Украин – Монголын дипломат харилцааны 30 жил

458

2022 оны нэгдүгээр сарын 21-нд Украин Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Мянга гаруй жилийн түүхтэй манай хоёр улсын хувьд энэ бол өчүүхэн бага хугацаа юм. Гэсэн хэдий ч энэхүү гурван арван жил Украин, Монголын аль алиных нь түүхэн дэх онцгой чухал үеүүдийн нэг болжээ. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд Киев, Улаанбаатар хоорондын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж ирснийг эргэн дурсаж, дүн шинжилгээ хийхээр бид шийдлээ.

Украин Улс болон тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протоколд 1992 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Киев хотноо гарын үсэг зурсан. Уг баримт бичигт:“Хоёр улсын хооронд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн талууд НҮБ-ын дүрмийн зорилго ба зарчмуудын дагуу, ялангуяа бүрэн эрхт эрх тэгш байдал, харилцан хүндэтгэх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцов”хэмээн заажээ.https://zakon.rada.gov.ua/laws/show/496_002#Text

Дипломат харилцаа тогтоосны дараахан буюу 1992 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Цэрэнпилийн Гомбосүрэн Украин Улсад айлчилсан. Айлчлалын үеэр дөнгөж шинээр бий болсон түншлэлийн харилцааг хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны үндсэн асуудлуудыг тодорхойлж, хоёр орны хооронд үр бүтээлтэй хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд богино хугацаанд гарын үсэг зурах шаардлагатай хоёр талын хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээрүүдийг боловсруулсан байна (эдгээр хэлэлцээрүүд 1992 оны 5-7 сарын хооронд байгуулагдсан).
Ц.Гомбосүрэнгийн айлчлалын үеэр яригдсан хамгийн чухал асуудал бол 1992 оны арваннэгдүгээр сарын 3-5-ны хооронд болсон Украин Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажил байв. Энэ айлчлалын үеэр 1992 оны арваннэгдүгээр сарын 5-нд Украин Улсын анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат нар Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь манай хоёр орны хоорондын орчин үеийн харилцааны эрх зүйн үндсийг тавьсан юм.https://zakon.rada.gov.ua/laws/show/496_004#Text
Тус баримт бичигт Украин Улс болон Монгол Улс нь хоёр ард түмний уламжлалт хамтын ажиллагааны харилцаанд түшиглэн, улс төр, эдийн засгийн тогтолцоонд гарч буй зарчмын өөрчлөлтийг харгалзан, бие биенийхээ төрийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны үндсэн дээр түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр тохиролцсоныг онцлон тэмдэглэжээ.
Мөн өдөр буюу 1992 оны арваннэгдүгээр сарын 5-нд талууд хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээр болон Худалдаа, эдийн засгийн талаар хамтран ажиллах Украин, Монголын Засгийн газар хоорондын комисс байгуулах тухай Украин Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын Протоколд гарын үсэг зурсан. /Одоо – Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Украин, Монголын Засгийн газар хоорондын комисс/.https://zakon.rada.gov.ua/laws/show/496_008#Text

Ирээдүйн харилцааг хөгжүүлэх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлсний дараа (1992 онд хоёр талын арван хоёр баримт бичигт гарын үсэг зурсан) Киев, Улаанбаатар хоёр дотоод улс төрийн асуудалдаа анхаарлаа хандуулсан билээ. Учир нь бидний хувьд ардчилсан нийгмийг цогцлоон бүтээж, үндэсний тогтвортой эдийн засгийг бүрдүүлж дөнгөж эхэлж байсан, хоёр орны хувьд хүнд хэцүүхэн 90-ээд он ирээд байв. Иймд Украин, Монголын дипломат харилцааны эхний арван жилийн сүүлийн он жилүүд онцлох үйл явдлаар тийм ч баялаг байсангүй. Гэвч эдгээр үйл явдлуудын дундаас 1995 оны зургаадугаар сард Монгол Улсын Их Хурлын дарга Нацагийн Багабандийн Украин Улсад хийсэн айлчлалыг зайлшгүй дурдах шаардлагатай. Тэр үеэр талууд хоёр талын олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна.
Энэхүү айлчлалын үр дүнд 1995 оны аравдугаар сарын 30-нд Украины Дээд Радад Иосиф Винский тэргүүтэй Украин-Монголын парламентын анхны бүлэг байгуулагдсан юм.https://zakon.rada.gov.ua/laws/show/654/95-пв#Text
Ер нь Украин-Монголын харилцааг хөгжүүлэхэд ерөнхийлөгч Н.Багабандийн оруулсан үлэмж хувь нэмрийг онцлох нь зүйтэй. Дээр дурдсан Киевт хийсэн айлчлалаас хойш таван жилийн дараа буюу 2000 оны есдүгээр сарын 7-нд тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа Нью-Йорк хотноо болсон Мянганы Дээд Хэмжээний Уулзалтын үеэр Украин Улсын Ерөнхийлөгч Леонид Кучматай уулзсан юм. Энэ уулзалт амжилттай, үр дүнтэй болсон учраас 2002 оны долдугаар сард Н.Багабанди Киевт албан ёсны айлчлал хийж, Украин Улсын Ерөнхийлөгч Леонид Кучматай дахин уулзсан билээ.https://photo.unian.net/photo/5278-nacagiyn-bagabandi-i-leonid-kuchma

Энэ айлчлалын үр дүнд талууд хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн өнөөгийн байдалд, түүний дотор улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын болон бусад салбарт үнэлэлт дүгнэлт өгч, түүнчлэн XXI зуунд хамтран ажиллах хэтийн төлөвийг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэхүү баримт бичиг нь Киев, Улаанбаатар хоёрын цаашдын хамтын ажиллагааны үндэс суурь болоод байна.Хоёр талын түншлэлийн харилцааны хөгжлийн амжилт, хоёр орны төрийн тэргүүн нарын хооронд хувийн сайн харилцаа тогтосны тод илрэл нь 2002-2003 оны өвлийн эцсээр үүссэн цаг уурын хүнд нөхцөл байдалтай холбогдуулан Украин Улсын Ерөнхийлөгч Л.Кучма Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн явдал байв.https://zakon.rada.gov.ua/laws/show/274/2003#Text
Дараа нь 2003 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 1-нд Л.Кучма Монгол Улсад төрийн айлчлал хийж, Н.Багабандитай дахин уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч нар ээлжит Хамтарсан мэдэгдэл гаргаж, уг мэдэгдэлд“Орчин үеийн олон улсын харилцааны язгуур асуудлыг шийдвэрлэх хандлагын хувьд хоёр улсын хооронд мэдэгдэхүйц зөрчилдөөн байхгүй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаа нь өргөн хүрээний асуудлаар урт хугацаанд хамтран ажиллахад шаардлагатай урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байна”гэж онцлон тэмдэглэсэнд айлчлалын түүхэн ач холбогдол оршиж байв. Хамтарсан мэдэгдэл нь Украин, Монголын орчин үеийн харилцааны үндэс суурийг тавих бас нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм.https://zakon.rada.gov.ua/laws/show/496_036#Text
Айлчлалын үеэр Украин Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх сэдвийг авч хэлэлцсэн нь чухал байв. Мөн Монгол Улс Украин Улсын сайн түнш, Украин Улсыг тус байгууллагад элсүүлэх асуудлаарх ДХБ-ын Ажлын хэсгийн гишүүний хувьд Киевийн саналыг дэмжиж байгаагаа нотолсон (Украин Улс 2008 оны тавдугаар сарын 16-нд ДХБ-ын гишүүн болсон).Украин, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны хоёр дахь арван жилд манай хоёр улсын удирдагчид олон улсын янз бүрийн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн уулзалт хийсэн байна.
Тухайлбал, 2008 оны тавдугаар сард Иерусалим хотноо Израил улс байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний үеэр Украин Улсын Ерөнхийлөгч Виктор Ющенко Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай уулзсан.
2009 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы хүрээнд Украин Улсын Ерөнхийлөгч Виктор Ющенко Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзсан. Тэр үеэр Украины ерөнхийлөгч Монголын ерөнхийлөгчийг Киевт айлчлахыг урьсан билээ.
Төрийн тэргүүн нарын дараагийн уулзалт 2011 оны нэгдүгээр сард Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын үеэр болсон бөгөөд энэ үеэр Украин Улсын Ерөнхийлөгч Виктор Янукович Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой уулзаж, Украин Улсад төрийн айлчлал хийх урилгыг баталгаажуулсан юм.
Энэхүү айлчлалд бэлтгэхийн тулд талууд Гадаад харилцааны яамны дэд сайд нарын түвшинд улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон байна. Энэ зорилгоор Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Дамдины Цогтбаатар 2011 оны гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд Украинд айлчилжээ. Түүнийг Украин Улсын Гадаад хэргийн дэд сайд Виктор Майко хүлээн авч уулзсан юм.Түүнчлэн 2011 оны тавдугаар сарын 23-нд дээр дурдсан Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаан Улаанбаатар хотод болж өндөрлөв.
Үүний хойш 2011 оны зургаадугаар сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Украин Улсад хийсэн төрийн айлчлал болов. Ингэхдээ түүний анхны зочилсон хот нь Ц.Элбэгдоржийн 1983-1988 оны хооронд суралцаж байсан Львов хот байв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэл Киев хотноо Украин Улсын Ерөнхийлөгч, Дээд Радын дарга, Тэргүүн шадар сайд нартай уулзаж ярилцсан байна.
Айлчлалын дараа талууд хэд хэдэн гэрээ, протоколд гарын үсэг зурж, 2012-2013 онд Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Харин хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын гол баримт бичиг нь уламжлал ёсоор Украин, Монголын түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл байв.
Энэ айлчлалын үеэр одоогийн Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар (тухайн үед Гадаад харилцаа, худалдааны сайдын албыг хашиж байсан, үүргийн дагуу Ц.Элбэгдоржийг гадаадад томилолтоор явахад нь дагалдан явсан) Цэцэн Ярослав вангийн III зэргийн одонгоор шагнуулсныг онцлон тэмдэглүүштэй.
Улмаар 2012 оны есдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд дээр дурдсан хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Украин Улсын Гадаад хэргийн дэд сайд В.Майко Монгол Улсад айлчилж, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт хийсэн байна.Үүнээс гадна 2012-2013 онд Гадаад харилцааны сайд нарын хэд хэдэн уулзалт болов. Тухайлбал, 2012 оны арванхоёрдугаар сард Украин Улсын Гадаад хэргийн сайд Константин Грищенко Дублин хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болдтой уулзсан байна.
2013 оны есдүгээр сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы хүрээнд Лувсанвандангийн Болд Украин Улсын Гадаад хэргийн сайд Леонид Кожаратай уулзав. 2013 оны арванхоёрдугаар сард ЕАБХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаанд оролцох үеэрээ Л.Болд Киевт айлчилж, Л.Кожаратай дахин уулзжээ.
2014 онд Украины Крымийн хойгийг ОХУ түр эзэлсэн бөгөөд Украины зүүн хэсэгт ОХУ-ын эхлүүлсэн мөргөлдөөн өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ үйл явдал нь Киевийг улс төрийн дотоод нөхцөл байдалдаа анхаарлаа хандуулж, гадаад бодлогоо эдгээр сорилттой тэмцэхэд чиглүүлэхэд хүргэсэн бөгөөд улмаар Украин-Монголын харилцааг нэлээд удаан хугацаанд завсарлахад хүргэсэн юм. 2021 он хүртэл манай хоёр орны гадаад бодлогын харилцаанд нэг тэмдэглэлт үйл явдал тохиосон бөгөөд 2015 оны есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей дахь Украины Дээд Радын Байнгын төлөөлөгчдийн газрын дарга, Ардын депутат Артур Герасимов тэргүүтэй гишүүд, Ассамблейн намрын чуулганд оролцохоор Монголд ирсэн юм.
Уг арга хэмжээний үеэр төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Монгол-Украины парламентын бүлгийн дарга Гаваагийн Батхүүтэй уулзсан байна.Уулзалтын үеэр талууд парламент хоорондын харилцааг хөгжүүлэх хэтийн төлөв,эдийн засгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замын талаар ярилцав. Мөн Украины төлөөлөгчид тус улсын дотоод улс төрийн нөхцөл байдлын талаар Монголын парламентын гишүүдэд мэдээлэл хийсэн байна. Монголын тал Украины зүүн хэсэгт болж буй мөргөлдөөнийг энхийн замаар    шийдвэрлэхийг дэмжиж, дээр дурдсан Дипломат харилцаа тогтоох тухай Протокол, 1992 оны Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний заалтуудад бүрэн нийцүүлэн Украин Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг   дэмжихээ илэрхийлсэн билээ. https://www.rada.gov.ua/news/Novyny/115789.html

Хоёр орны харилцааны зогсонги байдал 2021 онд сэргэж эхэлсэн бөгөөд хэд хэдэн онцлох үйл явдал нэгэн зэрэг болсон нь Украин-Монголын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа идэвхжсэний илрэл болсон юм.Тухайлбал, 2021 оны гуравдугаар сарын 30-нд Украины Дээд Радад Монгол Улстай парламент хооронд харилцах бүлэг (дарга нь Игорь Кривошеев) байгуулагдсан. 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол-Украины парламентын холбогдох бүлэг (дарга нь Жамбалын Ганбаатар) байгуулагдав.
2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы хүрээнд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг нарын уулзалт болж, гадаад бодлого хариуцсан сайд нарын өмнөх уулзалтаас хойшхи найман жилийн хугацаанд хуримтлагдсан хоёр талын хамтын ажиллагааны бүх асуудлыг шинэчлэн хэлэлцсэн байна.
Тухайлбал, сайд нар Киев-Улаанбаатарын улс төрийн яриа хэлэлцээг өнөөгийн шатанд хөгжүүлэх, хоёр улсын олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагааны талаар ярилцаж, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсоны зэрэгцээ худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцжээ. Энэ хүрээнд Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд хийх асуудлыг хөндсөн байна.https://china.mfa.gov.ua/en/news/dmitro-kuleba-proviv-u-nyu-jorku-peregovori-z-ministerkoyu-zakordonnih-sprav-mongoliyi
Сайд нарын гаргасан шийдвэрийг харгалзан 2021 оны аравдугаар сарын 19-ний өдөр Украин, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд “Украин-Монгол: Хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжууд ба хэтийн төлөв” онлайн бизнес форумыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдын албаны хүмүүс, дипломатууд, бизнес эрхлэгчдийн холбоо, аж ахуйн нэгжийн төлөөлөл, хоёр улсын өргөмжит консулууд зэрэг нийт 50 орчим хүн оролцов.https://montsame.mn/ru/read/278790

Дараа нь буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр хоёр улсын Гадаад харилцааны яамны бүс нутаг хариуцсан газрын дарга нарын онлайн зөвлөгөөн болсон. Арга хэмжээний үеэр талууд сайд нарын Нью-Йоркийн уулзалтын үр дүнд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх цаашдын арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Улс төрийн яриа хэлэлцээний ийм таатай хандлага, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг ойрын хугацаанд хийх талуудын зорилгыг харгалзан үзвэл хоёр талын харилцааны эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг тоо хэмжээ, чанарын хувьд нэмэгдэнэ гэдэгт найдаж байна. Украин-Монголын худалдааны өнөөгийн хэмжээ нь түүний одоо байгаа нөөц боломжуудтай нийцэхгүй байгаа юм.
Учир нь Монгол Улс өнгөрсөн 2020 онд хоёр талын худалдаа эргэлтийн үзүүлэлтээр Украины Ази, Номхон далайн бүс нутгийн худалдааны түншүүдийн 20 дугаарт, дэлхийн бүх улс орнуудаас 110 дугаарт жагссан байна. Энэ үзүүлэлт 23,9 сая ам.доллар (Украинаас Монгол руу экспортолсон бараа бүтээгдэхүүн 23,5 сая ам. доллар, Украин руу Монголын бараа бүтээгдэхүүний импорт 0,4 сая ам. доллар) байжээ.
2021 оны эхний гурван улирлын байдлаар хоёр талын худалдааны хэмжээ 17.94 сая ам.доллар (Украинаас Монгол руу хийсэн бараа бүтээгдэхүүний экспорт 17.73 сая ам. доллар (-1.8%-иар буурсан), Украин руу Монголын бараа бүтээгдэхүүний импорт 0.21 сая доллар, (6, 3%-иар буурсан) ) байна.
Манай хоёр улс өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлээ тэлэх, экспортыг төрөлжүүлэх сонирхолтой байгааг харгалзан үзвэл Украин, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх боломж шавхагдаагүй байгааг эдгээр статистик үзүүлэлтүүд харуулж байна.
Түүнчлэн хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэж, гол гол асуудлаар хоёр орны байр суурь ойр, улс төрийн салбарт санал зөрөлдөөнгүй байгаа нь Киев, Улаанбаатар хоёрын харилцааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.
Ийнхүү Украин Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж, хоёр талын түншлэлийн харилцааг шинэ шинэ ололт амжилтаар баяжуулан хөгжүүлэх бүхий л урьдчилсан нөхцөл бүрдээд байна.
Эх сурвалж бэлтгэсэн: БНХАУ дахь Монгол Улсыг хавсран суугаа Украин Улсын Элчин сайдын Яам, Монгол Улс дахь Украин Улсын Өргөмжит консулын газар. 
Монцамэ агентлагскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn