В.ПУТИН “БӨХИЙЖ”, КИМ ЖОН УН “ГЭДИЙСЭН” АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

167
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д хийж буй төрийн айлчлалаа эхлүүллээ. Нисэх буудлын гаднаас л хэн нь эхэлж автомашин суух вэ гэж ихээхэн будилж харагдсан хоёр орны төрийн тэргүүн уг айлчлалаар хэн хэнээсээ “тусламж” гуйх талаар гаднын шинжээчид онцолж байна. ОХУ-ын төрийн тэргүүн 24 жилийн дараа БНАСАУ-д айлчилж буй уг айлчлалаар В.Путин, Ким Жон Ун нар АНУ тэргүүтэй орнуудын хориг арга хэмжээ болон дайн, зэвсгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцах аж.

-В.ПУТИНЫ АЙЛЧЛАЛААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД-

24 жилийн дараа БНАСАУ-д айлчилж буй ОХУ-ын төрийн тэргүүн болж буй Владимир Путин дайнтай холбоотой асуудал болон гаднын хориг арга хэмжээний асуудлуудыг онцлон ярилцах төлөвтэй буй. Харин Хойд Солонгосын хувьд цөмийн зэвсэг болон пуужингийн хөтөлбөртэйгөө холбоотойгоор НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн эдийн засгийн хатуу хориг арга хэмжээтэй нүүр тулсан. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэдэгдсэнээр “ОХУ болон БНАСАУ барууны орнуудаас хараат бус худалдаа, наймаа, төлбөрийн системийг хөгжүүлэх” гэнэ.
                       Хоёр орны төрийн тэргүүний Хойд Солонгост хийж буй уулзалтаар ОХУ-аас БНАСАУ-д эдийн засаг, техник технологийн тусламж үзүүлэх бол БНАСАУ-аас ОХУ-д Украинтай хийж буй дайнд шаардлагатай зэр зэвэг нийлүүлэх асуудлыг чухалчлах талаар АНУ, БНСУ-ын хэвлэлүүд онцолж байна. Түүнчлэн хоёр улс цаашид соёл, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа тэлэх асуудал хэлэлцэж, стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурахад ч ойрхон байгаа юм байна.

-КИМ ЖОН УН УЛААН ХИВСНИЙ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ УГТЖЭЭ-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт Пёньянд газардсан. Түүнийг угтан Хойд Солонгосын талаас тун хүндэтгэлтэйгээр Солонгосын уламжлалт ханбок өмссөн эмэгтэйчүүд зочин сарнайн баглаа тэвэрч угтсан гэнэ. Улмаар хоёр орны удирдагч тансаг зэрэглэлийн лимузинд суух үеэрээ хэн нь эхэлж суух дээр хэсэг будилж, нэгнээ хүндэлж байгаа бичлэг олон улсад цацагдсан. Тэд нисэх онгоцны буудлаас Хойд Солонгосын Кумсусан мужид байрлах зочид хүлээн авах харшид очсон бөгөөд Ким Жон Ун Ерөнхийлөгч Владимир Путинд зориулан улаан хивсний ёслол зохион байгуулж, улсынхаа төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий хүмүүс, бизнесменүүд, миссүүдийг цуглуулсан сурагтай гэнэ. Харин В.Путиныг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд Денис Мантруров зэрэг төрийн өндөр албан тушаалтан дагалдан яваа бөгөөд хоёр орны хэлэлцээр, ярианы тухай албан ёсны мэдээлэл цацаагүй байна.

-ХЭН НЬ ХОЙД СОЛОНГОСЫН “НАЙЗ”, ХЭН НЬ ОХУ-ЫН “ДАЙСАН” БЭ-

Хойд Солонгосын хувьд олон жилийн турш цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрийн улмаас НҮБ-ын Аюулгүй зөвлөл болон тус зөвлөлийн орнуудаас хатуу хориг арга хэмжээнд орж ирсэн. ОХУ-д ч мөн Украинтай холбоотой асуудлаар АНУ тэргүүтэй НАТО-гийн орнуудаас хориг арга хэмжээ авсан байдаг. Дээр дурдсан хоёр асуудал Ерөнхийлөгч В.Путины айлчлалын гол сэдэв байх аж.
                         Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын орнуудаас ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний хяналтаа сулруулахад Москва Пёньянаас их хэмжээний зэр зэвсэг худалдан авч болзошгүй талаар барууны орнууд мэдээлж, буруушааж байв. Мөн дээр дурдсан хугацаанд Хойд Солонгос шинэ зэвсэг, пуужингийн хөтөлбөрийн явцаа идэвхжүүлсэнь Солонгосын хойгийн асуудлыг улам хурцадмал байдалд шилжүүлж, олон улсын анхаарлыг ихээр татсан. Үүнтэй ч холбоотойгоор АНУ, БНСУ-ын эрх баригчид хамтран Пёньяныг хянах өөр механизмыг хэрэгжүүлэхээр шинэ хувилбарууд ярьж эхэлсэн. Иймд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгос хийж буй айлчлалаараа зөвхөн зэр зэвсэг, эдийн засаг, хориг арга хэмжээний асуудлаас гадна бусад орны эсрэг ямар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэхээ “эцэслэх шийдэх” арга зам хайж байх магадлалтай гэнэ.

АЙЛЧЛАЛЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ:

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийж буй талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “В.Путины Хойд Солонгост хийж буй айлчлал нь Орос өөрийн түрэмгийллээ үргэлжлүүлэхэд шаардлагатай тусламж өгөх улс орнуудтай харилцаагаа өргөжүүлж, бэхжүүлэхээр хичээж, цөхрөнгөө барж байгааг харуулж байна” гэжээ. Харин дээр дурдсан хоёр орны хоёулангийнх нь эсрэг хориг арга хэмжээ аваад буй НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг “БНАСАУ ОХУ-д Украинд ашиглах их хэмжээний сум, зэвсэг, техник нийлүүлж байгаа. Иран ч үүнд оролцон хүмүүс, дэд бүтцийн эсрэг ашиглах дрон нийлүүлсээр байна. Гэхдээ БНАСАУ, ОХУ-ын төрийн тэргүүний уулзалт нь Оросоос Хойд Солонгосын цөмийн бөмбөг, пуужингийн хөтөлбөрт шууд дэмжлэг үзүүлэх боломжийг өсгөх байгаад санаа зовниж байна” хэмээн мэдээлсэн байна.

https://ergelt.mn/news/86/single/45325
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn