М.Эрдэнэбат: МҮОНРТ 20 эсвэл 2 жил ажилласан хэн нэгний бус Монголын өмч, ард түмний өмч

670

 

МҮОНРТ-ийн хамт олны зөвлөл, үйлдвэрчний эвлэлээс уран бүтээлчдийн эрх ашиг хөндөгдөж буй тул захирлын зөвлөлийг огцрохыг шаардсан хэвлэлийн хурал хийж, цахим орчинд олон шүүмжлэл, маргаан дагуулж буй. Энэ асуудлаар МҮОНРТ-ийн Программын нэгдсэн хэлтсийн дарга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Магваны Эрдэнэбаттай ярилцлаа.

-        МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажиллагсдын төлөөлөл Ерөнхий захирал Л.Нинжжамц, Захирлуудын зөвлөлийг удирдлагын ёс зүйгүй, уран бүтээлчдийн эрхэнд халддаг зэрэг асуудлаар хэвлэлийн хурал хийж, шаардлага хүргүүлсэн?

-        Радио, телевизийн хамт олны зөвлөлөөс хийсэн мэдэгдэл, үүнийг тойрсон маргаан, талцлыг цөөн хүний  ухамсаргүй үйл ажиллагаа гэж харж байна. Асуудал ийм зүйлээс эхэлсэн. МҮОНРТ төсвийн дэмжлэг, хураамжийн орлого, зар сурталчилгааны орлого гэсэн эх үүсвэрээс орлогоо бүрдүүлдэг, үйл ажиллагааныхаа санхүүжилтийг гаргадаг. Энэ жилийн хувьд урьдчилан тааварлаагүй нөхцөл үүслээ. Цар тахал, хөл хорионоос үүдсэн эдийн засгийн хүндрэлтэй бид бүгд тулж байна. Ийм нөхцөлд МҮОНРТ-ийн төсвийн дэмжлэг болох 5.2 тэрбум төгрөгийг Сангийн яамныхан танах шийдвэр гаргасан учир  ажилтнуудад олгодог байсан  цалингийн 20 хувийн нэмэгдэл урамшууллыг танасан. Энэ асуудлаас үүдээд хэсэг бүлэг хүн уран бүтээлчид, хамт олны нэрийг барьж үйлдвэрчний эвлэл, ажилтан, уран бүтээлчдийн гарын үсэг цуглуулж, улмаар ийм ташаа мэдээлэл түгээж байгаа юм. Үүний цаана тодорхой ашиг сонирхолтой 2-3 хүн бий.

-        Удирдлага ёс зүйгүй, уран бүтээлчдэд дарамт үзүүлдэг, бүтээж туурвих эрх чөлөөг нь хязгаарладаг гэсэн асуудлыг ярьсан. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-        Би энэ хамт олны нэг эд эс болж ажиллаад 26 дахь жилийг үзэж байна. Уран бүтээлчийн хувьд ч, хүнийхээ хувьд ч өсөж өндийж өдийг хүрлээ. Энэ хамт олон, энэ  байгууллага өөрөө 53 жилийн түүхтэй. Ахмад уран бүтээлчид, ажилтнуудын үед ч, бидний үед  ч байсаар ирсэн дэг журам, замбараа, школ бий. Бид ахмад уран бүтээлчдийн үгийг сонсож, хийсэн бүтээснээр нь хүндлэн, ах захтай байж ажиллаж ирсэн. Тэглээ гээд бидэнд эрх чөлөөгөө хязгаарлуулсан зүйл байгаагүй. Хорин жил ажилласан хүний туршлага, уран бүтээл, ажлын арга барилыг хоёр жил ажилласан хүнийхтэй нэг жин дээр тавьж тэнцүүлж болохгүй шүү дээ. Эрх чөлөөтэй байна гэдэг цээжээ дэлдэх, зиндаархах, мөчөөрхөхийг хэлэхгүй. 700 гаруй хүн нэгдэж ажиллахад тодорхой хэмжээний сахилга бат, дэг журам хэрэгтэй.Хэн ч дур зоргоороо, хувь хүнийхээ үүднээс асуудалд хандах ёсгүй. Аль ч байгууллагын ажилтан дүрэм журмын дагуу хүлээсэн үүрэг, хариуцлага бий. Түүнээс давсан, хүмүүн бусын хандлага гаргаагүй. Ёс зүй, хүндлэл гэдэг зүйл байгууллагад ч, гэр бүлд ч байх ёстой.

-        Уран бүтээлд цензур хяналт тавьдаг, нэвтрүүлгийн зочдыг хянадаг гэж мэдэгдсэн шүү дээ?

-        МҮОНРТ уран бүтээлийн ч, бас хэвлэл мэдээллийн ч байгууллага. Хэвлэлийн нийгэмд гүйцэтгэж байгаа, гүйцэтгэх ёстой үүрэг гэж бий. Дээр нь бид олон нийтийн байгууллага. Олон нийтийн, үзэгчдийн, Монгол Улсын эрх ашиг энд яригдана. Тиймээс хүн болгон нь дурын хүнийг нэвтрүүлэгт уриад, юу хүссэнээ ярих боломжгүй. Үүнийг хянах, зангидахын тулд шат дараалсан хариуцлага хүлээсэн хүмүүс ажиллаж, удирдаж байна. Бодлого боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлж байна. Алдаа гаргавал, нийтийн эрх ашиг, ёс зүй, үнэт зүйлд халдвал, хэн нэгний эрх ашиг шургалбал удирдлага л хариуцлага хүлээнэ. Угаасаа аль ч улсын олон нийтийн  телевизэд ийм л жишиг байдаг. Хэн нэгний эрх ашигт үйлчлэх, гуйвах, туйшлрах эрхгүй шүү дээ. Үнэхээр уран бүтээлчийн хувьд гадуурхсан, эрх чөлөө боомилсон асуудал байгаа бол үүнийг шалгах, хариуцлага тооцох байгууллага, тогтолцоо нь байна. 

-        Сувгуудын асуудлыг хөндсөн. Таван сувгийн хөтөлбөрүүд давхарддаг, ийм олон суваг нээж байгаа нь цаашдаа хувьчлах боломжийг бүрдүүлж байна гэж тэд ярьж байгаа. Тийм асуудал байгаа юу?

-        Би дээр хэлсэн. Цар тахал, хөл хорио гээд тааварлаагүй нөхцөл байдал үүслээ. Программын нэгдсэн хэлтсийг хариуцан ажиллаж байгаагийн хувьд хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна. Нэгдүгээрт, цар тахлын болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд хөл хорионы дэглэм тогтоосон. Олон хүн цуглуулж, нэвтрүүлэг хийх, олон нийтийн газар зураг авалт хийх боломж хумигдсан. Бид дүрэм журмыг дагахаас аргагүй. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд бидний ажил явж байх ёстой, нэвтрүүлэг гарч байх ёстой. Ийм нөхцөл байдлаас үүдээд сүлжээгээ барих боломж хомсдож байгаа юм. Тэгээд  нэвтрүүлгүүд, контентыг давтахад хүрсэн.

Хоёрдугаарт, улс орны мэдээллийн гол суваг, олон нийтийн, улсын телевиз бүгд төрөлжсөн байдаг. Арилжааны телевиз, бизнесийн байгууллагаас өөр зарчим энд үйлчилнэ. Гадаад хэл дээрх суваг, гэр бүлийн суваг, спортын суваг гэж төрөлждөг. Энэ нь жишиг, стандартын дагуу бид явж байгаа. Шинэ тутам сувгуудаа хөгжүүлэх, таниулахын тулд бид гол сувгуудаар контент, нэвтрүүлгээ хүргэж таниулах менежмент хийдэг.

-        Та энэ байгууллагад, олон жил ажилласан хүн. Бас Л.Нинжжамц захирлын зөвлөлийн гишүүн шүү дээ?

-        Энэ хамт олон, энэ байгууллагын нэгэн эсийн хувьд дотор нь юу болж, юу нь болохгүй байгааг би харж л байна. Удирдах багийн бүрэлдэхүүнд 3-4 жилийн хугацаанд ажиллалаа. Юм гэдэг хоёр талтай. Л.Нинжжамц ажлаар шахдаг уу, шахдаг. Шаардлага тавьдаг уу, тавьдаг. Гэхдээ энэ хугацаанд бас чамгүй олон зүйл хийлээ. Телевиз маань HD формат руу шилжлээ, өнгө зүсээ заслаа, төрөлжсөн сувгууд нээлээ. Техникийн шинэчлэл хийсэн байна. Өнгө зүсээ тордлоо. Ажилтнуудын цалинг шатлалтайгаар нэмлээ. Энд буруу юу хийсэн юм бэ? Энэ бүхнийг эсвэл хийх ёсгүй байсан уу?

-        Энэ шүүмжлэл, шаардлагыг тавьсан уран бүтээлчдийг ахмад уран бүтээлчид, энд ажиллаж байсан хүмүүс дэмжиж байгаагаа илэрхийлсэн шүү дээ?

-        Энэ телевиз, энэ байгууллага хэний ч өмч биш. Өмч гэвэл Монголын, ард түмний л өмч. Би энэ байгууллагад өчнөөн жил ажиллалаа. Гэхдээ миний телевиз гэж хэлэхгүй. Олон нийтийг төөрөгдүүлсэн, уран бүтээлчдийн нэр барьсан энэ явуулгыг дэмжиж байгаа хүмүүс чухам юу болж байгааг мэдэхгүй, сэтгэл хөөрлөөр хандаад байж магадгүй харагдаж байна. МҮОНРТ-д 20 жил ажилласан ч бай, хоёр жил ажилласан ч бай, энэ хамт олны, байгууллагын, хийдэг уран бүтээлийнхээ нэрийг ийм зүйлд ашиглах нь зохимжгүй. Ингэтлээ явцуурч болохгүй шүү дээ. Юм илааршина, эрх ашиг, тодорхой зорилго үгүй болно. Гэтэл бид дахиад бие биенийхээ нүүрийг харна. Ийм явцуу асуудалд ахмад уран бүтээлчид, олон нийтийг турхирах нь ичгүүргүй,  ёс зүйгүй, бас хортой.

Өмнө нь ч удирдлагатай холбоотой ийм асуудал гарсаар ирсэн. Уран бүтээлчид, ажилчид ийм хэл аманд голчтой ханддаг, төдийлэн хутгалдаггүй. Тиймээс л яг хамт олон, уран бүтээлчид биш, энд ажиллаж байгаад гарсан, ахмад уран бүтээлчид, хөндлөнгийн хүмүүс энэ талаар сэвээд байна.

-        Удирдах албан тушаалтнуудын цалин, урамшууллын асуудал бас гарсан. Жирийн уран бүтээлчид маш бага цалин авч байхад захирал, дарга нар их цалин, урамшуулал авдаг гэлээ. Таны цалингийн хэмжээ ч тэнд байсан. Энэ талаар?

-        Захирлын зөвлөлийн гишүүдэд байгууллагадаа орлого олох норм бий. Бид байгууллагын үйл ажиллагаанд нэмэр болох орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Засгийн газрын агентлаг байхад ч ийм байсан, одоо ч өөрчлөгдөөгүй. Орлого олсон тохиолдолд үнийн дүнгийн таван хувийн урамшуулал авдаг. Ийм жишиг байгууллага бүрт бий байх. Дүрмийн дагуу авсан урамшуулал нь тэр байсан. Ганц би ч биш, орлого оруулсан хүн бүр дүрэмд заасан урамшууллаа авсан. Уран бүтээлч, ажилчдын цалинг сүүлийн 2-3 жилд шатлалтайгаар нэмсэн шүү дээ.

-        Энэ яригдсан бүх асуудлыг олон нийтийг талцуулахаас өмнө, дотроо шийдэх боломж байгаагүй юм уу?

-        Удирдах ажилтан ч, уран бүтээлч ч энд үүрэг хүлээгээд, хууль дүрмийн дагуу ажиллаж байгаа. Дээр дурдсан асуудлуудыг гаргаж тавих, хэлэлцэх, шийдвэрлэх, үгүй бол шүүх цагдаа, авлигатай тэмцэх газар, хүний эрхийн байгууллагад хандаж болох байсан. Яагаад яг одоо шуугиад байна вэ? Хууль дүрэм, журмын дагуу шийдвэрлэж болох атал уран бүтээл, хамт олон, байгууллагынхаа нэр хүндийг гишгэж, далайлгаад байна вэ? Уран бүтээлч ч үгүй, нэр хүнд ч үгүй, тэмцэгчдийн байгууллага болох юм уу? Ийм ухвар явуулга цаана зорилготой, эрх ашгийн төлөө зүйл гэж би харж байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn