Улсад онцгойрсон Б.Цолмонхүү багшийг дурсахуйн учир

0

Билиг оюун төгс, эрдэм мэдлэгээрээ бусдаас онцгойрч, шавь нараа ундаалан тэтгэгч нэгэн цагийн боловсролын алтан хараацай Биньеэгийн Цолмонхүү хэмээх эрхэм хүмүүнийг дурсахад бахархам санагдана. Оюун ухааны гайхамшигт оньсыг нээж улсад, аймагт ундарсан их амжилтуудаа дансалсан уужуу мэргэн энэ хүний хийж, бүтээсэн зүйл нь одоо ч шавь нараас нь дэлгэрсээр...
Тэрээр Увс аймгийн боловсролын салбарт 28 жил ажиллахдаа гэгээн ухаандаа гал бадамлуулан асаж манджээ. Залуу нас, хөдөлмөр зүтгэл, бусдын төлөө гэх сэтгэлээр дуурсагдах алдраа бүтээхдээ:
Алтан гадас одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Боловсролын яамны “Хүндэт жуух бичиг”, Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медаль, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Улсын тэргүүний багш, Монгол улсын аварга багш, Увс аймгийн Аварга багш, Зөвлөх багш, Арга зүйч багш, Улсын мэдээлэл зүйн олимпиадын 8 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль, Аймгийн мэдээлэл зүйн олимпиадын 18 удаагийн аварга, Сагсан бөмбөгийн спортын дэд мастер, Хөнгөн атлетикийн нэгдүгээр зэргийн тамирчин, Үндэсний шагайн харвааны аймгийн гоц мэргэн, шатар, даам, гар бөмбөг, ширээний теннисний системийн аварга гээд нэг хүнд ихдэм мэдлэг, авьяас, ур чадварыг цогцлоосон эгэл бус хүн байлаа.

Түүнийг чадварлаг сэхээтэн, шавийн хайртай багш, халамжит хань, үр хүүхдэдээ элэгсэг аав, эцэг эхийн нандин хүү, хамт олны манлай болсон амьдралын гэгээн мөртэй хүн байсныг нь дурсан ярих хүн олон аж. Бусдын хүүхдийг ялгалгүй, өөрийн хүүхэд шиг л хайрлана. Хичээл, олимпиадын үеэр зарчимч шаардлага тавьдаг ч чөлөөт цагаараа тоглож, хорхог боодог хийж өгнө. Инээмсэглээд хошин шог яриад өгчихдөг байсан тухай үе үеийн шавь нар нь хэлдэг. Ийм л нэгэн хүүхдийн нүдэнд инээд, баясал цацруулах сэтгэлийн хүч, ид шид түүнд байсан гэмээр...
Увсын боловсролыг улсад тодотгож, эгнэсэн их амжилтыг уухайлсан даруухан хүү тэрээр Монгол Улсын гавьяат багш А.Биньеэ, багш Д.Хорлоо нарын ууган хүү болон төрж байжээ. Багш эцэг эхийн зөв хүмүүжлээр өссөн нь хожмын сурлага, амжилтад нь зөв ташуур болохын дээр удам дамжсан багш болох эхлэл байсан байна.
“Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн” гэх үг түүнд л зориулагдсан гэлтэй. Улсын олимпиадаас 18 медаль хүртэж, аймгийн олимпиадад 18 удаа түрүүлсэн нь Увсад анхдагч төдийгүй, улсын төрөлжсөн олимпиадуудаас хамгийн өндөр үзүүлэлт тогтоосон амжилт юм. Хүссэн аавын хүү, ээжийн охин хүрэхгүй эрдмийн оргилд зүтгэлээрээ мацаж, энгэртээ олон медаль гялалзуулахдаа чамирхалгүйгээр “Бусдын хүч нөлөө” хэмээн даруухан өгүүлдэг байв.

Тэрээр “Монголын алдарт багш нар” номын 2-р дэвтэрт сэтгэгдлээ үзэглэхдээ:
 “Улсад 28 жил багшлахдаа олон сайхан шавьтай болж, ажлын арвин их амжилт гаргалаа. Үүнийгээ би намайг төрүүлж өсгөсөн аав, ээжийн минь буян хишиг гэж залбирдаг. Намайг ивээж байдаг Увс нутгийн уул, усны маань энерги гэж шүтдэг, эрдэм номд сургасан багш нарын маань ач гэж биширдэг, намайг байнга дэмжиж тусалж, урам хайрладаг гэр бүл, хамт олон, найз нөхөд, хамаатан садангуудын минь ивээл гэж боддог, намайг хурцалж, хөгжүүлж байдаг шавь нарын минь нөлөө гэж бахархдаг” хэмээсэн нь алтан номын хуудаснаа мөнхлөн үлджээ.
Хүмүүний амьдралд ховорхон тохиох, сурган хүмүүжүүлэгч, түшигтэй хүн байсныг нь хань, үр хүүхэд, шавь нар нь хэн бүхэнд дурсан ярих дуртай. Хоёр биенээ ойлгон, амьдралын жаргал, зовлонгоо хуваалцахаар ханилан суусан залуу насны гэрэл цацарсан цаг, хоёр сайхан хүүхдийн эцэг эх болсон үе, ханийгаа амжилт гаргах бүрд баярт мөчийг нь хуваалцаж суусан жаргалтай цаг гээд хайр дүүрэн сайхан дурсамжууд одоо ч түүний ханийн сэтгэл зүрхэнд уяатай.
Энэ тухай хань О.Удвал нь “Миний хань маш зөөлөн сэтгэлтэй, халамжтай хүн байсан. Багшаар ажилласан он жилүүдэд ядрахыг үл тоон, амралтын өдрүүдээрээ өөрийн болон шавь нарынхаа олимпиадын бэлтгэлийг хийдэг байлаа. 1990-ээд онд гудамжны гэрэлтүүлэг, машин, утас сүлжээ хомсхон цаг үед харанхуй болтол хүүхдүүдээ бэлдээд гэрт нь алхаад л хүргэж өгнө. Ёстой л ажлын төлөө төрсөн, ховорхон хүн байсан даа. Олимпиадын бэлтгэлийг маш сайн хангадаг, шавь нартаа их сэтгэл гаргадаг байсан болохоор одоо ч шавь нар нь багшийгаа дурсан санаж, үйл хэргийг нь үргэлжлүүлсээр явна. Хүүхэдтэй их зөөлөн харьцдаг, хайрладаг, буруу зүйл хийвэл загнадаггүй байсан” хэмээн ярихыг нь сонсоход шавийн хайртай багш байсан нь мөдхөн ойлгогдоно.

Зүтгэлийнх нь хариуг амжилтаар өртөөлөн бэлтгэсэн шавь нар нь аймгийн математикийн олимпиадаас 20 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль, улсын математикийн олимпиадаас 1 хүрэл, 2 удаа 4-р байр, аймгийн мэдээлэл зүйн олимпиадаас 13 алт, 5 мөнгө, 11 хүрэл, улсын мэдээлэл зүйн олимпиадаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж багшийгаа баярлуулж байсан бол өдгөө олон зуун шавь нар нь улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулан салбар салбартаа амжилт, чадвараараа гайхуулж явна. 
Аймгийн анхны мэдээлэл зүйн багшаар ажиллаж, сургуульдаа анхны мэдээлэл зүйн кабинетийг байгуулахдаа сайн шавь төрүүлэхээр тэмүүлсэн нь удалгүй үр дүнгээ өгч эхэлсэн юм. Үүний илрэл гэлтэй шавь Н.Мөнхбаяр, Х.Батбаяр, Г.Майбаяр, О.Гантулга, И.Батхүү, С.Буянхүү зэрэг улсын мэдээлэл зүйн олимпиадын медальт сурагчид олноор төрөн гарчээ.
Тэрээр багшаар ажиллах хугацаандаа долоон удаа 10-р анги төгсгөсөн ба эрхэм багшийнхаа оюуны үрээр ирээдүйгээ нээсэн ачлалт шавь нар нь одоо ч түүнийг мартаагүй. Жил бүр уламжлал болон Улаангом сумын Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн ангийн нэрэмжит олимпиадыг 1993, 1996 оны төгсөлтийн ангийнхан нь зохион явуулсан бол ирэх 2022 онд болох олимпиадыг 2002 оны ангийнхан нь зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн шавь Г.Майбаяр, Н.Норов нар нь багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн, хүүхэд багачуудын боловсролын төлөөх их үйлсийг үргэлжлүүлэхээр Б.Цолмонхүү агсны нэрэмжит “Улсын мэдээлэл зүйн олимпиадын хоёрын даваа”-г зохион байгуулж байгаа нь олон хүүхдийг амжилт өөд хөтөлсөөр байна.

Биньеэгийн Цолмонхүү агсан нь:
-1989-2010 онд Улаангом сумын 10 жилийн 1-р сургуульд 21 жил математик, мэдээлэл зүйн багш,
-2010-2011 онд Увс аймагт шинээр байгуулагдсан “Увс-Эрдэм ахлах сургуулийн захирал,
-2011-2013 онд Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн захирал,
-2013-2016 онд  Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн сургалтын менежер,
-2016-2017 онд Улаангом сумын ЕБ-ын 3-р сургуулийн захирал зэрэг албыг нэр төртэй хашиж байлаа.
Ийнхүү Увсад төдийгүй, Монгол Улсын боловсролын салбарын түүхэнд тодоос тод мөр үлдээж, жинтэй хувь нэмрээ оруулсан Биньеэгийн Цолмонхүү агсан нь хорвоогийн элгэн дээр хүн болж ирээд алдар нэрээ дуудуулан одсон, хийж бүтээх хүслийн үүдийг нээж чадсан Цэнхэр хязгаарын сор болсон багш нарын нэг байлаа.             

/Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулав./
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn