Оны эхний 11 сарын байдлаар 10 иргэн зам тээврийн ослын улмаас амиа алджээ
Баян-Өлгий аймагт 2021 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн 16 осол гарч, үүний улмаас 10 хүн амь насаа алдсан байна. Бүртгэгдсэн ослын тоо өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3 ослоор буурсан боловч, нас барсан хүмүүсийн тоо 3-аар өссөн гэдгийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.
Жолооч нар хяналтын камер, цагдаагүй орон нутгийн зам дээр хурд хэтрүүлэн явах, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зэрэг хүчин зүйлс осол гарахад нөлөөлж байгаа аж.
Иймд дүрмээ чанд баримталж, аюулгүй байдлаа бүрэн хангаж замын хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.