Амтат жимсийг арчлан тордогч ажилсаг гэр бүл
Увс /МОНЦАМЭ/.Улаангом сумын 10-р багийн иргэн Болд-Оолын Ариунболд гэх хөдөлмөрч, хөрслөг бор залуу хашаандаа төрөл бүрийн жимсний мод тарьж ургуулан, тордож арчилж буйг дуулаад хэрэг болгон нэг өдөр зорьж очлоо. Тэрбээр хэлж ярихаасаа илүүтэй хийж бүтээхийг урьтал болгодог, зүгээр сууж чаддаггүй ясны хөдөлмөрч, бас дээр нь эгэл даруухан зантай нэгэн байв.
Талбай нь тэр чигээрээ жимс. Тоочвол алим, чавга, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, улаалзгана, үрэл, мойл, чэрри буюу улаан интоор, шар интоор, үхрийн нүд, чацаргана гээд хөвөрч өгнө. Мөн дээр нь нохойн хошуу, тэхийн шээг гэх мэт эмийн ургамалууд, аа бас манжин, лууван, төмс, сонгино гэхчлэн хүнсний ногоо ч ургаж байх юм. Ердөө хоёрхон га талбайтай мөртлөө тэндээ төрөл бүрийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, эмийн ургамлууд тариалж, жилээс жилд арвин их ургац хураан авч буй нь “эзний сайных” гэлтэй.
Болдоо уг нь төрөлх Тэс сумандаа малчин, адуучин байжээ. Гэвч багш бүсгүйтэй дэр нэгтгэж айл гэр бүл болсон тул амьдралын эрхээр аймгийн төвд шилжиж ирсэн байна. Хөдөө газар малын захад өсч, морин дэл дээгүүр хийсгэж явсан түүнд Улаангомд тийм ч амархан ажил алба олдохгүй байсаар хэдэн оныг үджээ. Гэхдээ зүгээр суулгүй хөдөлмөрлөж, орон сууцанд орохоор овоо хэдэн төгрөг цуглуулж байснаараа аймгийн төвийн захдуухан чацарганы модтой хоёр га талбай худалдаж авсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болжээ. Улмаар түүнийгээ эхнэрийнхээ хамтаар усалж ургуулан, арчилж тордож, бордож бөөцийлсөөр өдгөө зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж буй нь энэ аж.
Түүнийг анх худалдан авч байхад уг талбай нь 500 гаруй чацарганы модтой, жилдээ нэг тонн гаруй жимс өгдөг байжээ. Дараа жил нь хоёр тонн жимс хураасан бол гурав дахь жилээс эхлэн ургац нь илт нэмэгдсэн байна. Учир нь тэрбээр уг талбайг авсан жилдээ 700 гаруй чацарганын суулгац нэмж тарьсан нь ийнхүү ургацаа өгөх болжээ. Одоо тэрбээр 1200 гаруй чацарганы модтой бөгөөд жилдээ 6-7 тн орчим ургац хурааж авахаас гадна хоёр тонн орчмыг нь гар аргаар боловсруулж, чацарганы цэвэр тос, шүүс үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
“Манай аймагт чацаргана үнэ багатай. Нэг килограммыг нь “ТЭСО” компани 2500 төгрөгөөр худалдаж авдаг юм. Гэтэл 1 кг чацарганыг 1000 төгрөгөөр түүлгэхээр надад ердөө 1500 төгрөг нь үлддэг. Хавар 4-р сараас эхлээд намар 11-р сар хүртэл үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий хүртэл борви бохисхийхгүй хөдөлчихөөд ургацаа ийм бага үнээр зарахаар надад үнэхээр харамсалтай байдаг. Иймээс сүүлийн жилүүдэд жимсээ аль болох өөрсдөө боловсруулаад шүүс, тос гэх мэт бүтээгдэхүүн болгож борлуулахыг чухалчилдаг болсон. Гэхдээ гар аргаар багахан хэмжээтэй боловсруулдаг болохоор санасан хэмжээнд хүртэл хангалттай сайн ашиг хүртэж чадахгүй байна. Манайх ямар нэгэн төсөл хөтөлбөрт огт хамрагдаж байгаагүй. Болдогсон бол чацаргана боловсруулах цехээ өргөжүүлж, өөрийнхөө талбайгаас түүсэн бүх жимсээ өөрсдөө боловсруулдаг болмоор байна” хэмээн Болдоо сэтгэлээ уудалсан юм.
Талбай дундуур нь явж байхад ихэнх чацарганы бутнууд жимсээ даахгүйгээр газар налж ургасныг доороос нь модоор нямбай гэгч тулсан байлаа. Эдний гүний худаг нь ус элбэгтэй тул усалгааны тал дээр ямар ч асуудал гардаггүй байна. Бас сүрхий өргөн хоолойгоор усаа татаж талбай дундуураа гүйлгэжээ.
“Би ганцаараа энэ бүхнийг бий болгоогүй. Эхнэр хүүхэдтэйгээ нийлээд гэр бүлээрээ л хөдөлмөрлөж байна” хэмээн Болдоо даруухан өгүүлсэн.
Түүний гэргийг П.Булганхишиг гэдэг бөгөөд Улаангом сумын Ерөнхий боловсролын 3-р сургуульд математикийн багшаар ажилладаг байна. Эднийх гурван хүүхэдтэй ба том нь 11, дундах нь 6, бага нь нэг ойтой аж. Хүүхдүүд нь насаар бага ч хөдөлмөрч аав ээжийн үрс гэсэндээ талбайнхаа зэрлэг зулгаах, модоо услах, жимсээ түүх, дүүгээ асрах зэргээр аав ээжийнхээ гарын үзүүрт дэм тус болно.
Болдоо ихэвчлэн хавар 4-р сараас эхлэн талбайн цэвэрлэгээний ажлаа хийдэг байна. Хүний идэж уудаг, ам руу ордог хоол хүнс болохоор ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой гэсэн алтан дүрмийг тэд ягштал барина. Эдний талбайгаас жилдээ 7-8 машин “хог” гардаг гэх. Энэ нь мэдээж малын өвс тэжээл тул бүгдийг нь хадаж, тармуурдан малчдад өгдөг байна. Мөн модоо нэг бүрчлэн бордож, хор цацан элдэв төрлийн шавьж хорхой, хогийн ургамлаас хамгаална. Талбайнхаа нэг захыг услаад нөгөө захад нь ирэхэд бараг 7-8 хонодог аж.
“Зуны ид халуун үед өглөөний таван цагаас өдрийн 12 цаг хүртэл усалгаа хийдэг. Өдрийн ган халуунаар мод услахаар ус ууршаад дээшээ хөөрчихдөг юм. Иймээс ихэвчлэн өглөө, оройн сэрүүгээр усалгаагаа явуулдаг. Ялангуяа шөнө уславал модондоо илүү үр өгөөжтэй байдаг. Бид хоёр заримдаа оройн зургаан цагаас шөнийн хоёр цаг хүртэл модоо ээлжилж усалдаг” хэмээн эхнэр нь өгүүлсэн.
Эднийх сүүлийн үед дандаа намхан голдуу, өргөсгүй чацарганы мод тарьж байгаа аж. Учир нь хүмүүс өргөстэй модыг хатгаж байна, өндөр байна гээд жимсийг нь түүж өгдөггүй байна.
Алим, чавга, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, мойл, үхрийн нүд, үрэл, чэррий буюу улаан интоор, шар интоор гэх мэт 10 гаруй төрлийн модыг Болдоо чацарганыхаа талбайд туршилтын журмаар цөөхөн тарьсан аж. Энэ нь бүгдээрээ амжилттай сайн ургаж байгаа тул нэмж тариалах бодолтой байгаа гэлээ. Чэрри буюу улаан, шар интоорыг шилэнд жимс, саахар хоёроо тэнцүү хийгээд дарчихдаг байна. Хоёр жил дарж үзэхэд үнэхээр гоё болсон тул удах тусмаа улам их амттай болдог жимс юм байна гэсэн дүгнэлтэд тэр хүрчээ. Эднийх интоорынхоо нэг модноос ойролцоогоор гурван кг жимс хураадаг байна. Мөн зэрлэг үхрийн нүд, зэрлэг чацарганы модыг талбайдаа суулгасан нь жимсээ өгч эхэлжээ.
“Нохойн хошууг ууц нуруу, царцангийн өвчний үед ихэвчлэн чанаж уудаг. Манай гэр бүлийнхэн өвлийн улиралд ханиад томуу огт тусдаггүй” хэмээн эхнэр нь сайрхаад авна лээ.
Эднийх нэг жил хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тариалж арвин их ургац авсан байна. Гэвч заримыг нь борлуулж амжилгүй муутгасан тул дахин их хэмжээгээр тариалахаас зайлсхийх болжээ. Одоо харин зориулалтын цаас авч хүлэмж байгуулах санаа бий гэж байв.
Тэр хоёр энэ зун их ажлынхаа зав зайгаар ахуйн хэрэгцээнд ашиглах агуулах барьжээ. Үүнийгээ өвлийн цагт машины дулаан граж болгоод ашиглах гэнэ. Шинэхэн агуулах дотор нь хүнсний зориулалтын 200 литрийн багтаамжтай баллон, поошигууд өрөөтэй байсан нь энэ сарын 20-иос эхлээд түүх ургац хураалтынх нь бэлтгэл ажил бололтой.
“Өнгөрсөн жил хоёр тонн чацаргана гар аргаар боловсруулаад 22 л тос гарган авч 100 граммаар савлан, тус бүрийг нь 25 мянган төгрөгөөр зараад дууссан. Нэг тн чацарганаас ойролцоогоор 10 л тос, 600 л шүүс, 100 кг шаар гардаг юм. Манайх талбайгаасаа жилдээ дунджаар 30 гаруй сая төгрөгийн орлого олдог. Гэхдээ зарлага бас багагүй гардаг юм” хэмээн Болдоо хуучилсан.
Өнгөрсөн жил тэрбээр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргаж тос, шүүс хоёроо шинжлүүлэхэд чанарын өндөр шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан байна. Түүнээс хойш аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилчид эднийхээс голдуу тос, шүүс худалдаж авдаг болсон гэх.
Өөрөө өөртөө ажлын байр бий болгохоос гадна өрх гэрийнхээ хэрэгцээг элбэгхэн хангачихдаг, бас дээр нь төрөл бүрийн жимс тариалж байгаль орчинд ээлтэй хөдөлмөр эрхэлж буй, өдгөө 30 гаруйхан настай Болдоо дүүдээ болон түүний гэр бүлд улам их амжилтыг хүсэх байна. Санасан, сэдсэн бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай.