Малын вакцинаа үйлдвэрлэж чадахгүй байж хүний вакцин үйлдвэрлэж, хэнийг хорлох гэсэн юм

470

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гарагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзсан.
Энэ үеэр манай Төрийн тэргүүн ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх санал тавьсан байх юм. Цар тахлын хүнд үед чихэнд чимэгтэй мэдээ хэдий ч малынхаа вакциныг хийж чадахгүй байгаа манай улсад хүн амаа бөөнөөр устгах лагерь руу илгээх санал тавьснаас өөрцгүй болж таарж байна. Вакцин тоглоом биш. Сонгууль айсуй өдрүүдэд ард түмэндээ таалагдах гэж үг хэлж болно. Гэхдээ амьдралд ойр өөрс­дийн чадах зүйлээ яримаар юм.
Дөнгөж төрсөн эх, нярайг нимгэн нойтон эмнэлэг хооронд шилжүүлдэг хариуцлагагүй хүмүүс дэлхий нийтийг хамарсан цар тахлын дархлаа болсон вакциныг үйлдвэрлэх хүсэлтээ хэлсэн байгаа юм л даа. Вакцин үйлдвэрлэх лабораториос эхлээд тулгарах асуудал их байна. Харганы ноос түүж эсгий хийх гэж байгаатай агаар нэг зүйл яриад байх юм. Ковакс хөтөлбөрийн хүрээнд орж ирэх вакцинуудаа л аятайхан хуваарилах цаг одоо болохоос вакцин үйлдвэрлэнэ гэж худлаа хөөрдөг цаг биш.
Санаж байгаа бол дөрвөн жилийн өмнө “Модун хаан” группийн ерөнхийлөгч Д.Хишигжаргал малын вакцинтай холбоотой ноцтой зүйлсийг ярьж байв. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерийн хүрээнд малын хөлдсөн чанаргүй вакцин Монгол Улсад нийлүүлсэн талаарх сенсаци гарч байх үед тэрбээр “2014 онд Х.Баттулга сайдаар нь ажиллаж байх үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендерт хэд хэдэн компани, тэр дунд миний хөрөнгө оруулалт, хувь эзэмшилтэй “Цагаан залаа агвент” компани тэр тендерт нь оролцсон, шалгарсан. Яамтай байгуулсан гэрээний дагуу Оросоос чанарын шаардлага хангасан вакциныг тээвэрлэх, хадгалах стандартын дагуу авч ирүүлсэн. Хүйтний улирал болохоор Оросоос тусгай зориулалтын онгоцоор авчирч байсан юм даг. “Цагаан залаа агвент”-аас гадна өөр нэг компани тэр тендерт шалгардаг юм. Сүүлд сонсох нь ээ, сайд Х.Баттулгын халаасны компани юм билээ л дээ. Манайх Оросоос, тэднийх Хятадаас вакцин нийлүүлсэн. Манайх онгоцоор, тэднийх чингэлгээр, төмөр замаар тээвэрлэж оруулж ирсэн. Зүгээр л зориулалтын бус, манайхны контейнер гээд байдаг төмөр чингэлэг шүү дээ. Тэр нь хөлдчихсөн. Тухайн үеийн телевизийн сурвалжилгын бичлэг, баримттайгаа байгаа. Бүр чингэлэг дотроо хятад вакцинаа гэсгээх гээд гал түлээд сууж байсан улс шүү дээ. “Ингэж болохгүй ээ. Энэ чинь монгол малд тарих вакцин. мах, сүү, арьс үсийг нь монгол хүн, Монголын ард түмэн хэрэглэнэ шүү дээ” гэхэд “Танайх өөрийнхөө вакцинтай нийлүүлээд орон нутагт тараа, малчдад хүргэ” гэж байгаа юм. Х.Баттулгын шахалтаар манай вакцинтай хольж тараасан гэсэн. Хөдөлшгүй баримтууд нь надад байна. Нөгөө цахиур Төмөрийн “Олны газар зүүж яваарай” гэдэг шиг олон түмэнд үзүүл, хамаагүй.
Оросын мал эмнэлгийн хяналтын алба, улсын бүртгэл, бас тохирлын гэрчилгээ нь энэ байна. Ер нь бол Х.Баттулгыг сайд байх үед Мал эмнэлгийн газрын дарга Болортуяа, мэргэжлийн хяналтын байцаагч Саруултуяа гээд малын эм, вакцинтай холбоотой мафи маягийн сүлжээ байсан. Тэд л ард нь байгаа” хэмээн хэлж ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайн үлджээ.
Вакцин нэг талаасаа бидэнд зайлшгүй арга хэмжээ мэт боловч нөгөө талд нь улс төр хийж, ашиг хонжоо хайсан хүмүүсийн балгаар монголчуудын эрүүл мэндийн асуудалд ковидоосоо илүү гамшиг тарих вий.
Э.ИВЭЭЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn