Эрхэм түшээд ээ, дахиад л Баян-Өлгий...
Төрийн цэгцтэй бодлого дутсан энэ аймгийн сургуулиудын ахлах ангийн сурагчид АХА цэнгээнт нэвтрүүлэгт оролцож байгаа бичлэг өнгөрсөн жил цахим орчинд тавигдаж байв. Үзсэн хүмүүс Монгол Улсын иргэн байж Монголоор ярьж чадахгүй, насандаа тохирсон мэдлэг, мэдээлэлгүй, сурсан зүйл нь муу байна... гэж ихэд шүүмжилж байв. Үүний дараахан Өлгийн сурагчид ЭЕШ-даа бүдэрч сүүл мушгисан нь ч бий. Тэгвэл энэ удаа бас л Баян ходоод болов.
Баян ходоод гэх энэ нэр сүүлдэж ирсэн дааганд өгдөг өхөөрдөж, шүүмжилсэн цол л доо. ЭЕШ-аар хоёр жил дараалан сүүл мушгиад байгаа Өлгийчүүдийг ийнхүү нэрлэсэн нь дараа дараагийн хүүхдүүдийн урмыг бодсон хэрэг юм.
Сурагчдын мэдлэг муу байгааг тус аймгийг толгойлсон ЗАСАГ ДАРГА нартай холбоотой гэж бараг л аймгаараа хэлдэг ч тэнд УИХ-ын гишүүн Х.Баделханы вант улс бий болсон тул АМАА ҮДҮҮЛСЭН мэт дуугүй байдаг аж.
Товчхондоо эрхэм гишүүний хамаатан садан, гар хөл бологсод Баян-Өлгийн хөгжилд, ирээдүйн нэгэн үеийнхэнд чөдөр тушаа болж байна гэсэн үг. Өнгөрсөн 4 жилд гишүүний төрсөн дүү Х.Зауре Боловсролын газрын даргаар ажиллаж багагүй хэл аманд өртөж байсан. Энэ жил түүний оронд мөн л Х.Баделхан гишүүний бие төлөөлөгчийг тавьсан тул байдал мөн л хэвээрээ байгаа тул Өлгийчүүд үүнийг эсэргүүцэж Боловсролын газрын даргаар монгол хүн томилбол ХОЛ ДЭЭР гэж үзэж буй аж.
Тэгээд ч Үндэсний цөөнх энэ хүмүүст, тэр тусмаа ЕБС-ийн сурагчдад Монгол хэлний хичээлийн цагийг нь нэмэгдүүлэх нэн шаардлага байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан та анхааралдаа авах нь зүйтэй байх.
ЭЕШ-нд сүүл мушгиж байгаа хүүхдүүдийг буруутгах аргагүй. Учир нь тэд Монголоор ч сайн ярьж чадахгүй. Адаглаад Монголын телевизүүдийн суваг ч тухайн аймагт гардаггүй гээд бодохоор Ертөнцөөс тасархай , юун давтлага энэ тэр. Тийм дээ ч тэд 9 хичээлийн шалгалтаас англи хэлнийхэд 18, химийн шалгалт 22 дугаарт байрт орж бусдад СҮҮЛ МУШГИЖ нийлбэр дүнгээрээ сүүлээсээ 1-д орсон байгаа юм.
Зөвхөн энэ үйлдлээс харахад Монгол төрийн дорвитой бодлого энэ аймагт тун ч их үгүйлэгдэж байгаа нь харагдаж байгааг эрхэм түшээд анхааралдаа авна уу.
Эх сурвалж: Erennews.mn