон ажилтай, хүн хүч илүү шаардлагатай боловч гүүгээ ивэлгэж сүү илүү саадаг, унагаа ч ногт зэлэнд илүү дасгаж сургаад авах сайн талтай гэж Хүрэл ярьж байсан юм.

Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр
Сэтгүүлч : Ё.Хишигбаяр Ц.Урантунгалаг С.Урьхан Н.Цовоо

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn