Халамжийн мэргэжилтэн иргэнийг хуурч асаргаа, түлээ, нүүрсний мөнгийг нь өөртөө авчээ

160

Иргэн А-гийн насанд хүрээгүй хүү Г-нь 2016 онд моринд өшиглүүлсний улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, улмаар  нийгмийн халамжийн сангаас байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж авч байжээ.
Мөн А-гийн нөхөр У-нь 2018 онд даралт харвасны улмаас нийгмийн халамжийн сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан байх бөгөөд А-нь хөгжлийн бэрхшээлтэй хүү Г болон даралт харваж, тахир дутуу болсон нөхөр У нарыг асран халамжилж, сар бүр халамжийн сангаас тэдгээрийн асаргааны мөнгөн тэтгэмж авч байв.
Гэтэл сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн С-нь иргэн А болон түүний хөгжлийн бэрхшээлтэй нөхөр У, хүү Г нарт нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг тэдэнд мэдэгдэхгүйгээр өөрөө авах зорилгоор иргэн А-г хуурч “Одооноос эхлэн таны хүү Г-ийн асаргааны мөнгө олгогдохгүй болсон, нөхрийн чинь асаргааны мөнгийг 5 сараар тогтоож өглөө, 2018 оны 10 дугаар сар хүртэл авна шүү, 11 сараас эхлээд асаргааны мөнгө олгогдохгүй болсон” гэж хэлжээ. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй Г, У болон тэднийг асран халамжилдаг А нарт халамжийн сангаас олгож байсан мөнгөн тэтгэмжийн хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон мэтээр иргэн А-д ойлгуулсан байна.
Үүний дараа С-нь ....банкны тооцооны төвийн захирлаар ажилладаг М-тэй үгсэн хуйвалдаж, тус банкны  үйлчлэгч З-ын нэр дээр “иргэн А,У, Г нарт халамжийн сангаас олгодог мөнгөн тэтгэмж авах эрхийг А-аас З-д олгосон” мэтээр хуурамч итгэмжлэл хийж, сумын засаг даргын тамгын газрын наториатч Д-г төөрөгдүүлэн итгэмжлэлээ наториатаар гэрчлүүлж,  2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд  хөгжлийн бэрхшээлтэй иргэн Г, У, тэднийг асардаг А нарын халамжийн мөнгө болон эмийн мөнгө, түлээ, нүүрсний хөнгөлөлт зэрэг нийт 3.220.650 төгрөгийг хуурамч итгэмжлэл ашиглан З-ээр дамжуулан банкнаас гаргуулан авч, халамжийн мэргэжилтэн С, “Б” банкны тооцооны төвийн захирал М нар  хуваан  авсан байна.
Ингэхдээ итгэмжлэгдэгч З-д “Таны нэр дээр хийлгэсэн итгэмжлэлээр авч байгаа  А,Г,У нарын халамжийн мөнгийг бэлнээр аваад А-д явуулж байгаа, А-гийн гэр хөдөө, хол байгаа учраас тэр бүр сумын төвд ирж халамжийн мөнгөө өөрөө авах боломжгүй байгаа тул мөнгийг нь танаар дамжуулан авч А-д явуулж байгаа” гэж ойлгуулжээ.
Мөн халамжийн мэргэжилтэн С-нь 2019 оны 12 дугаар сард иргэн  А-гийн хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй хүү Г-г Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад ...аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн Ц-г хуурч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Г-г асран хамгаалагч А-гийн хамт Улаанбаатар хот уруу эмчилгээ, рашаан сувилалд яваад ирсэн гэх хуурамч мэдээллийг нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн, баталгаажуулсан.
Улмаар... 2019 оны 12 дугаар сард хуурамч итгэмжлэл ашиглан ... банкны салбарын  тооцооны төвөөс З-ээр дамжуулан иргэн А-гийн хөгжлийн бэрхшээлтэй хүү Г-ийн  нэрээр байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох түлээ, нүүрсний зардал 140.000 төгрөг, А-гийн нөхөр У-гийн нэрээр сэтгэцийн эмгэгтэй иргэнд олгох түлээ нүүрсний зардал 140 мянган төгрөг, хүү Г-ийн  нэрээр эмчилгээ, рашаан сувилалд явсан хүүхдэд 100 хувиар олгосон 445 мянган төгрөг, иргэн А-гийн нэрээр хүүхдээ асрамжилж яваа нэг иргэнд 50 хувиар олгосон 335 мянган төгрөгийн зардал зэргээр нийт 1 сая төгрөгийг  банкнаас гаргуулан авч, халамжийн санд хохирол учруулжээ.
Түүнчлэн халамжийн мэргэжилтэн С-нь иргэн А-гийн нөхөр болох хөгжлийн бэрхшээлтэй У-г рашаан сувилалд яваагүй байхад У-ын нэр дээр замын зардал гаргуулж, өөртөө авахын тулд албан тушаалын байдлаа ашиглан халамжийн мэдээллийн системд У-г Улаанбаатар хот руу рашаан сувилалд явсан гэх хуурамч мэдээлэл оруулж, улмаар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр  банкны теллерт “ хөгжлийн бэрхшээлтэй У-нь рашаан сувилалд яваад ирсэн. Сумын төвөөс гэр нь  хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг халамжийн байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэж хэлэн түүнийг залилж, гүйлгээний баримт дээр халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж, банкны салбараас У-ын замын зардал гэх нэрээр 530 мянган төгрөгийг гаргуулан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан байна.
 
Ийнхүү сумын халамжийн мэргэжилтэн С, ... банкны тооцооны төвийн  захирал М нар нь урьдаас үгсэн тохиролцож,  албан тушаалын байдлаа ашиглан хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй хүүхэд Г, хөгжлийн бэрхшээлтэй иргэн У, тэднийг асран хамгаалдаг А нарыг хуурч, тэдгээрт  халамжийн сангаас олгодог мөнгөн тэтгэмжийг хуурамч итгэмжлэл ашиглан залилан авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчин,  иргэн А-д 3 сая төгрөгийн, халамжийн санд 1.5 сая төгрөгийн, нийт 4 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ.
Прокуророос халамжийн мэргэжилтэн С, болон ... банкны салбарын захирал М нарын дээрх үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглан, залилах гэмт хэргээр зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэлтэй гэж үзэж, тэдгээрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, С,М нарын тус бүрийг 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11 сая төгрөгөөр торгож шийтгэн, С,М нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон орлого болох 4 сая төгрөгийг шүүгдэгч С,М нарын хувьд ногдох хөрөнгөөс албадан  гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn