Казах сурагчдад зориулсан монгол хэлний сургалтын жишиг хөтөлбөр баталлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 338 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа ІІ-V ангийн сурагчдад зориулсан монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөрийг баталлаа.
Тус хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөртэй уялдуулан 2022-2023 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхлэх аж.
Хүн амын өөр хэл бүхий хүүхдүүдэд зориулсан монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөрийг Монгол Улсын бага боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийн нийтлэг үндэслэл, зарчим, зорилго, зорилтыг баримтлан тус үндэсний хөтөлбөртэй адил бүтэц, дизайнтайгаар тохируулга хийж боловсруулжээ.
Энэ хүрээнд монгол хэлний хэл зүй, үгийн сангийн анхан шатны мэдлэг ойлголт, монгол хэлээр сонсож, уншиж ойлгох, санаа бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх арга барил эзэмшүүлэх, монгол хэл, соёлыг эрхэмлэн дээдлэх, суралцах хүсэл эрмэлзэл төлөвшүүлэхийг гол зорилт болгосон байна.