Д.Буянжаргал: Дүрэмт хувцсаа өмсөөд ажлаа хийх нь их эрч хүч, урам зоригийг өгдөг

584


Увс аймаг дахь Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Буянжаргалтай ярилцлаа. Түүний хувьд эрхэлсэн албаа нэр төртэй гүйцэтгэж яваа цагдаагийн байгууллагын тэргүүлэх албан хаагчдын нэг бөгөөд салбартаа 21 дэх жилдээ ажиллаж байна.

-Та анх Цагдаагийн байгууллагатай хэрхэн холбогдож байв?
-Би МУИС-ийн Завхан аймаг дахь Салбар сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Ажлын гараа маань Цагдаагийн байгууллагаас эхлэлтэй. Анх 2001 онд тус байгууллагад Эдийн засгийн төлөөлөгч, дадлагажигч ажилтан гэсэн албан тушаалд томилогдон ажиллаж байлаа. Тэр үед дадлагажигч багшийн заавар зөвлөгөө, мөн хамт ажиллаж байсан ах нараасаа ихийг суралцаж, өөрийгөө дайчлан ажилласан. Эрүүгийн Эдийн засгийн албанд 17 жил ажиллаад Ахлах байцаагч, хэсгийн байцаагч, Сум дундын Цагдаагийн хэсгийн даргаар томилогдож байсан. 2020 оноос Увс аймаг дахь Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна. Тус хэлтэс нь байгууллагын бодлогын баримт бичиг боловсруулах, хүний нөөц, боловсон хүчний асуудал гээд олон зүйлд бодлогын чиг үүрэгтэй ажилладаг.
-Анх ажилд орж байсан үеийн дурсамжаа эргэн санавал?
-Эдийн засагч мэргэжлээр төгсөөд цэрэг, цагдаагийн албанд ажиллах тухай төсөөлөөгүй. Харин эзэмшсэн мэргэжлийн хэрэгцээ шаардлагын дагуу шалгалт өгч тэнцээд Цагдаагийн байгууллагад ажилд орсон байдаг. Тухайн үед Цагдаагийн байгууллагад ажиллах нь хувь хүнээс хатуу үүрэг, хариуцлага, ур чадвар шаардах юм шиг санагдаж, өөрийгөө чамлаж байлаа. Удалгүй Цагдаагийн Дэслэгч цолоор шагнуулж, офицерийн бүрэлдэхүүнд орох үеийн мэдрэмж бол хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай байсан. Бас дүрэмт хувцсаа өмсөөд ажлаа хийх нь их эрч хүч, урам зоригийг өгдөг. Ер нь Цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн үеэс л ажилдаа илүү их дурлаж, хичээж ажиллах сэдлийг олж авсан санагддаг.
-Эрүүгийн эдийн засгийн албанд их олон жил ажилласан байна. Ажлын чиг үүргийн тухайд?
-Увс аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн Эдийн засгийн алба нь албан тушаалаа урвуулан ашигласан, өмч хөрөнгө шамшигдуулсан, татвараас зайлсхийх, иргэдийг залилах гээд эдийн засгийн холбогдолтой хэрэг, зөрчил дээр ажилладаг. Шалгагдаж байгаа хүмүүсийн хувьд гол төлөв өндөр боловсролтой хүмүүс байдаг учраас тухайн албан хаагчаас боловсрол, нарийн ур чадвар шаарддаг. Хамгийн гол нь тухайн албан хаагч ашиг сонирхлын зөрчилгүй байх, зарчимтай, ёс зүйтэй байх ёстой. Ажиллах хугацаандаа олон ажлыг хамт олонтойгоо хийж гүйцэтгэсэн болохоор ажлын үр дүн, амжилт ч цөөнгүй бий. 
-Цагдаагийн албан хаагчийн ажлын хариуцлагын тухайд? 
-Цагдаагийн албан хаагч бол төрийн тусгай албан хаагч. Төрд өргөсөн тангарагтаа эзэн болох, мөн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах ёстой. Хууль сахиулах байгууллага учраас цаг наргүй, ачаалалтай ажилладаг. Бусад байгууллага амралтын өдөр амардаг бол манай байгууллагын албан хаагчид баяр ёслол, амралт гээд аль ч үед ажиллаж л байдаг. Гар утсаа унтраах, хүндэтгэх шалтгаангүй бол ажлаас хойш суух эрх байхгүй. Мөн ажлын болоод гэр бүлийн, нийгмийн харилцаанд сахилга бат, ёс зүйг шаарддаг. Тухайлбал бидний ажлыг гэр бүлийнхэн маань дэмждэг, ойлгодог байх нь ажлын гол тулгуур болдог. Би эхнэртэйгээ анх ханилахдаа энэ талаар хэлж ойлгуулсан учраас нэгнээ сайн ойлгож, дэмждэг. Байгууллагын зүгээс гэр бүлийн харилцаа хандлагыг дээшлүүлэх тал дээр анхаарал хандуулан жил бүр тэмцээн уралдаан, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулдаг.
-Цагдаагийн байгууллагын түүхийг бичилцэж байгаа нь бахархал юм даа?
-Жил ирэх тусам Увс аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагаа өргөжиж, бүтэц, орон тоо, техник хэрэгсэл бэхжиж, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх, албаны бэлэн байдлыг хангах зэргээр ажлын ахиц, дэвшил ихээхэн гарч байна. Үүнд бие бүрэлдэхүүн нэг бүрийн үүрэг оролцоо их байгаа. Цагдаагийн байгууллагын тодорхой нэг цаг үеийн түүхийг бүтээлцэж буйдаа баярлаж, бахархаж явдаг. 
Миний хувьд өнгөрсөн он жилүүдийн ажлын үр дүнгээ үнэлүүлэн Эрүүгийн цагдаагийн албаны Сайшаалын үнэмлэх, Баярын бичиг, ЦЕГ-ын Баярын бичиг, Хууль зүйн яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг болон аймаг, орон нутаг, агентлагийн бусад шагналыг хүртэж байсан.
-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан мөрдөс нэгтнүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Юуны өмнө 80 жилийн түүхтэй Увс аймаг дахь Цагдаагийн байгууллагынхаа хамт олон, ажилтан албан хаагчдад ажлын амжилт хүсээд гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргалын дээдийг ерөөе. Мөн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, албан хаагчид, нийт эрчүүддээ Цэргийн баярын мэндийг хүргэе.
-Танд баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn