800 оюутан нэг дор цугласан “RISE” хөтөлбөрийн нээлт боллоо

234

Хичээл сургууль эхэлж, ажил амьдрал “буцалсан” 9-р сар магадгүй хамгийн завгүй үе байх. Түм түжигнэж, бум бужигнасан их хотын шинэхэн “оршин суугчид”, орон нутгаас оюутан болж ирсэн залууст Улаанбаатар үргэлж ийм завгүй, заримдаа ууртай, тэгсэн хэрнээ сонирхол татам, шинэ содон зүйлээр дүүрэн байгаа нь лавтай. Зөвхөн орон нутгаас ирсэн гэлтгүй сурагчийн ширээнээс оюутан болж, нийгмийн идэвхтэй амьдралд хөл тавьсан шинэхэн оюутан бүрт бие даасан, хувь хүн болж төлөвших, шинэ орчин нөхцөлд дасан зохицоход амаргүй байдаг.
ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас шинээр оюутан болсон залууст зориулан их сургуулийн орчинд хурдан дасан зохицох бие даан амьдрах, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх, их хотын соёлд суралцах, санхүүгээ зөв зохицуулах, амжилттай суралцах арга барилд сурган дэмжих зорилгоор RISE хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, бүтэн жилийн турш олон сонирхолтой арга хэмжээ, сургалт, хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.
Дөрөв дэх жилдээ зарлаж буй RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн энэ жилийн нээлт өнгөрсөн бямба гарагт болж, 800 шинэ оюутан оролцлоо. Тус арга хэмжээг нээж ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа оюутнуудад хэрхэн амжилттай суралцах тухай зөвлөгөө өгч, амжилт хүссэн бол салбар салбарын манлайлал болсон чадварлаг мэргэжилтнүүд “Сурахад суралцах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, оюутан байх хугацаандаа хэрхэн сайн суралцаж, ирээдүйдээ бэлтгэх тухай ярилцан, суралцах арга барил, туршлагаасаа хуваалцан, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Мөн шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажилласан нь онцлог байв. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай, түүнчлэн ХААН Банкны ажилтнууд банкны цахим үйлчилгээг хэрхэн амар хялбар авах болон хүний нөөцийн ажилтнууд оюутан цагтаа банканд дадлага хийх, цагийн ажил хийх боломжуудыг танилцуулан мөн RISE хөтөлбөрийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байлаа.
RISE-ын нээлтийн арга хэмжээ бүхэлдээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжиж, хэрхэн хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх тухай оюутнуудад мэдлэг, мэдээлэл хүргэж, байгаль дэлхийгээ хайрлахад уриалсан нь мөн онцлууштай байлаа. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран тухайн арга хэмжээг хог хаягдал багатай зохион байгуулж, нээлтийн үеэр гарсан бүхий л хогийг ангилан, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргүүлсэн юм.
RISE хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд оролцсон оюутан залуус сэтгэл хангалуун, дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүлсэн юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хичээлийн жилийн турш олон сонирхолтой, үр өгөөжтэй сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд тус арга хэмжээнд оролцож амжаагүй оюутнууд RISE хөтөлбөрийн фэйсбүүк хуудсанд ЭНД дарж бүртгүүлэн, мэдээлэл авснаар дараагийн бусад арга хэмжээнд хамрагдах боломжтой.
tav








скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn