Л.Тогоо: Бие эрүүл, ухаан саруул байгаа цагт надад хийх ажил их байна
Увс аймгийн Засаг дарга асан, “Тобу-Ач групп” ХХК-ийн захирал Булгадар овогт Лхагваагийн Тогоотой ярилцлаа. Тэрбээр Увс аймгийн Засаг даргаар 8 жил, агентлагийн даргаар 13 жил ажиллажээ.
-Та ажил, амьдралын арвин түүхтэй хүн. Эргээд дурсахад ажлын гараагаа анх хаанаас эхэлж байв?
-Би 1976 онд ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгсөж ирээд төрөлх Тэс сумандаа малын эмч, Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Улмаар 1984 онд “Улсын залуу аварга мэргэжилтэн”-ий болзол хангаад ЗХУ-д 21 хоног аялах эрхийн бичиг, “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медалиар шагнуулж байсан сайхан дурсамж бий. Ажлын амжилтыг минь үнэлээд тэр үеийн МАХН-ын үүрээс намд элсэхийг санал болгосноор 1983 онд гишүүнээр элсэж, улс төрийн ууган хүчний нэг эд эс болж байлаа. Хоёрхон жилийн дараа аймгийн намын хорооны сум хариуцсан зохион байгуулагчаар ажиллахдаа тэр үеийн намын удирдлагуудыг дагаж сумдын намын хорооны тайлангийн хурал, аймгийн намын хорооны хуралд илтгэл боловсруулах, материал дээр ажиллах зэргээр улс төрийн ажилд суралцсан байдаг.
Надад Намын дээд сургуульд суралцах урилга 2 удаа ирсэн ч амьдралын боломжгүй байдлаас шалтгаалан явж чадаагүй. Гэвч хичээл зүтгэлээрээ ажлын талбарт ахисаар Сагил сумын намын хорооны даргаар томилогдон ажилласан. Тухайн үеийн МАХН-ын үзэл баримтлал боловсон хүчнийг бэлтгэхдээ мерит зарчмаар буюу доод албан тушаалаас шатлан ахиулаад хөрвүүлэн бэлтгэдэг байсан. Би ч тэр зарчмаар бэлтгэгдэж, 1991 онд аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар дэвшин ажилласан. 2000 оныг хүртэл аймгийн МЭГ, ХХААГ-ын даргаар нийт 9 жил ажиллаад дараагаар нь ард олныхоо итгэлийг хүлээж, аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай албанд томилогдон 8 жилийн хугацаанд хариуцлага өндөртэй ажилласан гэж боддог. Энэ жил МАН-ын 100 жилийн ой тохиож байна. Шалгуур өндөртэй улс төрийн хүчинтэй холбогдсон цаг үеэс хойш МАН-ын сумын намын хорооны гишүүн, товчооны гишүүн, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгч, намын дарга, МАН-ын их хурлын 4 удаагийн төлөөлөгчөөр сонгогдон оролцсон, намын бага хурлын гишүүнээр 3 удаа сонгогдож ажилласан гээд улс төрийн ажлын түүх их бий. Өнөөдрийн амьдралын эх үндэс, ажлын амжилт маань энэ намтай салшгүй холбоотой.
-Хүссэн хүн бүр аймгийн Засаг даргаар ажиллахгүй. Энэ их хувь тохиолыг та 8 жилийн хугацаанд дааж ажилласан байна?
-Тухайн үед Увсын цэнхэр хязгаарын хөдөлмөрч, бүтээлч ард түмэн надад маш том итгэл хүлээлгэсэнд одоог хүртэл баярлаж явдаг. Анх аймгийн Засаг даргын ажилд томилогдох үед улсын хэмжээнд шилжилтийн үе дуусаагүй аймаг, орны өнгө төрх гундмал, хөрөнгө орлого багатай хэцүүхэн байсан. Хөдөө сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эмнэлэг зэрэг бүх албан байгууллага яндангаар утаа савсуулсан байдалтай, Аймгийн ЗДТГ-ын бие засах газар гэхэд төмөр утсаар торгоосон түгжээтэй гээд ер нь хэцүү цаг үед ажил хүлээж авч байлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт муу байсан ч иргэдийнхээ идэвх хөдөлгөөнийг өрнүүлэх, төсөл хөтөлбөрийг татах, төсвийн бололцоонд тулгуурлан чамгүй олон ажлын ард гарсан гэж боддог. Нэн түрүүнд аймгийн ЗДТГ-ын өнгө төрхийг сайжруулсан. Одоог хүртэл цагаан шаргал ордон хэвээрээ байна.
2000 он хүртэл Увс аймаг өөрийн гэсэн туг, сүлд, тэмдэггүй байсныг аймгийн ИТХ-аар батлуулан албан ёсны туг, сүлд, тэмдэг, дурсгалын медальтай болгож байлаа. Ойрадын их хаан Галданбошготын өргөө, Монголын төрийг 44 жил удирдсан Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит музейн барилгыг ашиглалтад оруулсан. Ялангуяа олдсон бага төсвөөр хөдөө сумд руу чиглэсэн ажлууд их хийсэн. Олон ч суманд сургуулийн барилга, цэцэрлэгийн засвар, шинээр дотуур байр, соёлын төв барих гээд тохижилт, бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байсан. Тухайн үед 12 сумыг шилэн кабелиар холбож, 2-3 гар утасны оператор компани оруулж ирсэн нь иргэдийг интернэт орчинд ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлсэн.
Мөн цаг үеийн хувьд цахилгааны хангамж маш муу байсан. Улаангом, Сагил, Түргэн, Тариалан сум цахилгаанд холбогдоод байсан бол нэмж Давст, Тэс сумыг Тувагаас, зүүн найман сумыг төвлөрсөн эрчим хүчний системд холбож, Бөхмөрөн сумыг Ногооннуур сумаас цахилгаанд холбосон. Тэрчлэн Улаангом сумын цахилгаан дамжуулах шугам сүлжээнд иж бүрэн шинэчлэл хийж, кабельжуулсан нь олон жил үргэлжилсэн цахилгааны хулгай, алдагдлыг арилгахад нөлөөлсөн. 2008 онд Засаг даргын ажлаа хүлээлгэн өгөх үед Увс аймгийн 19 сум байнгын цахилгаанд холбогдон ажил, амьдрал буцалж эхэлсэн дээ.
-Таныг Засаг даргаар ажиллаж байх үед Увс аймаг хоёр удаа түүхт ой тэмдэглэж байсан шүү дээ?
-Ажиллах хугацаандаа 5 жилийн дотор хоёр удаа 10 жилийн ой тэмдэглэсэн Засаг дарга гэж хэлэгддэг. 2005 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхдаа Увсад ирээд “Нөгөө таван жилд хоёр удаа 10 жилийн ой тэмдэглэдэг Тогоо дарга та юу” гээд гар барьж байлаа. Манай аймаг өмнө нь тэгш ойгоо 1931 оноор баримжаалан тэмдэглэж ирсэн. Энэ он тооллоор 2001 онд аймгийн 70 жилийн ойг их ажил, амжилтаар тэмдэглэн өнгөрүүлж байсан. Үүний дараа аймгийн ИТХ-аар түүхийн үнэнийг сэргээж анх 1925 онд Увс аймаг байгуулагдсан түүхээс улбаалан 25 онуудад тэгш ойг тэмдэглэж байхаар тогтсон. Ингэснээр 2005 онд 80 жилийн ойг тэмдэглэсэн юм. Хоёр их ойн хүрээнд аймаг, сум, багийн өнгө төрхийг сэргээсэн, бүтээн байгуулалтын ажлууд хийсэн. Улаангом дотор 8 км хатуу хучилттай зам, Тээлийн гүүр хүртэл 13,4 км засмал зам тавих зэрэг олон ажлыг ярьж болно.
2005 онд Баруунтуруун сумын наадмын талбайд хийсэн уулзалтад тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Н.Энхбаяр оролцлоо. Энэ үеэр Ц.Нямдорж сайд бид хоёр ярилцаад та Ерөнхийлөгч болбол манай аймагт нэн түрүүнд энэ гурван асуудлыг шийдэж ажиллаарай гээд цаасан дээр бичээд өгч байж билээ. Үүнд зүүн найман сумыг эрчим хүчний системд холбох, аймгийн төвд 1000 хүний багтаамжтай спорт, соёлын төвтэй болох, хатуу хучилттай зурвас бүхий Нисэх буудлын барилга барих гэж бичиж байлаа. Уулзалтын төгсгөлд Н.Энхбаяр гуай нөгөө цаасыг аваад энэ хүсэлтийг нь биелүүлж өгөх амлалт авч байсан. Эргээд бодоход эрчим хүчний асуудал шийдэгдэж, нисэх буудал ашиглалтад орсон, спортын ордонтой болсон байна.
Тэрчлэн ажиллах хугацаандаа хил хамгаалалтыг сайжруулах асуудалд нэлээд анхаарсан. 2000-аад онд хил дамнасан малын хулгай, үүнийг дагасан их нүүдэл хэрээс хэтэрсэн цаг үе байсан. Иймээс хилийн отряд, застав байгуулах ажилд санаа тавьж, Баруунтурууны отрядыг шинээр байгуулж, 4-5 застав, 10-20 харуулын байр барих зэргээр чармайлт гарган ажилласан. 2006 он гэхэд хилийн зөрчил, малын хулгай, их нүүдэл ч саарч, суурин амьдрах хүн амын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй гарч байлаа. Ер нь хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний тухай нэг бүрчлэн ярих зүйл их байгаа ч олон жилийн өмнөх ажил, амьдрал учраас тодорхой ярих нь дэмий байх. Тэр үеэс эхлэлтэй хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого одоо ч үр өгөөжөө өгч байгаа нь бодит үр дүн байх. Өөрөөр хэлбэл Увс нутгийн хөгжлийн үндсэн эх суурь нь намайг аймгийн Засаг даргаар ажилласан 8 жилийн хугацаанд бий болсон гэж боддог.
-2000-аад оны улс төрийн нөхцөл байдлыг өнөө үетэй харьцуулбал?
-Нуур амгалан бол нугас амгалан гэж үг байдаг. Удирдах албан тушаалтан хүн улстөржихгүй, ашиг сонирхлын зөрчилгүй эвлэлдэн нэгдсэн цагт ямар ч ажил урагшилдаг. Энэ ч утгаараа би ажлаа аваад нэн түрүүнд эв нэгдэлтэй, улс төржихгүйгээр ажиллах зарчмыг баримталсан. Үүний нөлөөлөл гэлтэй Засаг даргаар ажилласан 8 жилийн хугацаанд аймгийн Ардилсан нам, Ардын намын залуучууд нэгдээд сайхан ажилласан. Нэг ч удаа өргөх бичиг барьж жагсаал, цуглаан хийж байсангүй. Ер нь улс төрийн байдал тогтвортой байсан тулдаа бага төсвөөр бүтээмж өндөртэй ажилласан гэж боддог. Одоо бол цаг үе өөр болжээ. Төсөв хэдэн арав, зуу дахин нэмэгдэхийг дагаад олон ажил, асуудлаа шийдэх боломж байна. Гэтэл энэ их төсвөөр харин ч бага ажил хийгээд байна уу? гэсэн хардлага төрдөг. Хүн бүр хардах эрхтэй шүү дээ. Үүнээс гадна улс төржилт хэрээс хэтэрч, нэгнээ ор үндэсгүй харлуулдаг, хэрэлддэг, тэдний гар хөл болсон цүнх баригч нар олширлоо. Сонирхолтой гэхээсээ илүү маш буруу тогтолцоо бий болсон байна. Нөгөө мерит зарчмаар боловсон хүчнээ бэлтгэж, өрсөлдүүлдэг байдал байхгүй болжээ. Аль нэг даргын цүнх барьсан хүн албан тушаалд дэвшин ажилладаг болсон байна. Ямар сайндаа л дараагийн дарга нартаа “Хоёр сайхан өндөр залуу хүнээр цүнхээ бариулж болохгүй. Хэрэв ингэвэл түүндээ бүдэрч унадаг юм. Ах нь жижигхэн атигар биетэй ч хэнээр ч цүнхээ бариулж байсангүй. Иргэд болоод өөрийн хүрээллийн хүмүүсийг ижил түвшинд харж байж л ажил урагшилдаг” гэдгийг хэлж зөвлөж байлаа.
-Гавьяаныхаа амралтад суусан үеийн амьдрал хэрхэн эхэлж байв?
-Би улс төрийн ажлаас хөндийрөөд аймгийн ХХААГ-ын даргаар 4 жил ажилласан. Тухайн үеийн Засаг дарга Д.Цэндсүрэн “Тантай юу ярих билээ. Ажиллаж л байхгүй юу даа” гэж байсан ч 2013 онд намынхаа баярын өдөр ажлаа хүлээлгэн өгч байлаа. Төд удалгүй Гашууны голд цасны баяр болдог юм байна. Одоо санахнээ нэг сэтгүүлч бүсгүйн надаас асуусан асуулт мартагддагүй юм. Та одоо чөлөөндөө гарсан юм чинь хот руу шилжих үү? гэж байна. Би хариуд нь яагаад шилждэг билээ гэхэд. Тэр сэтгүүлч өмнөх дарга нар чинь бүгд л ажлаа өгөөд хот руу нисдэг шүү дээ гэх нь тэр. “Ахад нь Увс нутгаасаа зугатаах шалтгаан байхгүй. Увсын Тогоо Увсдаа л дуусна даа хө” гэж билээ. Бас болоогүй. Тэгээд та юу хийх юм гэж янз үзэж байна аа. Мөн л мөчөөгөө өгөхгүй, бие эрүүл, ухаан саруул байгаа цагт надад хийх ажил их байна. Миний хань Ю.Булган улсад 35 жил багшлаад 2005 оноос хувийн сургууль байгуулаад ажиллаж байна. Үүнийг нь дэмжээд аймагтаа хамгийн эрэлттэй хүүхдийн цэцэрлэг байгуулна гэж хэлээд 2014 онд “Маамуу нааш ир” цэцэрлэг байгуулж байлаа.
Мөн 2013 онд хувийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийг байгуулан одоог хүртэл ажиллаж байна. Мал эмнэлгийнхээ дэргэд малын эмийн сан байгуулан үйлчилгээ өндөртэй, хоруу чанаргүй хямд эмээр малчдыг хангаж байгаа. Үүгээр зогсохгүй “Тэсү” нэртэй үнээний ферм маань мах, сүү үйлдвэрлэж, өөрийн болоод сургууль, цэцэрлэгийнхээ хэрэгцээг хангадаг. Дурсамжийн ном бичихээр төлөвлөөд хараахан хийж амжаагүй л байгаа. Эргээд бодоход тэр сэтгүүлчийн асуултад хариулсан ажлуудаа бүгдийг нь хийж амжуулсан байна.
Т.Шинэхүү хүүтэйгээ хамтран “Тобу-Ач групп” ХХК байгуулж байсан бол одоо 3 салбар компанитай болж үйл ажиллагаа нь өргөжсөн. Хүү маань Ирланд улсад сурахаар явснаас хойш би ар даагаад удирдах ажлыг нь гүйцэтгэж байна даа. Манай групп зочид буудал, зоогийн газар, ресторан, түрээсийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, хувийн мал эмнэлэг, малын эмийн сан, үхрийн фермер, газар тариалан гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Сайхан нутагтаа хүн бүр хөдөлмөрлөөд амьдарвал хөгжил ойрхон байна даа?
-Миний хувьд Увс аймгийн иргэн болж төрсөндөө их бахархдаг. Цэнхэр хязгаараараа бахархаж амьдрахаас өөр аргагүй үзэсгэлэнтэй нутаг. Харин бахархаад гараа хумхиад суувал төрөлх нутаг минь экологийн доройтолд орно шүү дээ. Үзэсгэлэнт байгалиа онгон дагшнаар нь хадгалан хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний хамгийн том үүрэг юм. 2020 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намын нөхөд аймаг, орныг удирдаж байна. Төрийн ажлын залгамж, шинж чанарыг хадгалан, өмнөх удирдлагуудын хийж, хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэх, шинэчилж сайжруулах замаар ажиллах юм бол аяндаа аймаг орны хөгжлийн ирээдүй их тодорхой байгаа.
Ер нь төрд шуналгүй хүн л ажиллах ёстой. Төрийн мөнгөнд савраа хийвэл хоол болохгүй, хойч үед муу. Мөн бизнесийн амтанд хэтэрхий орсон залуучууд улс төрд ороод ашиг сонирхолыг урьтаж хараад байна. Миний бодлоор төрийн хар хүнийг бүх талаар нь бэлтгэн аймаг, орноо удирдуулдаг болчихбол ард түмэнд ээлтэй, аливаа ажил хөгжил рүү тэмүүлэх байх.
Ард олон минь амгалан тайван, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байх болтугай.
-Ярилцсанд баярлалаа.