Орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 617.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа
Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 их наяд төгрөг, зарлага ба эргэж төлөх цэвэр зээл 1.7 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 617.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 405.8 (2.9 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Орон нутгийн төсвийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 262.6 (13 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд татварын орлого 268.4 (37.4 хувь ) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Харин татварын бус орлого 5.8 (0.4 хувь ) тэрбум төгрөгөөр багассан байна.
Орон нутгийн нийт төсвийн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн 8 дугаар сард 261.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 54.9 (26.5 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 188.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 31.3 (19.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн аж.