Ч.Доржмаа: Хүлээлтээс давсан хөтөлбөр болж чадлаа

283

Манай улсад “КОВИД-19” цар тахал дотоодод дэгдээд яг жил боллоо. Цар тахлаас үүдэж олон удаагийн хөл хорио, олон шинэ сорилтуудтай хүн төрөлхтөн нүүр тулсаар байна. Нөгөө талд гэнэтийн цар тахал эрүүл салбарын бэлэн байдал, чадавхийг сорьж буй мэт. Өнөөдөр эмч сувилагч наргүйгээр цар тахлыг намжааж, зогсоох боломжгүй. Иймд дэлхий даяар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үнэлэмж нэмэгдэж, боловсон хүчний чадавхийг сайжруулахад анхаарч эхэлжээ.Дэлхийн энэ чиг хандлагыг хувийн хэвшлийнхэн хөтөлбөр, төсөлдөө нэвтрүүлж байна.
ХААН Банкны зүгээс  жил бүр нийгэмд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд энэ жил Тогтвортой хөгжлийн зорилгын нэг “Жендерийн эрх тэгш байдлыг хангах” чиглэлийн хүрээнд “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлсэн аж.  Нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, тэр дундаа улаан бүсэд цаг наргүй ажиллаж буй сувилагч, асрагчдын дунд анхны хөтөлбөрөө хэрэгжүүлжээ.
Хөтөлбөрийг энэ оны гуравдугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд зарлахад 400 гаруй оролцогч бүртгүүлсэн нь энэ чиглэлийн сургалт хэрэгцээтэй байсныг харуулж байна. ХААН Банк сангийн зүгээс хөтөлбөрт 120 оролцогчийг сонгон шалгаруулсан бөгөөд хувь хүний хөгжил, санхүүгийн боловсрол, англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтад хамруулж, суралцах явцдаа идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтээрээ манлайлсан 40 оролцогчийг дотоодын их, дээд сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сургалтын төлбөрийн 90 хувийн тэтгэлэг олгожээ. Түүнчлэн хөтөлбөрийн 120 оролцогчийн 69 нь Улаанбаатар хотоос, 51 нь орон нутгаас хамрагдсан байна.
“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-т хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол болон сэтгэлзүйн сургалтаас сонгон суралцуулсан бөгөөд сургалт дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилсэн юм. Бид сургалтад хамрагдаж, цаашлаад шилдэг 40 оролцогчийн нэг болсон Монгол-Японы хамтарсан эмнэлгийн эрчимт эмчилгээний сувилагч Ч.Доржмаагаас хөтөлбөрийн талаарх сэтгэгдлийг сонслоо.
Тэрээр “Би англи хэл, сэтгэл зүйн сургалтыг сонгон суралцсан юм. Сургалтын явцад өөрийн хэлний мэдлэг болоод бусад чадварыг сайжруулж, цааш ахиулах хүсэл тэмүүлэлтэй боллоо. Өмнө нь цаг зав, боломж нь хомс байсан бол энэ удаа өөртөө зорилго тавьж хуваарийн дагуу хичээлдээ суралцаж, өөртөө маш том мэдлэгийн хөрөнгө оруулалт хийж чадсан гэж бодож байна. Хэдий цар тахалтай, ажил ихтэй байсан ч хажуугаар нь боловсролдоо хувь нэмэр оруулснаар дараагийн хүсэл зорилгоо тодорхойлоход урам зориг авлаа. Миний хувьд хүлээлтээс давсан хөтөлбөр байж чадсан.
Мөн идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтээрээ манлайлсан 40 оролцогчийн нэг болж  90 хувийн тэтгэлэг  авах болсондоо баяртай байна. Би үргэлжлүүлэн эрчимт эмчилгээний сувилахуйн чиглэлээр тэтгэлэгтэй суралцахаар болсон. Цаашид мэргэжлээ гүнзгийрүүлж суралцах болон бусад ур чадвараа сайжруулах боломжийг олгосон ХААН Банкны “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-т баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.
Ч.ГансүхСувилагч, асрагчид стрессээ удирдаж суралцсан нь цаг үеэ олсон алхам 
Хөтөлбөрт дээр дурдсанчлан дөрвөн сургалтаас сонгох боломжтой бөгөөд цар тахлын энэ үед сэтгэл зүйн сургалтыг оруулж өгсөн нь сувилагч, асрагчдад нэн хэрэгтэй зүйл болж өгчээ. Тодруулбал, цар тахлын үеийн болон ажлын стрессийг даван туулахад энэхүү сургалт дөхөм болж чаджээ. Хөтөлбөрийн сэтгэл зүйн сургалтад хамтран ажилласан “Сэтгэл зүй хүний хөгжлийн шинэ эхлэл” ТББ–ын хамтын ажиллагаа хариуцсан захирал Ч.Гансүхээс сургалтын талаар сэтгэгдлийг нь сонслоо.
Тэрээр “Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банктай хамтран цар тахлын энэ үед тэргүүн шугаманд ажиллаж байгаа сувилагч, асрагч нарт зориулсан гурван удаагийн лекц, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Сургалтаар харилцаа, гамшгийн үеийн сэтгэл зүйн бэлэн байдал, өөртөө хэрхэн санаа тавих, ажлын болон нийгмийн стрессийг хэрхэн удирдах зэрэг агуулгаар хичээл орж, мөн ганцаарчилсан зөвлөгөө өглөө. Сургалтын үеэр суралцагчид сэтгэл их өндөр байсан бөгөөд бусдадаа урам зориг өгч, даалгавраа идэвхийлэн хийж байгаа нь харагдсан.
Даалгавраа хийн, сургалтад хамрагдсанаар цар тахлын үеийн ажлын ачаалал болон өвчтөнүүдийн хандлага, уур бухимдлаас үүссэн стрессийг хэрхэн даван туулах шийдэл нь болж өгсөн гэдгийг зарим оролцогчид хэлж байсан. Ер нь энэ хөтөлбөр нь цаг үеэ олсон их зөв алхам болж чадсан гэж миний хувьд үзэж байгаа. Бидний хувьд хөтөлбөрийн хүрээнд ХААН Банктай хамтран ажилласандаа сэтгэгдэл өндөр байна” гэлээ.
Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр үргэлжилнэ
Хөтөлбөрийн талаар ХААН Банк сангийн ахлах мэргэжилтэн М.Мандахмягмар “ХААН Банк сангаас “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг анх удаагаа санаачлан амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдний хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, мөн албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилготой юм.
Хөтөлбөрийн судалгааг хийж байхад асрагч, сувилагч нарын дунд сурч хөгжих боломж төдийлөн нээлттэй, хүртээмжтэй биш байдаг нь анзаарагдсан. Иймд эхний ээлжинд коронавируст цар тахлын үед тэргүүн шугаманд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа сувилагч, асрагч нарыг хамруулсан.
Бид “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэхдээ жил бүр хөтөлбөрт хамрагдах зорилтот бүлэг өөрчлөгдөх юм. Тодруулбал, энэ жил эрүүл мэндийн салбарынхан байсан бол ирэх жил боловсролын байгууллагынхныг хамруулахаар судалгаа хийж байна. Аль болох өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог боловч хараахан боломж, хүртээмжгүй байдаг салбарын мэргэжилтнүүдийг энэ хөтөлбөртөө хамруулахыг зорьж байна” гэлээ.
Өөртөө үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийж, мөрөөдлөө бодит болгосон шилдэг 40 оролцогч нь сувилахуйн төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт болон мэргэжил олгох сургалтад 90 хувийн тэтгэлэгтэйгээр суралцаж байна. 
Эх сурвалж: Itoim.mn, сэтгүүлч С.Отгонбаян
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn