БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгий аймагт ажиллалаа

303


Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Аубакир нар энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бүрэлдэхүүндээ Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Монгол Улсын боловсролын их сургуулийн төлөөллүүд багтсан өргөтгөсөн ажлын баг 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт ирж, аймгийн боловсролын салбарын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Зөвлөн туслах багийг боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, менежмент, санхүүжилт зэрэг олон асуудлыг хамтарч шийдвэрлэх зорилгоор тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд урьсан аж.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт ирж зарим боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн холбогдох байгууллагуудын удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Өлгий хотын Хөгжимт драмын театрт болсон уулзалтаар УИХ болон Засгийн газраас боловсролын салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, Баян-Өлгий аймагт тулгамдсан асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
Тус аймаг нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр аймгуудаас хамгийн сүүлийн байрт эрэмбэлэгдэж байгаа. Үүнд боловсролын салбар улс төрөөс хэт хараат болсон, сургууль, цэцэрлэгийн багш, багш бус ажилтнуудын харьцаа алдагдсан, хос хэлээр боловсрол олгох хөтөлбөр байхгүй зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг салбарын сайд хэллээ.
"Өнөөдрийн Баян-Өлгий аймаг дээр байгаа боловсролын үзүүлэлтүүд бол сүүлийн 30 жилийн туршид Монголын төрийн хийсэн алдаа юм. Боловсролын шилжилтийн үед хамгийн их анхаарал тавих ёстой аймаг бол Баян-Өлгий байсан. Тэрийгээ манай яам ч, Баян-Өлгийн Боловсролын газар ч хийж чадаагүй. Олон асуудал хуримтлагдсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдал үүсчихлээ. Гэхдээ бүх юм нурчихаагүй. Бидэнд суурь, сайн багш, менежерүүд байна" гэдийг тэрээр онцлов.
Үндэстний цөөнх казах түмэн зонхилон амьдардаг Баян-Өлгий аймагт хос хэлний сургалтын хөтөлбөрийг яаралтай баталж хэрэгжүүлэх, түүнд уялдуулан сурах бичиг, гарын авлага, толь бичиг боловсруулах шаардлагатайг орон нутгийн багш нар санал болголоо.
Уг асуудлыг цаашид салбарын яам онцгой анхааралдаа авч ажиллана гэдгийг Л.Энх-Амгалан сайд илэрхийллэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn