Г.Болор-Эрдэнэ: Сонгуулийн бүх хэсэг дээр гар тооллого хийнэ

0
Аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэтэй цар тахлын үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.

-Аймгийн сонгуулийн хороо одоогоор ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?
-Увс аймгийн хэмжээнд 92 хэсгийн хороогоор дамжуулж Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авахаар бэлтгэл ажлаа хийж байна. Бид сумдын сонгуулийн хорооны гишүүдтэйгээ 2 удаа цахим хурал хийж, энэ удаагийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн. 
Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн сонгуулийн хорооны гишүүдтэй гурван удаа цахим хурал хийсэн. Энэ хүрээнд бид Монгол Улсын Засгийн газраас болон Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоол, шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Аймгийн сонгуулийн хороо чиг үүргийнхээ дагуу нэр дэвшигчдэд ард иргэдтэй уулзалт зохион байгуулах байр бэлдэж өгөх ёстой. Энэ хүрээнд аймгийн Спорт хорооны байранд уулзалт хийх хуваарь гаргаж, намуудад хүргүүлсэн. Одоогоор Увс аймагт 2 нэр дэвшигч хүрэлцэн ирж, хуваарийн дагуу уулзалтаа хийгээд байна.

-Аймгийн сонгуулийн хороонд тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Одоо бидэнд санал авах маш чухал үйл ажиллагаа үлдсэн. Улаанбаатар хотоос сонгуулийн санал хураах хар машин, саналын хуудас болон бусад тоног төхөөрөмжийг татан авсан. Мөн 92 хэсэг тус бүрт 92 хяналтын камер ажиллуулна. Бид энэхүү тоног төхөөрөмжөө авч ирээд аймгийн Тагнуулын газрын хяналт дор хадгалж байгаа. 6-р сарын 3-5-ны хооронд сумдад хүргэж, Хэсгийн хороодод байршуулна. Аймгийн сонгуулийн хорооны дэргэд технологийн баг ажиллаж байгаа бөгөөд тэдгээр хүмүүс тоног төхөөрөмжүүдийг Хэсгийн хороодод байршуулах ажлыг зохион байгуулна.
-Цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ?
-“Ковид-19” цар тахалтай холбоотойгоор 2021 оны 5-р сарын 19-ний өдөр Түр журам батлах тухай Засгийн газрын 152 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолоор цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах талаар маш нарийн зааж өгсөн байгаа. Урьдчилан сэргийлэх түр журмын 1 дүгээр хавсралтад сонгуулийг яаж зохион байгуулах, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах, хэсгийн хороодыг хэрхэн ажиллуулах, зөөврийн хайрцгаар урьдчилан санал хураалтыг яаж авах гэх мэт бүх заавар журмыг заагаад өгчихсөн. Хамгийн наад захын жишээ гэхэд хүн бүр амны хаалт зүүсэн байх, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх, биеэр хүрэлцэхгүй, гар барихгүй байх гэх мэт маш нарийвчилсан заалтуудыг журамд заасан. Иймээс манай сумдын сонгуулийн хороо, хэсгийн хороод энэ журмыг маш нарийн баримталж ажиллана. Заавар зөвлөмж болон хамгаалалтын зарим зүйл нь хэсгийн хороодод хүргэгдсэн. 
-Энэ жилийн сонгуулийн онцлог юу вэ?
-Энэ жилийн сонгуулийн онцлог гэвэл санал хураалтын бүх хэсэг дээр 100 хувь гар тооллого хийнэ. Хэдий хар машинаар санал авч байгаа ч гараар давхар тоолох юм. Мөн санал өгсөн бүх хүмүүсийн хуруун дээр тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн хуулиар нэмэгдсэн эдгээр зүйлсийг хийхээр бид бэлтгэл ажлаа хангаад явж байна. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сонгуулийн хэсгийн хороодод сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуулийн хугацаанд нь хүргүүлсэн. Тэгэхээр иргэд өөрийн нэрээ хэсгийн хорооны бүртгэл дээр байна уу үгүй юу гэдгээ асууж мэдэх, мөн өөрсдөө цахимаар ороод шалгах бүрэн боломжтой.
Мөн 152 тоот тогтоолд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах зарчмуудыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал нэр дэвшигчийн ухуулах байранд халдварын дэглэмийг хэрхэн баримтлах, яаж зохион байгуулах гэх мэт. Түүнчлэн санал авах байранд сонгогчийг цар тахлын халдвараас хэрхэн хамгаалах, санал авах явцад сэжигтэй тохиолдол илэрвэл ямар арга хэмжээ авах, эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах, зөөврийн хайрцгаар санал авах хүсэлтийг хэрхэн гаргах гэх мэт маш нарийн заалтуудыг заагаад өгсөн. 
Тэрчлэн хуулийн дагуу сонгуульд ажиллах менежер, шадар туслах, мөн автомашины зөвшөөрлийг олгоод байна. Сумын сонгуулийн хорооноос суманд ажиллах менежер, шадар туслагч, ухуулагч нарын үнэмлэхийг энэ сарын 25-наас олгож эхэлсэн.  
-Аймгийн хэмжээнд хэчнээн сонгогч байгаа вэ?
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Увс аймгийн 52493 сонгогч санал өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалт гарсан.
-Улаанбаатар хотоос ирж байгаа иргэд 7-14 хоног гэрийн ажиглалтад байх ёстой. Гэтэл нэр дэвшигчдэд тийм боломж байхгүй. Энэ эрсдэлийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Нэр дэвшигчид болон хамт яваа хүмүүс нь вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон, үндсэндээ цар тахлын эрсдэлээс гарчихсан гэсэн утгаар Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу шууд ирээд уулзалтаа хийгээд явж байгаа. Гэхдээ бид уулзалт хийж байгаа намуудад халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн барих талаар чиглэл өгсөн. Тухайлбал, уулзалт хийх байраа ариутгах, зай барьж суулгах, уулзалтыг заавар журмын дагуу зохион байгуулах, гар ариутгах, амны хаалт зүүх гэх мэт чиглэл өгөөд ажиллаж байгаа. Цаашдаа Улаанбаатар хотоос хүмүүс ирж сурталчилгаанд оролцох, сурталчилгаа хийх ажил их гарах тул иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Манай аймгийн хувьд вакцины хоёр дахь тунг хийх ажил дөнгөж эхэлж байгаа учраас эрсдэл өндөртэй. Иймээс хотоос ирж байгаа хүмүүст хяналт сайн тавьж ажиллах шаардлагатай байна. Гадуур эрсдэл их байгаа учир иргэд 2 дахь тунгийн вакциндаа хугацаандаа хамрагдах, дээр нь дэглэмээ сайтар барихаа хэрхэвч мартаж болохгүй. 
Ялангуяа ухуулагч нарын тарааж байгаа материалыг гараас гарт дамжуулж авах биш тодорхой зайд тавиулаад тэндээс авдаг, мөн гэртээ оруулахгүй байх гэх мэтээр Засгийн газрын 152 тоот тогтоолоо иргэн бүр хэрэгжүүлэх, мөн нам эвслүүд сайн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна.
Ташрамд хэлэхэд, Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах талаар сурталчилгаа хийж байгаа ч гэсэн бид орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах талаар сурталчилгааны ажлуудыг хийгээд явж байна. 
-Танд баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn