Нэг гэр бүлийн бүх гишүүн коронавирусийн улмаас амь насаа алдлаа

930
Коронавирусийн дэлхийн нөхцөл байдлын тойм мэдээлэл хүргэе. Өнөөдрийн байдлаар 417 мянган тохиолдол бүртгэгдэж 19 мянга шахам хүн нас барлаа. Өдөрт хоёр мянгаас дээш хүн нас барж эхэлсэн нь түгшүүрийг улам нэмлээ. Мөн нэг гэр бүлийн бүх гишүүн нас барснаас эхлээд 18-аас доош насны хүүхдүүд өвчний улмаас эндэж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоож байна. Коронавирусийн голомт Итали, Испани, Франц, Иран зэрэг улс орнууд тахалд нэрвэгдсэн өдөр хоногуудыг өнгөрсөөр байгаа юм. Европоос гадна Америкийн Нэгдсэн Улс өвчний цөм болон хувирч болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлалаа.

Коронавирусийн нөхцөл байдал дэлхий нийтэд хүнд хэвээр байна. Харамсалтай үйл явдлууд ч бүртгэгдэх болжээ. Тухайлбал, нэг гэр бүлийн бүх гишүүн вирусийн халдвараар  амь насаа алдсан байна. Мөн 18-аас доош насны гурван хүүхэд энджээ. Энэ бол бүх насны хүн коронавирусаар халдварлаж, хүндрэх аюултайг харуулж байгаа юм. Өвчин анх тархахад ахмадууд, өндөр настай хүмүүс илүү хүнд байгааг онцолж байсан юм. Тэгвэл нөхцөл байдал өөрчлөгдөж бүх насныханд эрсдэл өндөр байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Америкийн Нэгдсэн Улсад өвчилж буй иргэдийн дийлэнх нь ч 18-40 насныхан байгаа юм. 2500 гаруй өвчтнийг хамруулсан судалгаагаар эмнэлгийн яаралтай тусламж авсан иргэдийн 38 хувь нь 20-54 насныхан байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж эхэллээ.
“КОВИД-19” ХАЛДВАРЫН ХОЁР ДАХЬ ДАВАЛГАА ЕВРОПООС АЗИ РУУ ЧИГЛЭЖ БАЙНА
Коронавирусийн тархалтыг хумиж, таслан зогсоох арга бол хөл хорио тогтоох, хувийн ариун цэврээ сахих. Энэ дүрэм журмыг түрүүлж ашигласан улс орнууд өвчнөөс хамгаалж байгаа бол хэрэгжүүлж амжаагүй нь тахалд нэрвэгдээд байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварын хоёр дахь давалгаа эхэлснийг сануулсан. Эхнийх нь Хятадаас бусад улс орон руу тархах давалгаа байсан. Хамгийн өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж байсан манай улс эхний давалгааг амжилттай даваад байгаа юм. Харин хоёр дахь давалгаа бол Европоос Ази руу чиглэсэн. Тийм учраас эхний амжилтаа бататгаж, урьдчилан сэргийлэх ажлаа тасалдуулж болохгүйг сануулсаар байна. Өнөөдөр дэлхийн даяар 2.5 тэрбум хүн хөдөлгөөний хязгаарлалтад ороод байгаа юм.
АНУ-Д КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР 700 ГАРУЙ ХҮН НАС БАРААД БАЙНА  
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Америкийн Нэгдсэн Улсыг коронавирусийн дараагийн цөм болон хувирах магадлалтайг зарлалаа. Учир нь хоногт бүртгэгдэж байгаа өвчний 85 хувь нь Европ болон Америкийн Нэгдсэн Улсад байна. Америкийн мужууд нөхцөл байдлаасаа хамаарч зайнаас харилцах, хөдөлгөөн хязгаарлах, гэрээсээ гарахыг хориглох, эмнэлгийн ачаалал болон эрсдэлийг бууруулах зорилгоор амь насны заалтгүй төлөвлөгөөт мэс заслуудыг цуцлах зэрэг арга хэмжээ авчээ. Энэ улсад өнөөдрийн байдлаар 700 гаруй иргэн нас бараад байна. Мөн Америкийн Нэгдсэн Улсын конгрессийн хоёр гишүүн вирусийн халдвар авсан тогтоогдож, долоон гишүүнийг хөл хорионд оруулжээ. Өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа учраас гааль, цагаачлалын байгууллагууд үйл ажиллагаа зогсоосон. Ингэснээр хууль бусаар хил нэвтэрсэн, орогнол хүссэн 37 мянган хүн  бөөгнөрсөн нь эрх баригчдын санааг зовоож эхэлсэн байна. Харин ковид-19ийн халдвар авсан өөрийн иргэдэд зориулсан хуулийг ерөнхийлөгч Трамп соёрхон баталлаа. Энэ хуулиар халдвартай иргэдэд цалинтай чөлөө өгөх, ажилгүйдлийн тэтгэмж олгох, коронавирусийн шинжилгээний төлбөрөөс чөлөөлөх, хүнс эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг зохицуулалт багтсан байна.
ШИНЭ ЗЕЛАНД УЛС ИРГЭД ХООРОНДЫН ЗАЙ БАРИХ ДЭГЛЭМИЙГ ХАТУУ МӨРДҮҮЛНЭ
Шинэ Зеландад сүүлийн 24 цагийн дотор 429 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 2252 боллоо. Харин нас баралт 8 байна. Цаашид халдвар хурдацтай тархах юм бол улсын хэмжээнд эмнэлгийн ор хүрэлцэхээ байж, халдвар улам хүндэрнэ гэсэн дүгнэлт хийжээ. Тийм учраас нэг сарын хугацаатай онц байдал зарлаж иргэд хооронд зай барих дүрмийг хатуу мөрдүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ хуримын ёслолд 5, оршуулгын ёслолд 10-аас дээшгүй хүн оролцуулна. Ийм арга хэмжээ хийхдээ 4 мк2-д 1 хүн ноогдох байдлаар зохион байгуулахыг сануулжээ.
БНХАУ-Д ЗӨӨВӨРЛӨГДСӨН ТОХИОЛДОЛ ӨСЛӨӨ 
Өвчний голомт болсон Хятадын Хубэй муж, Ухань хотод байдал дээрдэж эхэллээ. Вирусийн тархалтыг хумиж чадсан гэж үзэж байна. Тийм учраас хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлэх, зарим нийтийн тээврийг явуулах, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх чиглэл барьжээ. Ухань хот 4 сарын 8-ны өдрөөс хөл хориог цуцлах гэж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улсын хэмжээнд 81 мянган тохиолдол, биеийн байдал нь хүнд 1399, бүрэн эдгэрсэн 73 мянган хүн байна. Харин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хонконг 386, Макао 26, Тайвань 216 гээд нийт 628 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 474 нь гадны улс орноос зөөвөрлөгдөн иржээ. Хятад улсад өдөрт 20 мянга гауй зорчигч ирдэг байна. Дотооддоо тохиолдол цөөрч, харин халдвар зөөвөрлөгдсөөр байгаа учраас гадны иргэдэд тавих хяналтаа дахин чангатгажээ.  
А.БОЛДСАЙХАН
Эх сурвалж: TV5.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn