"Дельта"-гийн эсрэг Монгол ба Дэлхийн улс орнууд

325
Хоёр жил орчмын туршид дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбарт сорилт дагуулсаар байгаа ковидын шинэ омгууд ар араасаа гарч, шинэ эрсдэлүүд ч нэмэгдсээр байна. Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн амьдрахаас өөр сонголтгүй болсон дэлхийн улс орнууд ковидын илүү аюултай, халдварлах чадвар өндөртэй хувилбар болох “Дельта” омгоос нийгмийн эрүүл мэндээ хамгаалахын тулд дахиад л хөл хорио, хязгаарлалтын арга замыг сонгоцгоож буйг тодотгоё.
Тэгвэл манай Монгол Улсын тухайд ковидын халдварын тархалтын хурд намжиж, 24 цагт бүртгэгдэх халдварын тоо 2000 давж байснаас хоёр дахин буурч,  1000 орчимд  байна. Халдварын тархалтын бууралтыг даган худалдаа, үйлчилгээ гээд бүхий л салбарууд үүдээ нээн, үйл ажиллагаа нь хэвийн байдалд орж байна. Гол нь дэлхий нийтийг дахин “өндөржүүлсэн” байдалд оруулаад буй “Дельта” хувилбар манай улсад намжмал байгаа нь хүн амынхаа 60 гаруй хувийг хоёр тун вакцинд бүрэн хамруулж чадсантай холбоотойг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Гэхдээ цар тахлын шинэ эрсдэлүүд бүхий л улс орнуудыг дахин дахин сорьсоор буй энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмээ хаа хаанаа сайтар сахьсан хэвээрээ байх шаардлагатай юм.
Эхэнд хэлсэнчлэн, улс орнууд халдварын өсөлт бууралтаас шалтгаалан,  тухайн  нөхцөл байдлын өөрчлөлтийг харгалзан, олон хувилбар бүхий арга хэмжээнүүдийг авсаар байна. Тухайлбал, Ази Номхон далайн бүсийн зарим улс орон ямар арга хэмжээнүүдийг авч байгааг сонирхуулъя.

Австралийн зарим хот, мужид хөл хорионы дэглэм үргэлжилсээр...
Австралийн засгийн газраас хөл хориог дуусгаж, хэвийн амьдралд орох A, B, C, D гэсэн дөрвөн үе шаттай төлөвлөгөө зарласан байна. Одоогоор А шатанд байгаа юм. Энэ үед халдвар идэвхжсэн тохиолдолд богино хугацааны хатуу хөл хорио тогтооно. Харин хүн амын 70 хувь нь хоёр тунгаа хийлгэсний дараа Б үе рүү шилжиж, хөл хорихгүй бөгөөд бусад хязгаарлалтыг суллах юм. Хүн амын 80 хувийг бүрэн вакцинжуулалт хийсний дараа C шатанд шилжих бөгөөд аяллыг сэргээж, вакцин хийлгэсэн иргэд дотоодын бүх хязгаарлалтаас чөлөөлөгдөнө. D шатанд шилжиснээр вакцин хийлгэсэн аялагчид тусгаарлалтад орохгүйгээр улсын хилээр нэвтрэх боломжтой юм. Вакцин хийлгээгүй зорчигчдын хувьд аялахаас өмнө болон ирснийхээ дараа тест өгөх шаардлагатай байна.
Улс орны бүс нутагт бүрт хязгаарлалт ялгаатай байна. Дельта хувилбарын халдвар өссөнтэй холбогдуулан Мельбурн хотыг оруулаад Викториа мужийн хөл хориог сунгасан. Хөл хориог дуусгавар болгох хугацааг зарлаагүй байна. Мөн Сиднэйн ихэнх хэсэгт хөл хоргийг сунгасан. Гэртээ байхыг сануулсан шийдвэрийн дагуу оршин суугчид зайлшгүй шаардлагатай нөхцөлд л гарахыг зөвшөөрөх бөгөөд цугларахыг хориглосон билээ.
Австралийн хил одоохондоо хаалттай байх бөгөөд Шинэ Зеландтай байгуулсан тусгаарлалтгүй аяллын тохиролцоогоо мөн дор хаяж есдүгээр  сар хүртэл түдгэлзүүлээд байна. Харин зөвхөн Шинэ Зеландаас ирэх, тэнд 14-өөс доошгүй хоног байсан Австралийн иргэд, байнгын оршин суугчид, тэдгээрийн гэр бүлийн хүмүүсийг Австралид нэвтрэхийг зөвшөөрөх аж. Зорчигчид аялалд гарахаас өмнө 72 цагийн дотор өгсөн Ковид-19-ийн сөрөг хариутай шинжилгээний үр дүнг үзүүлэх ёстой юм.
БНХАУ: Хонконгод дөрвөөс дээш хүн цуглахыг хязгаарласан хэвээрээ...
2021 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн Их Британиас ирэх нислэгийг хориглосон. Дельта хувилбарын халдвар тархсантай холбогдуулан Их Британийг онцгой эрсдэлтэй бүс гэж үзэж байна. Иймд Их Британид 2 болон түүнээс илүү цагаар байсан зорчигчдыг Хонконг руу нислэгэд оруулахыг зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Сингапуртай хийх тусгаарлалт шаардахгүй нислэгийн хөтөлбөрийг эхлүүлэхээ түр азнаад байна. Энэ хөтөлбөрийг эхлүүлэх шинэ хугацааг зарлаагүй байгаа юм.
Хонконг зай барих арга хэмжээг сулруулалгүй дөрөвдүгээр сарын 29-нээс эхлэн Хоолны үйлчилгээний газруудыг 50 хувийн хүчин чадлаар ажиллаж зөвхөн вакцинаа бүрэн хийлгэсэнд хүнд үйлчлэхийг зөвшөөрсөн. Дөрвөөс дээш хүн цуглахыг хязгаарласан хэвээр байна.
Японд 20:00 цагаас хойш ресторан, баарууд ажиллахгүй байна
Японы Ерөнхий сайд Иошихиде Суга, наймдугаар сарын сүүл хүртэл хэд хэдэн хотод онцгой байдал зарласан. Одоогоор Токио, Окинава, Сайтама, Канагава, Чиба, Осака зэрэг хотууд орж байна. Зөвхөн согтууруулах ундаагаар үйлчилдэг баарыг хаасан. Харин хоолоор үйлчилдэг ресторан, бааруудыг согтууруулах ундаагаар үйлчлэхийг зогсоож, 20:00  цагт хаадаг болгосон байна. Оршин суугчид зайлшгүй шаардлагтай шалтгаанаар л гэрээсээ гарахыг зөвлөж байгаа бөгөөд олуулаа цуглахаас зайлсхийхийг уриалж байна
Сингапурт 100 хүний арга хэмжээг зохион байгуулахдаа оролцогч бүрээс шинжилгээ авч байна
Сингапурт халдварын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээгээ чангатгасан. Долоодугаар сарын 22-ноос наймдугаар сарын 18-ны хооронд хоёрдугаар шатны хязгаарлалтыг сэргээн мөрдөж байна. Хурал, уулзалт, үзэсгэлэн, чуулганы арга хэмжээг 100 хүнээр хязгаарлаж, арга хэмжээний өмнө тест өгсөн байх эсвэл тест өгөөгүй тохиолдолд 50 хүртэл хүнээр хязгаарлаж байна. Арга хэмжээнд үг хэлэх, тоглолт хийх хүмүүсийн хувьд маскаа тайлахыг зөвшөөрөхгүй аж. Зохион байгуулагчид нь Сингапурын аялал жуулчлалын зөвлөлд төлөвлөгөө танилцуулж, батлуулах бөгөөд эрсдэлийг бууруулах тусхай арга хэмжээг мөрдөж ажиллах ёстой.
Мөн Сингапурын аялал жуулчлалын зөвлөлөөс бүхий л үйлчилгээ, олон нийтийн зорчих газруудын ариун цэврийг хангах зорилготой Цэвэр Сингапур хэмээх аян өрнүүлж, хангалттай үнэлгээ авсан газруудад тус зөвлөлөөс гэрчилгээ олгож байгаа юм.
БНСУ-д 18:00 цагаас хоёроос дээш хүн хамт гадуур явж болохгүй
Шинэ халдварын тохиолдол буурч байсан үеэс буюу тавдугаар сарын 6-наас зай барих хатуу журмыг сулруулсан. Гэвч халдварын шинэ тохиолдлууд дахин ихэссэн үед Сөүл, Инчон, мөн ойролцоох Гионги дүүрэгт зай барих хязгаарлалтыг чангатгаж 4-р зэрэглэлийг наймдугаар сарын 8 хүртэл баримтлах юм. Оройн 18.00 цагаас хоиш 4-өөс дээшгүй групп, 2-оос дээшгүй хувь хүн хамт гадуур явахыг тогтоожээ. Ямар нэгэн олон нийтийн цуглаан, арга хэмжээг цуцалсан байна.
Вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран маск зүүхийг шаардаж байна. Сөүл хотод үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн салбараас бусад бизнесүүдийг ажиллах хүчний 30 хувийн хүчин чадалтай ажиллахыг зөвшөөрч байгаа ажээ. Эрсдэл өндөртэй газрууд болох шөнийн клуб, караоке, компьютер тоглоомын газруудыг хаасан байна. Хоолны үйлчилгээний газруудыг оройн 22:00 цагаас хойш үйл ажиллагаагаа зогсоох чиглэл өгчээ.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn