Өмнөговь сумын Орлого багийнхан дархлаажуулалтад хамрагдлаа

0
Тус аймгийн Өмнөговь сум нь 4774 хүн амтай, 200 гаруй мянган мал сүрэгтэй тус аймгийн томоохон сумдын нэг юм. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус сумын 18-аас дээш насны 2730 иргэнийг коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж байна. Одоогоор вакцины эхний тунг 1172, 2 дахь тунг 150 хүн хийлгэсэн бөгөөд 48,4 хувьтай байна.
Өмнөговь сумын ЗДТГ-аас Эрүүл мэндийн төвтэй хамтран Увс нуурын хөвөө чиглэлд Явуулын нэг цэгийн үйлчилгээг гарган, малчдыг дархлаажуулалтад хамруулах ажлыг дөрвөн хоногийн хугацаатай зохион байгууллаа. Энэ чиглэлд Өмнөговь сумын Орлого багийн малчид ихэвчлэн отроор нүүдэллэдэг байна. 
Энэ сарын 14-ний өдөр Хөвийн худаг гэх газарт буудалласан тус сумын Явуулын нэг цэгийн үйлчилгээн дээр очиж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.  
-Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзий:
Өмнөговь сумын ард иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажил 6 дахь хоног дээрээ явж байна. Өнөөдөр Орлого багийн малчид вакциндаа идэвхтэй хамрагдаж байна. Сумын ЗДТГ-аас малчид, ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Явуулын нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна. Цар тахлаас хамгаалах хамгийн найдвартай арга бол вакцин юм. Иймээс ард иргэд дархлаажуулалтдаа ирж хамрагдаарай. 
Энэ жил манай суманд хаваржилт сайхан болсон. Цас, бороо ахиу орж, газарт чийг сайн өгсөн болохоор өвс ногоо сайн гарах байх. Одоогоор манай суманд бог мал 90 хувь, бод мал 40 хувьтай төллөөд байна.
-Өмнөговь сумын Орлого багийн Засаг дарга Л.Болдхүү:

Манай баг 330 өрх, 1417 хүн ам, 86676 толгой малтай, Увс аймгийн хамгийн том баг. 
Хөвийн эхэнд гэр бариад малчдаа дархлаажуулалтад хамруулах ажлыг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Манай багт 18-аас дээш насны 766 хүн вакцинд хамрагдах ёстой. Одоогоор 180 гаруй хүн хамрагдаад байна. 
Ченжүүд малчдын хотонд ирж нэг кг ноолуурыг 120 мянган төгрөгөөр авч байна. Энэ жил ноолуур үнэтэй гарсанд малчид баярлаж, өр зээлээ хаагаад сэтгэл санаа өөдрөг байгаа.
Миний аав Лхагвасүрэн Орлого багийн Засаг даргаар 8 жил, ИНХ-ын даргаар 8 жил, нийтдээ 16 жил энэ багийн төлөө ажилласан. Аавынхаа үргэлжлэл болж өнгөрсөн 3-р сараас эхлэн Орлого багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаадаа баяртай байна.
Орлого багийн малчдыг санхүүгийн эрсдэлээс хамгаалах, багийн хуримтлал үүсгэх дадал эзэмшүүлэх зорилгоор багийн санг 5 жилийн өмнө үүсгэсэн. Одоогоор багийн сан 148 ямаа, 2 сая 270 мянган төгрөгийн хуримтлалтай болсон байна. Багийн сангийн хөрөнгийг нийтийг хамарсан арга хэмжээ, өдөрлөг зэрэг хүн амд чиглэсэн тодорхой үйл ажиллагаанд зарцуулдаг. Анх нэг өрх нэг ямаа, эсвэл 20 мянган төгрөг өгч багийн санг бүрдүүлсэн. Тухайн үед цугласан малыг нэг малчинд хариуцуулдаг байсан бол одоо хоёр малчинтай болсон. Эдгээр айлууд сангийн малыг малласан хөлсөндөө сар тутамд 50 мянган төгрөг авахаас гадна жил бүр ноолуураас ашиг хүртдэг. Энэ жилийн тухайд багийн сангийн ямаанаас 40 гаруй кг ноолуур гарч, санд 5 сая төгрөг нэмэгдсэнээр нийт 7 сая төгрөгтэй болсон. 
Багийн сангаас гадна малчид өөрсдөө нийлээд малчдын бүлэглэлтэй болж, хуримтлал үүсгэдэг. Одоо манай багт 5 бүлэглэл байгаа бөгөөд зарим нь бүр 10 сая төгрөгийн хуримтлалтай болсон. Хуримтлагдсан мөнгийг санхүүгийн эрсдэлийн үед зарцуулахаас гадна малчид банкны өндөр хүүтэй зээл авахгүйгээр бүлэглэлийн хуримтлалаасаа хүүгүй зээлэх боломжтой байдаг. Мөн бүлэглэлд элсээд малтай болсон хүн ч бий.
Малчдыг вакцинжуулах Явуулын нэг цэгийн үйлчилгээнд зориулж багийн сангаас дэмжлэг үзүүлснээс гадна малчин Б.Нямсамбуу хонь хандивласан. Мөн хоол хүнсний дэмжлэгт Төрийн банкны салбарын захирал Д.Шагдарсүрэн 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар мөн хувиасаа дэмжиж тусалсан. Эдгээр хүмүүстээ багийнхаа ард иргэдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн цар тахлын энэ хүнд үед малчдыг дархлаажуулалтад хамруулсан сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд баярлалаа.
-Орлого багийн малчин С.Бямбажав:

Энэ жил сайхан жил болж өнгөрлөө. Одоо зуны дэлгэр цаг ирж байгаа болохоор өвс ногоо гарч, хүн, малын зоо тэнийх байх аа. 
Сумын хэмжээнд коронавирусний халдварын эсрэг вакцин хийж байна, хөгшин залуу гэлтгүй бүгдээрээ идэвхтэй хамрагдаарай гэж хэлэх байна. 
Төр засгаас ард иргэд биднийгээ дэмжиж, маш их дэмжлэг өгч байгаад баяртай байна. Гэхдээ хэтэрхий их харамж өгөөд байхаар хүмүүс залхуу болдог талтай тул цаашдаа бодууштай. Хөдөөний малчид бид чинь таван хошуу малаа хариулаад гэдэс цатгалан, мөр бүтэн амьдраад ирсэн хүмүүс. Харин тэр хот газарт халдварт өвчин гарсан болохоор хэцүүдэж байх шиг байна.  
Энэ жил 1 кг ноолуур 120 мянган төгрөгийн үнэтэй гарч байгаа нь малчдын амьдралд их дэм тус болж байна. Хамгийн багадаа л гэхэд 2 сая, тэгээд түүнээс дээш төгрөгийн ноолуур малчид өгч байна. Өдий 71 нас хүртлээ ийм өндөр үнээр ноолуур гарч байхыг үзээгүй. Малчдын маань хөдөлмөр бодитоор үнэлэгдэж байгаад баяртай байна.
-Орлого багийн малчин Г.Нэргүй:

Өнөөдөр коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдлаа. Биед ямар нэгэн өөрчлөлт гарч, сөрөг зүйл ажиглагдсангүй. 
Энэ жил манай багт өвөлжилт, хаваржилт сайхан боллоо. Энэ сар гараад цас, бороо их орсон. 
Малчин эмэгтэй хүний хувьд жилийн дөрвөн улиралд өдөр бүр цаг наргүй ажилтай байдаг. Би 20 гаруй жил мал маллаж байна. Малаа маллаад явахад сэтгэл тэнүүн, жаргалтай сайхан байдаг юм. 
Манайх 6 хүүхэдтэй. Би “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой. Том хүү маань цэрэгт явсан. Дараагийн охин оюутан, бусад нь сурагч. Сүүлийн хоёр жил хичээл сургууль олигтой орохгүй байгаа болохоор гэртээ байж малын ажилд их дэм тус болж байна. Хүүхдүүд маань цахим хичээлийг тэр бүр сайн хийж чадахгүй, ойлгохгүй байна гэсэн. 
-Орлого багийн малчин Ц.Ичинхорлоо:

Өнөөдөр манай багийн малчид цар тахлын эсрэг вакциндаа хамрагдлаа. Би өглөө эрт ирж вакцин хийлгэсэн, биед ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. 
Энэ жил сайхан өвөл, хавар болсонд малчид бид баяртай байгаа. Харин сүүлийн хэд хоногт цасан шуурга шуураад хэцүүхэн байлаа. Манайх 900 гаруй малтай, үүнээс 400 орчим нь төллөнө. Өнгөрсөн өвөл “Сумын аварга малчин” болсон. Мал маллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл байхгүй ээ. Харин байгалийн гэнэтийн үзэгдлийн үеэр л хүн хүч муутай болохоор бага зэрэг хэцүүддэг. Манайх гурван хүүхэдтэй, хамгийн бага нь нэг нас таван сартай. Энэ жил ноолуур үнэтэй гараад сайхан байна.
-Өмнөговь сумын Татварын улсын байцаагч Ж.Галбаатар:
Жил бүрийн 5-р сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд малчид, ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Явуулын нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байна. Энэ хүрээнд Өмнөговь сумын Татварын улсын байцаагч Ж.Галбаатар миний бие, Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Янжиндулам, газрын даамал Б.Амарсайхан нарын хамт хөдөөгийн багуудад ажиллаж байна. 
Бид Увс нуурын хөвөө болон Хөвийн худагт хаваржиж буй малчин өрхүүдэд газар, нийгмийн даатгал, татварын чиглэлээр хэрэгцээт үйлчилгээг үзүүллээ. Нийтдээ170 гаруй иргэнд хүрч үйлчилсэн, үр дүнтэй ажил болсонд сэтгэл өндөр байна. Энэ үеэр малчид санал бодлоо илэрхийлж, сонирхсон үйлчилгээгээ авахын дээр эрүүл мэндийн зөвлөгөө авч, дархлаажуулалтад хамрагдсан гээд олон талын үр ашигтай ажил болж байгаад ард иргэд ам сайтай байна. 
Энэ оны 1-р сарын 1-нээс эхлэн малын хөлийн татвар авах шийдвэрийг сумын ИТХ-аар гаргаж, хувь хэмжээг тогтоож өгсөн. Бод малаас 200 төгрөг, бог малаас 100 төгрөгийн татвар авч байгаа. Мөн малчдын өвөлжөөний зориулалттай газрыг 800 метр квадратаар тооцож 4800 төгрөг, хаваржааны газраас 4200 төгрөгийн татвар авдаг. Байгалийн дагалдах баялаг ашигласны төлбөр гэж сумын өрх бүр 3000 төгрөгийн хураамж төлж байгаа. Нэг малчин өрх малын тооноос шалтгаалан жилд дунджаар 20-180 мянган төгрөгийн татвар төлж байна. Энэхүү татварын орлогыг эргүүлээд малчдын хэрэгцээтэй зүйлс болох худаг ус гаргах, бэлчээр нэмэгдүүлэх, мал сүргийг дархлаажуулалтад хамруулах зэрэг ажилд зарцуулах юм.
-Өмнөговь сумын ЭМТ-ийн дарга Ч.Өргөжих:
Өмнөговь сумын Эрүүл мэндийн төв 4774 хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Сумын хүн амыг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг явуулын хэлбэрээр зохион байгуулж байна. Өнөөдрийн хувьд Орлого багийн 180 малчныг вакцинжуулалтад хамруулаад байна. Тус багт 18-аас дээш насны 766 иргэн байгаа. Вакцин хийлгэсэн иргэдийн биеийн байдал хэвийн, хариу урвал илрээгүй. Өндөр настай иргэдийн хувьд улирлаас шалтгаалан архаг хууч өвчин сэдрэх, биеийн байдал тогтворгүйжих эрсдэлтэй учир анхаарал тавьж байна. 
Сумын хэмжээнд вакцины 2 дахь тунг 5-р сарын 26-наас хийж эхэлнэ. Бид иргэдийг бүрэн вакцинжуулахын тулд амралтын өдөр харгалзахгүй ажиллаж байгаа.
Цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед иргэд дор бүрнээ хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих шаардлага тулгарч байна. Манай Эрүүл мэндийн төвийн хувьд шат шатны онцгой комисс, холбогдох дүрэм журам шаардлагыг тухай бүрд нь дагаж мөрдөн ажиллаж байна. 
Өмнөговь сумын хувьд Улаанбаатар хот хооронд автобус явдаг болохоор эрсдэл ихтэй байдаг. Үүнийг дагаад ажлын ачаалал, хариуцлага бидэнд нэмэгдэж байна. Хөл хориог чангатгасантай холбоотойгоор өмнөх үетэй харьцуулбал сүүлийн 7 хоногт зорчигчдын тоо багассан.
Ташрамд дурдахад, Өмнөговь сумын Эрүүл мэндийн төв нь 34 ажилтантай. Манайх 18 ортой эмнэлэг бөгөөд өдрийн хоёр ортой. Өмнө нь сум дундын эмнэлгийн статусаар ажиллаж байсан. Харин зэрэглэлээр ангилдаг болсноор үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Одоогоор мэс заслын эмч дутагдалтай байгаа.
Өмнөговь сумын ард иргэдийн дунд даралт ихсэх өвчин түгээмэл байдаг. Анх намайг энд ажиллах эхлэх үед 4500 хүн амд даралт ихсэх өвчин 190 байсан одоо 277 болж өссөн. Энэ өвчин залуужаад жил тутамд нэмэгдэж байна гэсэн үг юм.
Цаашид эрсдэлт бүлгийн хүн амд хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг хүртээмжтэй зохион байгуулна. Ингээд цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсад та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn