Хөл хорионы дэглэм сахиулж байгаа албан хаагчдад туслах аян өрнүүлж байна
Монголын Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хөл хорионы дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байгаа цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, авто тээвэр зэрэг байгууллагын алба хаагчдад туслах хандивын аяныг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлжээ.
"Эмэгтэйчүүд-эх орондоо тусалъя" уриан дор гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хөл хорионы дэглэм сахиулж буй алба хаагчдад туслах хандивын аян өрнүүлж байна. Аяны хүрээнд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй хүмүүст амны хаалт болон нэн шаардлагатай бусад зүйлсээр туслахыг зорьж байгаа. Уг ажилд хүн болгон өөрийн боломжоороо хандив өргөж болно" хэмээн ЛЭАС-гийн аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Т.Алмагүл хэллээ.
Тус хандивын аяныг аймгийн ард иргэд, тэр дундаа эмэгтэйчүүд идэвхтэй дэмжин нэгдэж байгаа ажээ.