Хяналт, стандартаар мэргэшсэн эрхэм
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын болон Стандарчилал хэмжил зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Дамдинсүрэнгийн Ганхуяг хэмээх эрхэм хүмүүн өдгөө ч төрийн хяналтын нарийн нягт ажлыг чамбай гэгч нь гүйцэтгэсээр явна.
Тэрбээр 1965 онд Улаангом хотноо айлын ууган хүү болон мэндэлжээ. Аав Ж.Дамдинсүрэн нь тухайн үеийн Худалдаа бэлтгэл ангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бол ээж Ц.Агиймаа нь эгэл жирийн ажилчин байсан гэдэг.
Бага насаа аав ээж, эмээ өвөөгийнхөө гар дээр эрх дураараа тоглож өссөн тэрбээр Өмнөговь сумын 10 жилийн сургуулийг төгсөхдөө сурлагын амжилтаараа сумандаа эхний гуравд, конкурсын оноогоороо аймгийн хэмжээний 560 хүүхдээс 28-д жагссан нь толгой сайтай сурагч байсныг илтгэнэ.
Сурагчийн ширээнээс амьдралынхаа чухал сонголттой нүүр тулахад онооны эрэмбээр Эрхүүгийн их сургуулийн хэлний бэлтгэлийн анги оногджээ. Харилцаа холбоо хөгжөөгүй тэр үед аймгийн Холбооны газарт яаран ирээд энэ тухайгаа аавдаа утсаар дуулгахад “Орос явсан хүн архинд ордог юм” хэмээн хүүдээ санаа зовнингүй хэлэхэд арга буюу үгийг нь дагажээ. Математик, химийн хичээлдээ сайн учир МУИС-ийн химийн ангийг сонгох гэтэл хуваарь байсангүй тул Цэргийн нэгдсэн сургуулийн Холбооны инженерийн ангийг сонгосон байна. Гэтэл үеийн найзууд нь их сургууль бус цэргийн албыг сонгож, эр цэргийн тухай сонирхолтой яриа хөөрөө дэлгэхийг сонссон Д.Ганхуяг эргэлт буцалтгүйгээр цэрэгт явахаар шийджээ.
Ийнхүү 1984-1987 онд Зүүнбаянгийн 1000 цэргийн дивизэд цэргийн алба хаасан нь амьдралын их сургууль байсан хэмээн дурсана. Тэрбээр бусдыгаа бодвол бичгийн боловсрол сайтай байсан тул цэргийн албанд очоод Штабын бичээчийн албанд томилогджээ. Мөн жагсаалын даргаар сонгогдон 25 төгрөгийн цалинтай цэрэг болсон байна. Цэргийн амьдрал түүнд тэвчээр, хатуужил, нийгмийн харилцааг ойлгуулсан нь хожмын ажил амьдралд нь чиглүүлэгч болсон гэх. Энэ л үедээ “Мандухай цэцэн хатан” киноны зураг авалтад 6000 цэргийн нэг болж оролцон кино зургийн хальснаа залуу цагийн дүрсээ мөнхлөж амжжээ. Хамгийн завшаантай нь гэвэл гурван жилийн цэргийн албанаас халагдаж ирэхдээ Анагаахын дээд сургуульд суралцах урилгатай ирж. Тэр үед халагдах цэргүүд конкурс өгөх боломж гарахад нь хүнээс ганц хоёр сурах бичиг гуйж аваад 14 хоног уншиж бэлдээд шалгалтаа төвөггүйхэн давчихсан байна. Өмнө нь хоёр ч их сургуулиас татгалзсан сурлага сайтай хүү ийнхүү АУДэС-д хүний их эмч, эрүүл ахуйч эмч мэргэжлээр элсэн суралцсан нь амьдралынх нь хамгийн зөв сонголт байсан гэх.
Их сургуулиа улаан дипломтой төгссөн, ирээдүйтэй боловсон хүчинд тэр үеийн Хүн судлалын төвд ажиллах урилга иржээ. Энэ талаар мөн л аавтайгаа зөвлөлдөөд нутагтаа ирж ажиллах үүрэг авсан байна.Ажлын замнал нь тэр үеийн аймгийн Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газарт Хүнсний эрүүл ахуйч их эмчээр эхлэжээ. Шинэ ажил аваад удаагүй байхдаа том сорилттой нүүр тулсан нь сэтгэлд тодхон үлдсэн байна. Тодруулбал, иргэдийн дунд хоолны хордлого гарч, шалтгааныг нь тогтоох хариуцлагатай ажил оногджээ. Азаар зөв дээж авч шинжилсэн нь хордлогын шалтгааныг шуурхай тогтооход дөхөм болжээ. Энэ мэтээр ажилдаа бага багаар чадваржиж байтал 30гаруй хүнтэй байгууллагаас нь нэг хүнийг цомхотгох нийгмийн шаардлага гарчээ. Гэтэл тэрбээр олон жил ажилласан ах, эгч нараа үлдээе дээ гээд өөрийн саналаар ажлаас гарчээ. Бусдын төлөө гэх сэтгэлтэй, уужуу нинж занг нь тухайн үеийн удирдлага нь болох Б.Цэрэннадмид гэх дайчин бүсгүй мартсангүй. Ажлаас гараад гурван сарын дараа Боршоо боомтод салбарын эрхлэгч эмчээр ажиллах урилга хүлээн авахад нь тэрбээр нөлөөлжээ. Хэдийгээр шинэхэн ажил, мэдэхгүй салбар гээд олон бэрхшээл тулгарсан ч Д.Ганхуяг тэр бүхнийг тээршаахгүйгээр хичээнгүйлэн ажилласны үр дүнд албандаа эзэн болж чадсан байна.
Энэ л зан чанар нь тэр үеийн няхуур удирдлагуудын нүдэнд өртөж, 1995 онд аймгийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга, Эрүүл ахуй, халдвар судлалын улсын ахлах байцаагч гэсэн хос албан тушаалд томилогдох саналыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, туршлагатай удирдагч асан Ш.Жийдээгээс авчээ. Аймгийн хэмжээнд 600 гаруй ажилтантай, Эрүүл мэндийн газар хэмээх томоохон байгууллагад, чадварлаг удирдлагын дор хоёр жил гаруй хугацаанд тэрбээр ажиллахдаа сурсан, мэдсэн зүйл маш их аж. Тэр л цаг үед шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиас өгсүүлээд бодлого чиглэлийн олон баримт бичиг, ажил үйлчилгээг аймаг орон нутгийнхаа хөрсөн дээр буулгахад тэрбээр гар бие оролцож явсан зүтгэлтэй нэгэн билээ.
Нийгмийн ороо бусгаа тэр л цаг үед аймгийн Эрүүл мэндийн газар татан буугдаж, Нэгдсэн эмнэлэгтэй нэгдэхэд аймгийн Захиргаанд Мэргэжлийн хяналтын алба байгуулагдсанаар Д.Ганхуяг аймгийн Ерөнхий халдвар судлагчаар томилогдон ажилласан байна. Энэ л үедээ аймгийн Засаг даргын захирамжаар Стандарчилал хэмжил зүйн төвийн үйл ажиллагаанд үзлэг, шалгалт хийх ажлын хэсэгт багтаж ажилласан байна. Үйл ажиллагаа нь зогсохдоо тулсан, цалингаа тавьж чадахгүйд хүрсэн хүндхэн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж явахдаа удахгүй өөрөө даргаар нь томилогдоно гэдгээ тэрбээр төсөөлөөчгүй байх. Хяналтын ажлын үр дүнгээ танилцуулсаны дараа аймгийн хэмжээний лабораториудыг нэгтгэж, Стандарчилал хэмжил зүйн төвийн даргаар түүнийг томилсон нь анхнаасаа төлөвлөсөн мэт.
Хөрөнгө, санхүү хүндрэлтэй тус байгууллагыг удирдахдаа ижил төрлийн лабораториудыг нэгтгэх, ажлын давхардал арилгах, бусад аймгуудаас туршлага судлах зэргийг санаачлан хийсэн нь ажлаа сайжруулахад дөхөм болжээ. Мөн нягтлантайгаа нягт харилцаж, байгууллагынхаа санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд тал бүрийн нөөц боломжийг судлаж, хэрэгжүүлсэн байна. Үүн дотроос хамгийн сонирхол татам дурсамж нь хянан баталгааны хөлсөнд ирсэн тариагаар Хархираагийн тэжээлийн аж ахуйн 25 га талбайд тариа тариад арвин ургац хураан авч, түүгээрээ байгууллагадаа хөл дүүжлэх унаа авсан түүх байлаа. Ийнхүү хамт олныхоо хүн нэг бүрийн хичээл зүтгэлийн үр шимээр ямар ч техник хэрэгсэл, унаа машингүй байсан байгууллагадаа анхны УАЗ-469 машиныг авч чадсан нь бахархам байв.
Энэ маягаардутуугаа нөхөж, дундуураа дүүргэж, орлого олох боломжоо чадамгай ашигласнаар байгууллагын орон байрны асуудал шийдэгдэж, хоёр дахь автомашинаа авсан төдийгүй, хүн хүч, ажлын орчин нөхцөл, техник хэрэгсэл гээд бүхий л үйл ажиллагааг сэргээж, өнгөлсөн байна. Мөн стандарт, хэмжил зүйн салбарын ажлын уялдаа холбоог сайжруулах баруун бүсийн уулзалтуудыг удаа дараа хийснээс гадна аймагтаа шинэ төрлийн хэмжилт стандартыг нэвтрүүлсэн, эвсэг бүтээлч хамт олныг бүрдүүлсэн он жилүүд байсан юм. Увс аймгийн Стандарчилал, хэмжил зүйн байгууллагыг Д.Ганхуяг тасралтгүй 10 жил удирдахдаа тухайн байгууллагыг ард олон нийтэд таниулж, үр өгөөжийг нь харуулж чадсан амжилттай билээ.
Тэрчлэн хувь хүний хувьд ажлын дадлага туршлага хуримтлуулсан, хамт олныг удирдах, хүнтэй ажиллах ур чадваруудыг эзэмшсэн, манлайллаа дээшлүүлж Удирдлагын академид суралцсан зэрэг амжилт бүтээл нь энэ л үетэй холбогдоно. Мөн сонин захиалан автомашин хожсон азтай агшин нь энэ л цаг үеийнх аж. Иймдээ ч тэрбээр “Стандарчилал хэмжил зүйн төвийн даргаар ажилласан он жилүүд маань миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудыг бүтээсэн гэгээлэг он жилүүд байсан юм” хэмээн дурсаж сууна.
Удирдах арга барил сайтай Д.Ганхуяг 2007 оноос аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар сэлгэн ажилласан байна. Хамт олныг удирдах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, техник хэрэгсэл, унаа машинаар хангах зэрэг байгууллагад тулгамдсан асуудлыг сурамгай шийддэг болохоор дэвшсэн нь ойлгомжтой. Иймдээ ч тэрбээр 2009 онд байгууллагаа хоёр давхар, цоо шинэхэн байртай болгож чадсан байна. Түүнийг аймгийн МХГ-ын даргаар ажилласан он жилүүдэд тус байгууллага ажлаараа улсад 2 удаа тэргүүлснээс гадна спортыг дэмжигч байгууллагаар шалгарч байжээ. Мөн байгууллагын сүлд дуу, клип, туг далбаатай болж, түүхт ойн ном ч бичсэн гэх. Мэдээж хэрэг ажилчдын нийгмийн асуудалд анхааран, шагнаж урамшуулж, гадаад дотоодод аялуулж зугаалуулахаас гадна хариуцлага алдсан нөхдийг торгож шийтгэж чаддаг дарга байсан гэдэг.
Увс аймгийн Мэргэжлийн хяналт болон Стандарчилал хэмжил зүйн салбар түүнийг удирдсан он жилүүдэд үргэлж өөдөө тэмүүлэн гялалзаж, мандаж байсан түүхтэй.“Удирдагч хүн хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Жишээлбэл чи дарга байлаа гэхэд ажилтандаа шинэ ширээ авч өгнө гэж амласан бол цаг тухайд нь шийдэж өгөх л хэрэгтэй. Эндээс тухайн ажилтны ажилдаа хандах хандлага, удирдлагадаа итгэх итгэл бэхждэг юм. Бас даргынх нь урам зориг бадарч, илүү ихийг хийж бүтээх хүсэл төрнө. Хэрвээ дарга амласандаа хүрч ширээг нь авч өгч чадахгүй бол тэгээд л бүх зүйл унтарч эхлэнэ дээ. Иймээс удирдагч хүн үргэлж манлайлж, асуудлыг шуурхай шийддэг арга барилд суралцах хэрэгтэй” хэмээн тэрбээр онцолсон юм.
Өдгөө Д.Ганхуяг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.
Амьдралдаа гурван удаа тангараг өргөсөн гэх бөгөөд анхных нь Эх орноо хамгаална гэж эр цэргийн тангараг, удаах нь Анагаах ухааны их сургуулийг төгсөж Ард иргэдийн эрүүл энхийн манаанд зогсох их эмчийн тангараг, сүүлд Төр, түмнийхээ төлөө зүтгэх төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөжээ.
Д.Ганхуяг өнгөрсөн он жилүүдэд улс, эх орондоо ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэнЭрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Стандарт хэмжилзүйн тэргүүний ажилтан, Улсын хяналтын тэргүүний ажилтан гэсэн гурван тэргүүн хүртсэн аж. Мөн төрийн дээд шагнал Алтангадас одонгоор энгэрээ мялаасан билээ.
Эргэцүүлэн бодсон амьдралын нугачаанд энэ хорвоо дээр хэмжээгүй зүйл гэж үгүй. Иймдээ ч тэрбээр Мэргэжлийн хяналт бол төрийн хяналт, төрийн хяналт бол түмний хяналт байх ёстой гэсэн зарчмыг чанд баримтлан ажиллаж, хамт олныгоо үлгэрлэн улс эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөсөөр явна.