Жорлонгийн хувьсгал хийж Монголоо аваръя
Бид сайхан амьдрахыг мөрөөддөг. Түүнийг хэрхэн бий болгох вэ гэхээр зарим нь том хувьсгал хийх тухай ярьдаг. Шинэчлэлийн “хар зураг” гаргаж, мөрөөдлийн жагсаалт гаргаад амжих нь ч бий.
Зарим улс төрийн хүчнүүд Үндсэн хуулийн хувьсгалд уриалдаг. Ногоон, цагаан хувьсгал ярьж, эдийн засгийн хувьсгалыг тунхаглах нь ч байна. Түүнийгээ төгс хийсэн нь үгүй. Гэтэл урд хөршийн удирдагчид зөвхөн “Жорлонгийн хувьсгал”-аар иргэдийнхээ амьдралын чанарыг улсынхаа эдийн засагтай хамт шийдчихсэн.
Зөвхөн жорлонгоо өөрчилснөөр гээд бод доо. Ердөө 2008 оны Бээжингийн олимпын өмнөхөн ийм шийдэлд хүрч, түүнээс хойш жорлонгоо өөрчлөх шат дараатай ажилд гурван тэрбум ам.доллар цацжээ. Ингэснээр хүн амынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, аялал жуулчлал хөгжүүлэх цогц бодлого, хотын хөгжлөөс улс орныхоо эдийн засгийн өсөлтийг бүгдийг шийдчихсэн байгаа юм. Зөвхөн энэ ч биш агуу сэтгэгч Билл Гейтс хүртэл жорлонгийн хувьсгал хийхийг мөрөөддөг гэж олон улсын хурал дээр хэлсэн байдаг.
Гэтэл манайхан “Жорлон ярьж жижигрэхгүй, том бодлого хэрэгжүүлнэ” гэдэг. Жорлонгийн өөрчлөлтөд манлайлагч гэвэл манайд ганц л эмэгтэй улстөрч гарч ирсэн. Тэр нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл. Ер нь бол төр, засгийн зүгээс түүнийг өөр намынх гэж өөнтөгч нүдээр харалгүй, эхнээс нь хамтраад дэмжээд явсан бол өнөөдөр улсын хэмжээнд хувьсгал биш юм гэхэд том шинэчлэл хийж чадах байв. Гэхдээ түүний “Жорлонгоо өөрчилье” багийнхан багагүй өөрчлөлтийг авчирсан. Төсөл хэлбэрээр одоо ч үргэлжлүүлээд явж байна. Төрийн зүгээс гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар БОАЖЯ-ны харьяанд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой болж, ажлын алба байгуулснаар багагүй дэвшил гарч байгааг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ Хэмнэлтийн хуулийн хүрээнд гэр хорооллын айл өрхийн жорлонг өөрчлөхөд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлэх Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нарын гишүүдийн санаачилгыг УИХ-ын зарим гишүүн эсэргүүцэж байв. Гэтэл жорлонгоо өөрчлөхгүйгээр манай улс ямар ч эдийн засгийн өсөлтийг мөрөөдөөд хэрэггүй. Цаашид хүн амаа эрүүл байлгах, аюулгүй байдлаа баталгаажуулах, эдийн засгаа өсгөх, жуулчдыг татах ямар ч боломжгүй юм. Магадгүй дээр дурдсан Хэмнэлтийн хуулийн хэмнэх зарчим харин ч жорлонг өөрчилснөөр бий болохоор.
Өнөөдөр жорлонгийн бэрхшээлийг тоочвол, хамгийн эхэнд дэлхийн “Өмхий хот”-оор нэрлэгдэхэд хүргэсэн, түүгээр зогсохгүй байх ёстой хэмжээнээс хэд дахин давчихаад байгаа нийслэлийнхээ агаар, хөрсний бохирдлыг ярих ёстой. Агаарын бохирдлыг бууруулна гэхээр манайхан зөвхөн утааны тухай ярьж, зуух тараах мэтэд хэчнээн тэрбумаар мөнгө цацаж ирсэн гашуун түүхтэй. Хөрсний бохирдол хэрээс хэтэрлээ, нийслэлийн салхины дээр оршдог Гандангийн өндөр дэнж дээрх гэр хорооллын жорлонгийн үнэр хотыг бүхэлд нь утаж байна. Бороо орох болгонд нийслэлийн бүх нүхэн жорлон, муу усны нүх хальж, нянгийн бохирдол хүний хөл, машины дугуйгаар хот даяар тарж, иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулж байна гээд зуны гурван сар шуугидаг. АСЕМ болоход ямар ичгэвтэр байдалд орж байснаа манай төр, засгийн удирдлагууд мартаагүй байлтай. Нэг талаас ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, МХЕГ, БОАЖЯ, Нийслэлийн хог хаягдлын менежмент зохицуулалтын газраас бодлогын чанартай ажлууд төлөвлөж явуулдаг. Нөгөө талаас Эрүүл мэндийг дэмжих сан, Сэтгэлгээний боловрол НҮТББ-аас төрийн болон төрийн бус байгууллагуудаар дамжуулан “Орчны бохирдлыг шийдэхэд иргэд өөрсдөө идэвхтэй оролцох хэрэгтэй. Олон нийтийн оролцоотойгоор шийдэж чадна” гэдгийг байнга уриалж, нийгмийнхээ ухамсартай тулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, төрийн хийж чадахгүй байгаа нөлөөллийн ажлуудыг тэд нуруундаа үүрч хийж гүйцэтгэж ирсэн юм. Энэ удаа агаарын, хөрсний, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын, эдийн засгийн, аялал жуулчлалын гээд энэ бүх асуудлыг нэг сумаар буудах зөв бодлого болсон жорлонг өөрчлөхөд ямар бодлого баримталж, зорилтот ажлуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны нарийн бичгийн дарга Б.Алтанзулаас тодрууллаа.
Б.Алтанзул: Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулж, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулна
-Өнөөдөр Улаанбаатар хотын хөрсний бохирдол ямар хэмжээнд байна вэ?
-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 онд хөрсний бохирдлын судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд хийлгэсэн. Үүгээр нийслэлийн хөрсний бохирдол, хүнд элементийн бохирдол ямар байгааг тодорхойлсон. Судалгааны дүнд Улаанбаатар хотын хэмжээнд 144.992 нүхэн жорлон /гэр хороололд/ байна. нүхэн жорлон дахь нянгийн бохирдол 3-8 метрийн гүнд маш их бохирдолтой. Энэ нь хөрсний усаар дамжин ундны усанд нийлэх боломжийг болгож байгаа тул бид энэ асуудалд нэн тэргүүнд анхаарах ёстой гэсэн шийдвэр гарсан. Тэр нь юу вэ гэвэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Алсын хараа-2050 хөтөлбөрт хөрсний бохирдлыг бууруулах тодорхой зорилтууд тусгагдсан. Энэ хүрээнд хийсэн судалгаагаар хөрсний бохирдол байх ёстой хэмжээнээс өндөр гэж гарсан.
-Үүний эсрэг ямар ажил хэрэгжүүлж байна?
- Судалгаанд түшиглэн хөрсний бохирдол, түүнээс дамжсан усны бохирдлоос цогцоор нь хамгаалах, ялангуяа Туул голын усны бохирдлыг бууруулахад тодорхой ажлууд хийх ёстой гэж бид үзсэн. Энэ чиглэлд “Эко 00” арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Гэр хорооллын айл өрхүүд, аялал жуулчлалын баазуудыг “Эко 00”-оор хангах зорилтууд бий. Алсын хараа-2050 хөтөлбөрийн 5.1.4-т “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг байгальд ээлтэй, эко болгох зорилтыг дэвшүүлсэн. Мөн эрүүл, аюулгүй орчинд иргэдээ амьдруулах зорилтууд тусгагдсан. Энэ хүрээнд бид Эко 00” арга хэмжээг хэрэгжүүлж эхэлж байгаа. Өнгөрсөн жил 2000 өрхөд суурилуулсан. Энэ жил мөн тооны айл өрхөд тавихаар ажиллаж байгаа.
-Айл өрхүүдийг хэрхэн сонгодог вэ?
-Туул голын сав газар 50-200 метр дотор байгаа газар эзэмших зөвшөөрөлтэй айл өрхүүдэд “Эко 00” тавьж байгаа. Туул голын эрэг дагуух хөрсний бохирдол нь ундны усыг бохирдуулах эрсдэлтэй учир нянгийн бохирдлыг бууруулах, хуучин жорлонг хоргүйжүүлэх бодис хийн саармагжуулж, хөрсөөр хучдаг. Хучсан хөрсөн дээр нянгийн бохирдлыг хурдан хугацаанд арилгах мод тарьдаг. Энэ жилийн “Эко 00” хөтөлбөрт төлөвлөсөн 2000 өрхийн 1000 өрхийг нь Туул голд цутгаж байгаа Сэлбэ гол, Гачууртын голын ай сав дотор байгаа айл өрхийг хамруулж байна. Хөрсний бохирдлоос хамгаалж, усаа цэвэршүүлснээр Туул голын бохирдол багасна.
-Орон нутгийн хөрсний бохирдлын хэмжээг судалсан уу?
-Судалгаа явуулсан. Тухайлбал, Дархан-Уул аймагт байгаа гэр хорооллын 20 орчим мянган айл өрхийн дунд судалгаа явуулахад хашаагаа тойруулж нүхэн жорлон хийсээр сүүлдээ 00 ухах газаргүй болсон байна. Бохирдлын түвшин маш өндөр гарсан. Стандартаас 5-6 дахин өндөр түвшинд очсон байна. Орхон аймгийнх мөн ялгаагүй. Гэр хороолол нь Хангал голынхоо эхэн дээр байдаг.Иймд тэдгээр айл өрхийг Эко 00-той болгож, хөрсний бохирдооос хамгаалах зайлшгүй шаардлагатай. Төрөөс явуулж байгаа зайлшгүй арга хэмжээний нэг нь энэ юм. Хоёрдугаарт, бид иргэдийн ухамсар, өөрсдийнх нь хариуцлагын хүрээнд Эко 00-ийг өөрсдөө барьж байгуул гэсэн шаардлагыг тавьдаг. Хоёр сая төгрөгөөр ийм 00 барих боломжгүй байвал нэр бүхий арилжааны гурван банкнаас жилийн хоёр хувийн хүүтэй зээл ав. Зээлийн хүүгийн болон бусад хөнгөлөлтийг нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо санхүүжүүлж байгаа юм.
-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ямар үүрэг хүлээх вэ, энэ зээлд?
Нийтдээ 15 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд гаргаж байгаа. 13 хувийн хүүг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо төлье, та хоёр хувиа төлөөд Эко 00-той болчих. Хуучин 00-доо саармагжуулалт хийж, мод тарьж гаднах орчноо ногоон байгууламж болгочих. Энэ бол та өөрийнхөө болоод үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа сайн үйл, эрүүл аюулгүй амьдрах иргэн хүний хариуцлага юм шүү гэдгийг ойлгоосой гэж хүсэж ингэж дэмжиж байгаа юм. Гуравдугаарт, олон улсын байгуулагуудын хамтын ажиллагааных хүчинд зарим санхүүжилт, дэмжлэгээр нэн шаардлагатай айл өрхүүдэд Эко 00-ийг хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээрт, хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд аймаг, нийслэл сум, дүүргийн ЗДТГ, сонгогдсон албан тушаалтнууд энэ ажлыг орон нутгийн хөрөнгөөр санхжүүлж хэрэгжүүлж байна. Энэ бүхэн иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах, дээр нь хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулахад оруулж байгаа хувь нэмэр юм.
Төрийн болон ТББ-ууд ийнхүү санаачилга гаргаж байна. Гэвч иргэдэд байгаа нэг гэм нь нэг сэдвээс нөгөө рүү сошиалын хандалтыг даган шуурч, ярьж хийж байснаа амархан мартчихдаг. Жишээ нь, жорлонгийн асуудлыг зуны гурван сар, бороо хур элбэгтэй бол намар хүртэл яриад анхны цас оронгуут мартаж орхих жишээтэй. Өөрсдийнхөө эрүүл мэнд, үр хүүхдийнх нь ирээдүй, амьдралын чанар, аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байхад ингэж ханддаг хүмүүс жорлонгоо өөрчилснөөр аялал жуулчлалыг хөгжүүлнэ, тэндээс мөнгө татна гэдэгт итгэл, зүтгэлээ зориулахгүй байх. Гэхдээ одоо өөрөөр харж, жинхнээсээ өөрчлөгдмөөр байна. Энд юу хэлэх гээд байна вэ гэвэл, манай улс жил бүр улсын баяр наадмаас гадна Даншиг наадам зохион байгуулдаг. Тэр нь жуулчдыг татах нэг ёсны эвент гэж байгаа. Тэгж төсөв мөнгө зарцуулж байхаар уг нь Хятад шиг жорлонгийн хувьсгал хийхчихэд л жуулчдыг хангалттай татах юм шүү дээ.