Морьтой барилдааны тамирчдад зориулж эмээл хандивлажээ
Монголын көкпар, аударыспак, тенге илу спортын холбоо нь 2013 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа. Көкпар /тулам, сэрх булаацалдах/, аударыспак /морьтой дээрх барилдаан, тенге илу /мөнгө шүүрэх/ спорт нь залуус морин дээр хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлддөг казахын ард түмний үндэсний спортын төрлүүд бөгөөд Монгол, Казахстан, Турк, ОХУ, АНУ, Унгар, БНХАУ, Киргизстан, Узбекстан, Тажикстан, Азербайжан, Афганистан зэрэг улсуудад өргөн дэлгэрч хөгжиж байгаа аж.
Монголын баг тамирчид 2014 онд Казахстан Улсад зохион байгуулсан аударыспакын анхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс -90 кг жинд мөнгөн медаль, 2016 онд БНХАУ-д болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, 2017 онд Казахстаны Астана хотод зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл, 2018 онд Киргизстан Улсын Чолпан-Ата хотод болсон “World nomads-2018” дэлхийн нүүдэлчдийн спортын их наадмаас хоёр хүрэл медаль хүртсэн зэрэг амжилт гаргаж байжээ.
Тэгвэл саяхан Казахстан Улсын Үндэсний спортын төрлүүдийн холбооноос Монголын морьтой барилдааны тамирчдад зориулж 12 ширхэг иж бүрэн тоноглолтой эмээл хандивласан байна. Энэ нь тус холбооноос манай улсын морьтой барилдааны тамирчдын бэлтгэлд зориулж хандивлаж буй эхний ээлжийн дэмжлэг аж. Цаашид хоёр улсын спортын холбоод хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Монголын көкпар, аударыспак, тенге илу спортын холбооны тэргүүн А.Ром хэллээ.