Нийгмийг доргиож, ДҮЛИЙ ТӨРИЙГ СЭРЭЭСЭН БЯЦХАН АМЬ

0


НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас  2011 оны арванхоёрдугаар сард тунхаг гаргаж, жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгосон байдаг. Харамсалтай нь энэ өдрийг монголчууд муу мэдээ, муухай статистиктай угтлаа. Харгис этгээдийн гарт бусармагаар амиа алдсан бяцхан охин нийгэмд бугшсан муу муухайг зад татаж, дүлий төрийг сэрээж, эрх мэдэлтнүүдийг “түргэн” авахуулж, дүүрсэн харанхуй нийгэмд тэмтчиж явсан олны нүдийг нээв.
Дүнсгэр Төрийн ордон амь орж, өчнөөн гэмт хэрэг гарч, насанд хүрээгүй багачууд амь насаараа хохирч, эрүүл мэндээ алдаж байхад амаа үдүүлж, нүдээ таглуулсан мэт суудаг асан төрийн түшээд сая дуугарч, Засгийн газраа хүртэл хуралдуулан бага насны хүүхдийг хүчиндэх, алах гэмт хэрэгт оноох ялын бодлогоо чангатгах талаар арай хийж шийдвэр гаргав. Сайншандын жаахан охин нийгмийг доргиож, дээдсийг сэрээсэн бяцхан амь байлаа. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр ер нь хэдэн бяцхан амины төлөөсөөр энэ нийгэм ингэж сэрэх ёстой байсан бэ?
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдээлснээр сүүлийн долоо хоногт гурван төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгджээ. Хамгийн сэтгэл сэртхийлгэм нь энэ дотор хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувь, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн байна. Тэр дундаа хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь хүүхэд болжээ. Сүүлийн таван жил буюу 2018 оноос хойших байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 нас хүрээгүй байжээ. Эндээс энэ нийгэм өсвөр хойч үедээ ямар халгаатай, юу ч хийхээс буцахгүй сэтгэцийн эмгэгтэн хэчнээн олонтой болсныг харж болно. 
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуулийн ялын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулахаар шийдэв. “Бүх насаар хорих ял ногдуулахаар заасан хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байна. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг гэсэн хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгож байна.  Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно. Энэ ялын бодлогыг чангаруулж байгаа асуудлыг нэг тохиолдлоор, сэтгэл хөөрлөөр хийгээгүй” хэмээн Б.Энхбаяр сайд хэлэв. Хүүхдийг төрсөн цагаас нь хамгаалдаг цахим гэрчилгээтэй болгох талаар ч дуугарцгаалаа.
Уг нь аль эрт ийм арга хэмжээ авах учиртай байсан ч сая гарсан аймшигт хэрэг, гэмт этгээдийг баривчлахад жирийн иргэд зүтгэл гарган оролцсон нь дээд хүрээнд “түргэн жагсаал” авахад түлхэц болсон юм. Тэр хэрэг гараад хэдхэн хонож байгаа ч түүнээс хойш Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Баянхошууны Хөтөлөөс таксинд суусан 14 настай охиныг хүчирхийлсэн, сургуулийн орчинд сэжигтэй этгээд холхиж байсныг багш нар таслан сэргийлсэн гээд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тийм хэрэг гарч болзошгүй нөхцөл байдал үргэлжилсээр байна.
Хөвсгөл аймгийн төвд найман настай охиныг хүчирхийлэн хөнөөж цогцсыг нь мөчлөн цүнхэлж явсан хэрэг гарахад, өршөөлөөр суллагдсан этгээд Булган аймагт аймшигт хэрэг үйлдэхэд, мөн л тэгж ял завшсан нөхөр эгч дүү гурвыг сүйд хийхэд тэр үеийн төр, засгийн эрх барьж байсан “хүн дүрст”-үүд дорвитой арга хэмжээ авч хуулиа чангатгаагүй. Харин ч “Ийм тийм баяр ёслолыг тохиодуулан” хэмээх нэрийн дор, баатарлаг гавьяа байгуулагчдыг ивээж буй мэтээр бөөн бөөнөөр нь өршөөн суллаж байсны горыг биеэ хамгаалах чадваргүй бяцхан хүүхдүүд л амиараа, биеэрээ, сэтгэлээрээ төлсөн. Хар гэрт хоригдоод гарсан этгээдүүд улам балмад болж, суллагдаж гараад өвөрлөсөн өс хонзонгоо хамгийн харгисаар тайлахыг л хүсдэг бололтой юм байна. Монголчууд цөөн, цөөхөн дээрээ үр хүүхдээ “хядсаар” байвал цаашдаа энэ улсад ирээдүй гэж зүйл үлдэхгүй. 
Иргэдэд ч хүлээх үүрэг бий. Дан ганц Эрүүгийн хуулийг чангатгаснаар энэ байдал засрахгүй. Эцэг эх нь хүүхдээ хамгаас илүү харж ханддаг, хариуцлага хүлээдэг байх үүрэгтэй. Төрүүлсэн эх, эцгээс нь өрх тусгаарлаж салж сарнисан байлаа гэхэд дараа нь гэр бүл болох хүнээ сайтар таньж, хүүхдэд нь яаж хандахыг мэдэж байж толгой холбоно уу гэхээс хаа нэг газар хальт танилцаад хамтран амьдрах дээрээ тулдгаас ихээхэн хэрэг мандаж байгааг санууштай. Хүн хоорондын буруу харилцаа, зан араншин ч гал дээр тос нэмэж байна.
Хууль нь гууль болсон энэ улсад урьд өмнө ямар нэг байдлаар үр хүүхэд, дотнын хүмүүс нь гэмт хэргийн золиос болж байсан бол тухайн нутаг орноос даруй нүүж, оршин суудаг байршлаа сольж, утасны дугаараа өөрчилж байх нь өлзийтэй юм байна. Хаашаа явснаа ойр тойрны хөршдөө ч хэлэх хэрэггүй юм. Монголчууд ам султай, танихгүй хүн айл асуувал ямар зорилготойг нь ч мэдэхгүй байж далан долоон булчирхайг нь тоочоод өгдөг муу зантай. Одоо хэрсүү байцгааж, хуучин цагт хавь ойрынхныхоо хүүхдийг харж харгалздаг, хэний хүүхэд хаана, хэнтэй байгааг анзаардаг, өөрийн хүүхэдтэй хамт сургууль, цэцэрлэгээс нь авч гэрт нь хүргэдэг байсан уламжлалаа ч сэргээмээр. Таних танихгүй айлаар дураараа хэсдэг, охин үртэй айлд ороод эрээ цээргүй харж, элдэв хоёр утгатай үг шидэж суудаг мунаг харчуудад үүдээ нээх албагүй. Ер нь ч орчин цагт урьдчилан хэлэлгүйгээр зоргоороо айл хэсэж явах нь таатай зүйл биш, бүдүүлэг хүний үйлдэл болсон.
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрөөр Жендерийн үндэсний хороо, Нийслэлийн гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Төрийн ордонд “Өсвөр үеийн охидын зүрх сэтгэлийн боловсрол, үе тэнгийн гадуурхалт” сэдвээр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1000 охидыг урьж, "1000 цэцэгсийн чуулган"зохион байгууллаа. Чуулган зохион байгуулж мянган цэцэгсээ магтах нэг хэрэг. Амьдрал дээр мянга мянган цэцгээ бузарлаж гундаалгүй, ургаж төлжихөөс нь өмнө тасдаж гишгэлдэггүй, түм түмэн үрсдээ хэрцгий томчуудын гарын шүүс үзүүлэлгүй байхын төлөө хичээх нь л эцэг эх болгоны, өнөөгийн нийгмийн, хүн нэг бүрийн үүрэг, хариуцлага болж буйг өдөр алгасахгүй шахам гарч байгаа хүмүүн бусын үйлдлүүд харуулсаар байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn