Үзэсгэлэн худалдаагаар 41,4 сая төгрөгийн борлуулалт хийжээ
Аймгийн ЗДТГ-аас ХХААГ, ХХҮГ, БОАЖГ, Улаангом сумын ЗДТГ зэрэг байгууллагатай хамтран “Увс түншлэл-2021” үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээнд 11 сумын 56 иргэн, аж ахуйн нэгж 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр, мөн чацаргана тариалагчид 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, нийтдээ 41,4 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
“Үзэсгэлэн худалдааны үеэр шилдэг бүтээгдэхүүнүүдийг шалгаруулж, шагнаж урамшуулсан. Тухайлбал, Суран эдлэлийн төрөлд Хяргас сумын иргэн Д.Даваа, Арьс ширэн эдлэлийн төрөлд Тариалан сумын Ханхөхий нөхөрлөл, Сүү, сүүн бүтээгдэхүүний төрөлд Сагил сумын “Ялалтын хөгжил” хоршоо, Үндэсний хувцасны төрөлд Улаангом сумын иргэн М.Мөнхцэцэг, Ширмэл бүтээгдэхүүний төрөлд Цагаанхайрхан сумын иргэн Ж.Цэцэгмаа, Хүнсний ногооны төрөлд Улаангом сумын иргэн С.Дэнсмаа нар тус тус шалгарсан. Тэрчлэн “Шилдэг оролцоотой сум”-аар Өлгий, “Шилдэг хүнс үйлдвэрлэгч” Гранпри шагналаар “Увс Хүнс” ХК шалгарлаа.
Үүнээс гадна чацарганатай бүтээгдэхүүний төрөлд 1-р байрыг “Хатны улаан” ХХК, 2-р байрыг “DNNMG” ХХК, тусгай байрыг Улаангом сумын иргэн Б.Ариунболд нар эзэлсэн. Харин олон нэр төрлийн чацарганатай бүтээгдэхүүний төрөлд 1-р байрыг “Ориг чанар” ХХК, 2-р байрыг “Шинэ ургац арвин” ХХК, тусгай байрыг Наранбулаг сумын иргэн Б.Янжмаа нар хүртлээ. Аймгийн ХХААГ-аас сумдын оролцогч нарын замын зардлыг дэмжиж ажилласан” хэмээн аймгийн ХХҮГ-ын дарга С.Цолмон мэдээллээ.