СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас баржээ
Хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас баржээ. Тодруулбал, Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Тугалын-Эрүү гэдэг газарт хиймэл нуурт суудлын автомашин живсэн тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар мөн өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, гурван метрийн гүнээс нэг иргэн, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, гурван метрийн гүнээс дахин нэг иргэний цогцсыг тус тус олж, гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.