Оюунлаг Завханчууд Очирваань шигээ ариун, хүчтэй төрийг сонгохыг уриалав

770


Завхан аймаг бол оюун санааны суу ухаантнуудаараа алдартай нутаг. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус аймгийн есдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг, Н.Баярсайхан нарын хамт сонгогч, иргэдтэй уулзах үед “Завханчууд оюунлаг гэдэг нэрийг эрхэм болгохын тулд энэ удаагийн сонголт юу юунаас чухал. Бид орчлонгийн зулай дээр сая сая жилээр ханхайж суудаг Очирваань шигээ ариун, хүчтэй, мөнхийн байх төрийг бид сонгох ёстой”  хэмээн МУСГЗ П.Батсайхан хэлэв. Тэрээр мөн завханчууд сүүлийн жилүүдэд дандаа сөрж сонголт хийдэг, үүнийхээ зовлон, жаргалыг ч эдэлж байна гэлээ. Тухайлбал,өнөөдөр Завхан аймаг ганцаараа хатуу хучилттай автозамаар холбогдогдоогүй байгаа нь  дээрээ, доороо бодлого нийлэхгүй байгаатай холбоотой гэж МУСГЗ П.Батсайхан хэлэв.Завханчууд ч үүнийг өөр хоорондоо хэлэлцдэг, ярилцдаг учраас энэ удаа МАН-ыг багаар нь сонгоно гэдгээ илэрхийлж байна. 
МУГСЗ П.Батсайхан мөн У.Хүрэлсүхийн удирдлагад  40 жил төрийн албанд зүтгэснээ хэлж, зарчимтай удирдагч гэж онцлов. Харин  “Завхан хүнс атар арвай” компанийн захирал Д.Мөнхзаяа “Засгийн газраас аж ахуйн нэгж, иргэд рүү чиглэсэн үр дүнтэй шийдвэр гаргаж, хуулиуд нь амьдралд хэрэгжиж эхэлсэн. Жишээ нь, хүүхэд төрүүлж өсгөж буй ээжүүдийг дэмжин “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, санаа зовохгүйгээр гурван жил хүүхдээ өсгөх боломжийг олгосонд эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархаж байна. Мөн банкны зээлийн хүүг гурван хувиар бууруулсан нь бизнес эрхэлж байгаа бидэнд маш их дэмжлэг болсон. Анх удаа 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бүсчилсэн байдлаар хөнгөлж өгсөн. Мөн жилд хоёр удаа тайлан гаргадаг байхаар хялбар болгож өгсөн. Цаашид алслагдсан бүс нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж,  бүсийн нэмэгдэл болон татварын хөнгөлөлт үзүүлэхийг нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс хүсч байна. Ингэснээр импортыг багасгаж, дотоодын үйлдвэрлэлийг хөгжих боломж бүрдэнэ” хэмээн ярьж,оновчтой бодлого хэрэгжүүлж байгаа У.Хүрэлсүхийн багийн дэмжихийг уриаллаа.
Намынхаа болон Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг танилцуулсан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх яагаад  Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарт итгэл хүлээлгэж, Завхан нутаг руу илгээсэн тухайгаа мөн ярив.  Тэрбээр Ц.Цэрэнпунцаг бол улс эх орондоо баялаг бүтээсэн, их зүйлийг хийсэн, ноён нуруутай, бизнесийн арга ухаантай хүн. Энэ хүн улс төрд орох цаг нь болсон. Ирэх жилүүдэд хөгжилд хөтлөх мега төслүүдийг хэрэгжүүлэх учраас энэ хүний мэдлэг боловсролыг ашиглах ёстой гэж нэр дэвшүүлжээ. Харин Б.Баярсайханы тухайд түүнийг боловсролын системийг шинэчлэхэд хувь нэмрээ оруулах мэдлэг, туршлагатайн зэрэгцээ эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл энх, сайн сайхан, хөгжлийн төлөө олон зүйлийг хийх зорилготой тул Завхан нутгийн зон олонд илгээжээ.
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Завхан нутагт ажиллаж, иргэд, сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нар ч үгээ хэлэв.
Нэр дэвшигч Ц.Цэрэнпунцаг мөрийн хөтөлбөрөө танилцуулав
Мөрийн хөтөлбөрт тусгасан бодлогуудаа товчхон танилцуулъя.
Нэгдүгээрт, хүний хөгжлийн бодлогодоо цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, татварын суутгалыг бууруулахын зэрэгцээ ард иргэдэд ихээхэн дарамт болж байгаа зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй байх зорилт дэвшүүлж байгаа. Мөн сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулж, хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дөрвөн жилд улсын хэмжээнд 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд цалинтай ээж, хүүхдийн мөнгө, насны хишиг хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, шинээр хуримтлалтай хүүхэд, тогтвортой амар амгалан гэр бүл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлнэ.
Хоёрдугаарт, эдийн засгийн бодлогодоо бид хөгжилд хөтлөх мега төслүүдийг хөдөлгөж, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэхийн дээр гадаад өрийн бууруулж, ОХУ, БНХА-ыг холбосон хийн хоолойг монголоор дайруулах асуудалд идэвхтэй ажиллана. Мега төслүүдийн хүрээнд уул ууррхайн томоохон төслүүдийг эхлүүлж, боловсруулах үйлдвэрүүдийг цогцоор нь барьж байгуулна. Түүнчлэн Үндэсний баялгийн сан байгуулж, уул уурхайн өгөөжийг иргэдэд бодитойгоор хүртээх тогтолцоог бий болгоно. Мөн дэд бүтцийн сүлжээг өргөжүүлж, 2300-аас дээш км урт автозамыг шинээр барьна.
Гуравдугаарт, засаглалын бодлогодоо хууль эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шинэчлэн найруулсан Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээ засаглалын ил тод байдлыг хангах, төрийн албаны ёс зүйг өндөржүүлэх олон ажлыг тусгаад байгаа бөгөөд албан тушаалын гэмт хэрэг, үндэстэн дамнасан хар тамхины наймаа худалдаа тээвэрлэлтийг хязгаарлах, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндсэн асуудалд онцгой анхаарал хандуулж, тодорхой зорилтуудыг тусгасан.
Дөрөвдүгээрт, ногоон хөгжлийн бодлого бол МАН-ын амин чухал, суурь зорилтуудыг багтаасан гол бодлого бөгөөд хариуцлагатай уул уурхайн асуудлыг энэ бодлогодоо тусгайлан оруулсан. Экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, цөлжилтийг бууруулах зэрэг зорилтыг тавьж, сэргээгдэх эрчим хүчээр ханган ажиллана.
Тавдугаарт, орон нутгийн хөгжлийн бодлогодоо аймаг, нийслэл тус бүрээр нь тодорхой зорилтуудыг нэг бүрчлэн зааж оруулсны зэрэгцээ алслагдсан аймаг, сумдад бүсийн нэмэгдэл олгож, татвар, зээлийн бодлогоор дэмжиж ажиллана. Мөн бүх аймгийн эрчим хүчний шөнийн тарифыг тэглэхээр тусгалаа. Мөн аймаг бүрт нутгийн зам хөтөлбөр хэрэгжүүлж, байгалийн нөөц ашигласны тодорхой хувийг аймаг, сумдад үлдэх зохицуулалтыг хийнэ. Арван аймагт дулааны станц барихаар төлөвлөсний дотор Завхан аймаг багтаж буйг хэлэхэд таатай байна. Аймаг бүрт арван бүтээлч ажил хэрэгжүүлэхээр нэр заан жагсаан бичсэн байгаа. Ингээд та бүхэндээ 2020-2024 онд хийж хэрэгжүүлэх арван бүтээлч ажлыг танилцуулъя.
  1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
  • Түрээсийн орон сууц- 200
  1.  Утаагүй Улиастай, сум, суурин хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  2. Шаардлагатай сумдад сургууль, цэцэрлэг, эмнэлэг барина. Аймгийн хүүхдийн зусланг сэргээнэ.
  3. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн ахуй байдалд онцгойлон анхаарч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
  4. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын машинд парк шинэчлэл хийж, стандартын шаардлагад нийцсэн автомашинаар хангана.
  5. Арц суурь боомтыг Нөмрөг сумтай, Улиастай хотыг Алтай хоттой, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдыг Тосонцэнгэл – Улаангом чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замтай холбоно.
  6. Их-Уул, Ургамал, Цагаанчулуут, Түдэвтэй, Тэс сумын ЗДТГ-ын барилгыг барина.
  7. Малчдыг өртөг багатай малын тэжээлээр хангах үйлдвэр байгуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.
  8. “Отгонтэнгэр” аялал жуулчлалын цогцолборыг байгуулна.
  9.  Улиастай-Дөргөн-Мянгад чиглэлд авто замын ажил эхлүүлж, орон нутгийн чанартай гүүрнүүдийг засварлаж, шинээр барина.
Нэр дэвшигч Б.Баярсайхан хүчээ нэгтгэн зүтгэхээ илэрхийлэв
Бид иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсч байна. Очсон сум бүрийн иргэд, залуучууд, ахмад буурлууд маань дээрх ажлуудаа үргэлжлүүлэн улс орноо улам хөгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх танд захиж, бас бидэнд үүрэг болгож, их итгэл найдвар тавьж байна. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүний хувьд нийгмийн хамгийн чухал дөрвөн салбарын хөрөнгө оруулалт, салбарын ажилтны цалин хөлс нэмэгдэж, олон олон хөгжлийн бүтээн байгуулалт хийгдэж, он удаан жил шийдэгдээгүй гацсан ажлууд үр дүнтэй урагшилж эхэлсэнд баяртай байна. НҮБ-аас Монгол Улсын Засгийн газрыг сургуулийн өмнөх боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гэж өнгөрсөн жил үнэлсэн. Гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан 50 мянган хүүхдийн 15 мянгыг нь цэцэрлэгтэй болгосон. Монгол Улсын Засгийн газар алсын хараагаа 2050 он хүртэл тодорхойлж, МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжийн бодлогыг  эн тэргүүнд тавьсан нь улс орон маань хөгжих хамгийн зөв замын эхлэл гэж харж байна. Хүнээ хөгжүүлсэн улс орон хөгждөг. Өвөг дээдсийнхээ хүнээрээ хүн хийх хосгүй ухаан, уламжлалт ёс заншил, үндэсний өв соёлоо дээдлэн сэргээж, зөв сэтгэлтэй, чин хандлагатай,  ёс зүйтэй иргэнээ бэлтгэх нь Монгол Улсын маань оршин тогтнох, дэвжин дээдлэхийн үндэс юм.
Газар нутгийн хувьд Завхан аймаг маань Монгол Улсын баруун нүд нь юм. Иймд хөгжлийн хувьд Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээнд баруун бүсийн тулгуур хөгжлийн төв болох учиртай. Энэ ажлын эхлэл болгож МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Завхан нутгийг хөгжүүлэх ажил үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тантай хүчээ нэгтгэн зүтгэх болно.a
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn