Сагил суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Увс /МОНЦАМЭ/. Тус аймгийн Сагил сумаас баруун урд зүгт 64 км-т энэ сарын 12-ны өдөр орон нутгийн 1 цаг 25 минут 45 секундэд 4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тухайн газар нь ОХУ-ын хилийн ойролцоо оршдог, хүн малгүй зэлүүд газар тул малчид, иргэдэд ямар нэгэн гарз хохирол учраагүй байна.
Он гарсаар Увс аймагт 4 удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгаа аж. Энэ талаар Одон орон, геологийн хүрээлэнгийн Улаангом салбарын мэргэжилтэн Г.Болор-Эрдэнээс тодрууллаа.
“Он гарсаар 1-р сарын 26-нд Завхан сумаас баруун хойд зүгт 29 км-т 4 магнитудын, мөн 1-р сарын 29-нд Цагаанхайрхан сумаас зүүн урагшаа 16 км-т 3,9 магнитудын, үүний дараагаар 4-р сарын 26-нд Тариалан суманд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Эдгээр газар хөдлөлтийн улмаас малчид, ард иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд газар хөдлөлтийн чичиргээ дээрх сумын иргэдэд төдийлөн хүчтэй мэдрэгдээгүй” гэлээ.