Элсэлтийн Ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна

487
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.

ТӨГСӨЛТ БА ШАЛГАЛТ
Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах гэж байна. ЕБС-ийн сурагчид хавар
Анги дэвших шалгалт /3,4,6,7,8,10,11 дүгээр ангийн сурагчид/
Улсын шалгалт /5,9,12 дугаар ангийн сурагчид/
ЭЕШалгалт / 12 дугаар анги төгсөгчид/ өгдөг.
Цар тахлын нөхцөл байдал, зайнаас удаан хугацаанд хичээллэсэн зэргээс хамаарч анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид одоо элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах ёстой.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилж 40420 суралцагч шалгалтад бүртгүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлжээ. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна. ЭЕШ-д газарзүйн хичээл сонгосон 1235 сурагч байгаа нь хамгийн цөөн үзүүлэлт бол, 27951 сурагч математикийн хичээлийг сонгосон нь хамгийн их үзүүлэлт болж байна. ЭЕШ-д орох сурагчдын насны бүтцийг авч үзвэл:
15-16 настай 27 шалгуулагч
17 настай 1675 шалгуулагч
18 настай 25082 шалгуулагч
19 настай 13636 шалгулагч байна. Шалгуулагчдын дийлэнх нь насанд хүрсэн учир дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн байна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг 7 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна.
2021.07.01. Монгол Улсын түүх, Англи хэл
2021.07.02. Хими, Газарзүй, Нийгэм судлал
2021.07.03. Биологи, Математик
2021.07.04. Физик, Орос хэл, Монгол хэл
ЭЕШ-аас өмнө шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах ёстой байдаг. 2021.05.12-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар энэ шалгалтыг цуцлах шийдвэр гаргав. Мөн 2021.05.17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд ЭЕШ-д орох сурагчдыг танхимаар давтлагад хамрагдах боломжоор хангахаар боллоо. Сурагч сайн дурын үндсэн дээр ЭЕШ-ын сонгосон хичээлүүдээр давтлагад хамрагдаж болно.

ЭЕШ-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Сурагчдын суудлын хуваарь 2021.05.20-ны өдөр тодорхой болно. Шалгуулагчид бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан www.EEC.mn цахим хуудасны шалгуулагчийн булан хэсгээс суудлын дугаараа хэвлэж авах боломжтой.
Шалгалтын нийт 50 байр ажиллах бөгөөд орох гарах гарцыг тусгайлан гаргаж, шалгалтын байранд халдвар хамгааллын нарийн дэглэм мөрдүүлнэ. Коронавирусний халдвар авсан сурагчдыг шалгалтад орох бүх боломжоор хангах бөгөөд тусгай анги бэлдэж байна.
Шалгалтын оноо засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан явуулна. Шалгалт бүрийн дараа шалгалтын байранд дүн оноог мэдээлнэ.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ
Элсэлтийн ерөнхий шалгалтад орох сурагчид, тэдний эцэг эх асран хамгаалагч, анги удирдсан багш нарт зориулсан цахим сургалт зөвлөгөөг сүүлийн нэг сарын турш тасралтгүй зохион байгуулж байна. Мэргэжлээ хэрхэн зөв сонгох, шалгалтад хэрхэн бэлдэх талаар зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс өгч байна.
Сургуулийн орчинд сэтгэл судлаач ажиллуулах бэлтгэлийг хангаж байгаа энэ үед 12 дугаар анги төгсөгчдөд зориулсан цахим зөвлөгөөг мөн өгч эхэлсэн байна. Сурагчдын дунд явуулсан судалгаагаар ЭЕШ-д оролцогчид хамгийн их стресст автдаг байна. Сурагчдад чатбот ашиглан зөвлөж байна.
Шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой бүх мэдээллийг нэг дороос буюу www.EEC.mn сайтаас авах боломжтой.

ЦААШИД ...
Элсэлтийн ерөнхий шалгалтыг цаашид жилд хоёр удаа авдаг болохоор бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сурагчид ЭЕШ-д бэлэн болсон гэж үзсэн тэр үедээ шалгалтаа өгөх боломж үүгээр бүрдэнэ. Мөн өмнөх шалгалтад амжилтгүй дүн авсан шалгуулагч хагас жилийн дараа дахин шалгуулах боломжтой юм.
Мөн гадаад улс оронд суралцах оюутнууд тухайн орны хэлний шалгалтыг амжилттай давах ёстой байдаг. /IELTS, TOEFL, HSK/ гэх мэт... эдгээртэй дүйх хэмжээний Монгол хэл бичгийн үндэсний шалгалтын тогтолцоог бүрдүүлнэ.
ЕБС-ийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг боловсролын түвшин, анги, хичээл тус бүрээр боловсрууллаа. Өнгөрсөн 2 жилийн турш үргэлжилсэн судалгаа, туршилт, сайжруулалтын үр дүн болоод хамгийн оновчтой гэж боловсруулсан шалгуурын талаар ирэх 7 хоногт мэдээлэл өгөх болно.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn