Швед, Финланд улс иргэдээ дайнд бэлтгэж байна
Швед, Финланд улсууд Украины мөргөлдөөн даамжрахаас сэргийлж, "NATO"-ийн холбоотон орнууд шиг батлан хамгаалах арга хэмжээгээ эрчимжүүлэх болсон байна. Мөн ард иргэддээ дайныг хэрхэн даван туулах талаар шинэчилсэн зааварчилгааг танилцуулжээ. Орос 2022 онд хөрш орон руу нь довтолсны дараа Швед, Финланд улс нь Атлантын далай дамнасан холбоонд нэгдсэн байдаг. Мөн Европын олон орон урт хугацааны аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн юм. Скандинавын уг хоёр улсын сая сая айл өрхөд шинэчилсэн зааварчилгааг тараасан. Үүнд цэргийн мөргөлдөөн, харилцаа холбоо тасрах, цахилгаан тасрах, цаг агаарын эрс тэс үзэгдлийг үед ямар арга хэмжээ авах, юу бэлдэх болон үр дагаварт хэрхэн бэлтгэх тухай зааварчилсан байдаг.
Жишээ нь савласан ус, ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн живх, сүү нөөцөлж, хадгалахаас эхлээд гэртээ идэж болох хүнсний бүтээгдэхүүн тариалах аргыг хүртэл заасан байна.
Мөн дайны үед хэрхэн биеэ авч явах талаар зөвлөгөө өгчээ. Шведийн иргэний ослын агентлаг (MSB) мэдээлснээр, Шведийн засгийн газар арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд таван сая айл өрхөд "Om krisen eller kriget kommer" буюу Хэрэв хямрал эсвэл дайн гарвал гэх товхимлыг тараасан байна.
Дэлхийн II дайны үед анх хэвлэгдсэн Шведийн уг товхимол тав дахь удаагаа шинэчлэгдэж дайнд бэлтгэхэд илүү их анхаарал хандуулах тухай гэж "MSB"-ээс мэдэгдсэн байна. Аравдугаар сард мөн дижитал хувилбараар гарсан ба үүнийг 55 мянга гаруй удаа татагдсан гэж тус агентлаг онцолжээ. "MSB"-ийн албан ёсны цахим хуудсанд "Сүүлийн жилүүдэд дэлхийн энх тайван эрс муудсан. Манай ойр орчимд дайн өрнөж байна. Терроризмын аюул заналхийлэл, кибер халдлага, худал мэдээлэл түгээх кампанит ажил нь биднийг сулруулж, нөлөөлөх гэж оролдож байна" гэжээ. Мөн "Эдгээр аюул заналхийллийг эсэргүүцэхийн тулд бид эв нэгдэлтэй байж, эх орныхоо өмнө хариуцлага хүлээх ёстой.
Хэрэв бид халдлагад өртвөл хүн бүр Шведийн тусгаар тогтнол, ардчиллыг хамгаалахад туслах ёстой. Бид өдөр бүр хамтдаа тэсвэр тэвчээрийг бий болгох болно" гэсэн байна.
"Om krisen eller kriget kommer" товхимолд мөн нүүлгэн шилжүүлэх, цус алдалтыг хэрхэн зогсоох, сэтгэлийн түгшүүртэй тэмцэх, тэжээвэр амьтдаа бэлтгэх, хямрал, дайны талаар хүүхдүүдэд хэрхэн ойлгуулах, эмзэг бүлгийн гишүүдийг хэрхэн дэмжих тухай зөвлөмжүүд багтсан. Финландын Дотоод хэргийн яам Даваа гаригт мөн адил дайны үеэр хэрхэн арга хэмжээ авах талаар шинэ удирдамж гаргаж, иргэдэд зөвлөгөө өгсөн байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN