Монгол орны аялахад тохиромжтой 10 нуур

146

Дэлгэр зуны улиралд иргэд эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялж, зугаалдаг. Хүмүүс цэнхэр тэнгэр, уудам тал, ногоон зүлэг, сүрлэг уулсаар нүдээ хужирлаж, бүтэн жилийнхээ стресс ядаргаагаа тайлдаг болсон. Тиймээс энэ удаа монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт, аялахад тохиромжтой 10 нуурыг танилцуулж байна.

  • ХЯРГАС НУУР
Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур юм. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газарт бүртгэж авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтад багтах аж.
Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно.
  • УЛААГЧНЫ ХАР НУУР
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110 км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80 км зайд оршдог. Эргэн тойронд нь Товхошийн сүрлэг уулс бий.
Улаагчны хар нуурын гүн нь 48 метр, урт нь 30 км, өргөн нь 5-10 км байдаг бөгөөд нуурын голд д.т.д 2500 гаруй метр өргөгдсөн их бага гурван Авгаш арал байдаг нь нүүдлийн шувуудын үүр болдог.
Жилд 13 орчим төрлийн нүүдлийн шувууд тус нуурыг зорьж ирдэг ажээ.
  • САНГИЙН ДАЛАЙ НУУР
Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших давст нуур. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Их-Уул сумуудын хооронд байрлана.
Тус газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм. Уг нуур натри, хлоридын ус бүхий нуурт багтана.
  • ХУРГАН НУУР
Хотон, Хурган нуурууд нь Монгол улсын хилийн зурвас нутагт орших тул Улаанбаатараас эсвэл Өлгий хотоос Хилийн Цэргийн Удирдах газраас хилийн зурваст Зорчих Зөвшөөрөл урьдчилан авдаг. Өлгийгээс Хотон Хурган нуур хүрэх замд Та Ховд голын үзэсгэлэнт хавцал, мөнх цаст Цэнгэл Хайрхан, эртний түрэгийн үеийн хүн чулуун дурсгалууд, булш хиргисүүр, сүг зураг, казах болон тува, урианхай ардын аж амьдрал, өвөрмөц хэл соёлтой танилцах боломжтой.
Хотон Хурган нуур ороход хоёр янзын замаар Өлгий хотоос явж болох бөгөөд замдаа Цэнгэл сумаар дайрч шатахуун нөөцлөх боломжтой.
  • ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР
Хар зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй оршдог. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.
Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хан сууринд залсан. Монголын Нууц Товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.
  • ТЭРХИЙН ЦАГААН НУУР
Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.
Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Цурхай зэрэг Сэлэнгийн савын загастай. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.
Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.
Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
  • АЧИТ НУУР
Ачит нуур нь Увс аймаг дахь хамгийн том цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг газар байна. Нуурын эрдэсжилт нь 0.180‰.
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөх мөрөн гол, Улиастай гол зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэнэ. Ачит нуур нь илүүдэл усаа усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Ачит нуурын ус цуглуулах талбай нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна.
  • ЦАГААН НУУР
Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Бөөн цагаан нуурт 99 гол, горхи нийлж мөрөн болоход ганцхан гол тутсан гэдэг Байдрагийн гол цутгадаг. Нуурын өргөн нь 11км, урт нь 24 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна.
Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй.
Бөөн цагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг, дэлхийд гайхагдсан ховорхон нуур юм. Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.
  • ШИРЭЭТИЙН НУУР
1639 онд одоогийн Өвөрхангай аймагт шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхөд зориулсан орд өргөөг Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар барьж байсан түүхтэй.
Хангайн нурууны баруун урд хэсэгт сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян гэсэн хоорондоо гүний судлаар холбоотой найман нуур бий.
Эдгээр нууруудыг Хүйсийн найман нуур гэнэ.
Галт уулын гаралтай, цэнгэг усны нөөц бүхий эдгээр нуур нь үзэсгэлэн төгс бүрдсэн байгалийн дурсгалт газар юм. Өврийн сайхан хангайн үзэмжийг нэмсэн Ширээт нуур руу түрж орсон 2 хэсэг модтой хамрыг нутгийхан арал хэмээн нэрлэдэг.
  • ТААЦЫН ЦАГААН НУУР
Таацын цагаан нуур нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг Бага-Богд уулын ар хоолой, нугын элсний ар хормойд, Нууруудын хөндийд далайн түвшинээс дээш 1234м-т оршдог шорвог нуур юм.
Тус нуур нь ойр орчмын Бөөн цагаан, Адгийн цагаан, Орог нууруудын хамтаар “Нууруудын хөндий” гэдэг нэрээр намгархаг газраар 1998 онд бүртгэгдсэн. Нүүдлийн шувууд хуран цугладаг, нууруудын хөндий нь ховордсон реликт цахлайн үржил явагддаг нутаг юм.
С.Нинжжаргал
https://news.mn/r/2740008/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn