22 мянган тун вакциныг татан авлаа
Тус аймаг өнөөдөр БНХАУ-ын “Синофарм” компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакцины 22 мянган тунг татан аваад байна.
Өнгөрөгч сард 5577 тун вакциныг татан авч, цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагчид, өдөр бүр дуудлагаар ажилладаг стратегийн ач холбогдол бүхий байгууллагуудын алба хаагчдыг хамруулсан.
Энэ удаа вакцины эхний тунг хийлгэсэн иргэд, албан хаагчид давтан тунгаа хийлгэнэ. Мөн зах, худалдааны төв, дэлгүүрийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, 70-аас дээш насны ахмадууд, Шатахуун түгээх станцын ажилтнууд, лам нар, банк, санхүүгийн байгууллага, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа зочид буудлын ажилтнууд, төрийн зарим байгууллага, газар тариалангийн салбар, эрсдэл бүхий суурь өвчтэй иргэдийг хамруулахаар төлөвлөж байна.
"Вакциныг хадгалалтын горим, нөөц хадгалах хөргөгчний багтаамжаас шалтгаалан тодорхой хэмжээгээр татан авалт хийж байна. Бид аль болох олон цэгийг нээж, богино хугацаанд иргэдээ бүрэн вакцинжуулна. Манай аймагт 18-аас дээш насны 74 мянган хүн вакцинд хамрагдах дүн мэдээтэй байгаа" хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.
Вакцинжуулалт эхэлж байгаатай холбоотойгоор Арвайхээр сум доторх хөдөлгөөний хязгаарлалтыг маргаашаас суллах юм. Харин зах, худалдааны төв 5 дугаар сарын 8 хүртэл ажиллахгүй. Арвайхээр сумын Онцгой комиссоос вакцинжуулах 6-7 цэгийг нээж, иргэдийн хуваарийг гаргаж танилцуулах аж.