Ж.Ганбаатар: Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг засгийн газарт олгож байгаа

886

- ИРГЭН 10 САЯ, АЖ АХУЙН НЭГЖ 100 САЯ ХҮРТЭЛХ ЗӨРЧИЛД ХОЛБОГДСОН БОЛ ЭХНИЙ УДААД ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ САНУУЛДАГ БОЛНО -
 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

-Сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг иргэдэд бодит нөлөө үзүүлэх эдийн засгийн арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилж байгаа. Ажилгүй орлогогүй болсон иргэдэд мөнгөн тусламж үзүүлж болоогүй юм уу гэх нь ч байна. Та үүнд юу хэлэх вэ?
-Эдийн засгаа сэргээх, ААН, иргэдийг дэмжихийн тулд 5.1 их наяд хүртэлх төгрөгийг зарцуулахаар болсон. Монгол Улсын төсөв өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа ашигтай гарч, тодорхой хэмжээний нөөцтэй болсон. Уг нөөцөөс болон гадаадын зээл, тусламжийг авч Сангийн яам дотоод зохицуулалтыг хийж байгаа. Шулуухан хэлэхэд хорио цээрийн асуудал их удаан үргэлжилж байна. Гадны улс орнууд хэсэгчилсэн хорио цээр тавьж, тэрхүү хугацаанд шаардагдах хүнс, эсвэл мөнгөн тусламжийг үзүүлж байна. Та бүхэн гэртээ байж бай, тэр хугацаандаа энэ мөнгөөр, энэ хоол хүнсээр хэрэгцээгээ ханга гэх байдлаар энэ асуудлыг шийдэж байгаа юм. Хорио цээрийг ийм төрлийн арга хэмжээ дагаж, уялдаж явж байна гэсэн үг. Муухайгаар хэлэхэд хүнийг гэрээс гарахыг нь хориглочихсон юм бол ядаж хоол ундных нь асуудлыг шийдэх ёстой биз дээ. Манай улсад энэ зохицуулалт дутагдалтай байгаа нь үнэн. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд би энэ асуудлыг бүлэг, байнгын хорооны хуралдаануудад байнга хэлж байгаа л даа. Энэ нь ч тус байнгын хорооны даргаар ажиллаж байгаа хүний үүрэг.

Ажилгүй орлогогүй, хүүхдүүдээ хараад гэртээ гурван сар сууж байгаа хүний бүхий л нөөц бололцоо шавхагдаж таарна. Бүр дахин хэдэн сарын турш хорио цээр үргэлжилнэ гэвэл хүүхдүүдээ яаж тэжээх вэ. Тиймээс хэсэгчилсэн хорио цээр дахин урт удаан битгий үргэлжлээсэй гэж хүсч байна. Манайх шиг гурван сарын турш хэсэгчилсэн хорио цээр тогтоосон улс орон хаана ч байхгүй.

-Нөхцөл байдал нь хүндэрсэн улс орнуудад ч ийм хугацааны хорио цээр тавиагүй гэж үү?
-Нэг сар, 14 хоногийн хугацаанд л үргэлжлүүлсэн. Жишээ нь, Герман улсын хувьд гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 19-ний хооронд л тогтоолоо. Нөхцөл байдал нь сайнгүй байгаа ч эдийн засаг дийлэхгүй гэж үзээд хорио цээрээ цуцалчихлаа. БНХАУ-ын ихэнх мужууд хорио цээрийг хоёр сарын хугацаанд л үргэлжлүүлсэн. Одоо дотоодын жуулчлал, нислэг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь бүгд хэвийн байдалд орсон. Иргэдийнх нь хувьд л багахан айдастай байх шиг байна. Мэдээж манай улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй ярих зүйл байхгүй. Дэлхийд жишиг болохуйц хэмжээнд явж байна. Гагцхүү эдийн засгийн асуудлуудаа орхигдуулж байгаа зүйлүүд байна.

-Эдийн засгийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд чөлөөлөхөөр болсон. Энэ асуудал яаж эцэслэгдэж байгаа вэ?
-Сангийн сайдын зүгээс нийт аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө, алтны компаниуд урьдын адил НДШ-ээ төлөөд явна гэх байр суурийг илэрхийлсэн. Үүний дагуу холбогдох дүрэм, журам нь гарч хэрэгжээд явна гэж ойлгож байгаа. Үүнээс гадна ноолуурын асуудал, бензиний үнэ, хүүхдийн мөнгө, хүн амын орлогын албан татвар, 200 мянган төгрөгийн олголт зэргүүд хэрэгжээд явж байна. Ерөнхий сайдын тавьсан долоон асуудал дээр нэмэгдээд түрээсийн талаарх зохицуулалт тусгагдсан. Тодруулбал, нэг м.кв-ыг 10 мянган төгрөгөөр түрээсэлдэг байлаа гэхэд энэ үед гурван мянган төгрөгөөр түрээсэлдэг болжээ. Үлдсэн долоон мянган төгрөгийн алдагдлаа тайлан, баланс бичихдээ зарлага талдаа бичих боломжтой гэсэн үг.

-Банкны салбарт реформ хийнэ гэж байгаа. Ямар өөрчлөлтүүдийг хийх вэ?
-Миний хувьд банкны салбарт реформ хийх нь зөв гэж үзэж байна. Манай томоохон банкуудын дийлэнх нь нэг гэр бүлийн юм уу эхнэр, нөхрийн л өмчлөлд байдаг. Нэг хүн тухайн банкны 60, 70 хувийг эзэмшдэг байх жишээтэй. реформ хийснээр үүнийг дэлхийн жишигтэй ойртуулж олон нийтийн болгох нь зөв юм. Гэхдээ энэ нь өнөө, маргаашгүй олон нийтийнх болгочихно гэсэн үг биш. Ойрын таван жилдээ багтаан эзэд нь банкаа хувьцаат болгох ёстой. Нэг хүнд ногдох банкны хувьцааг 20-иос дээш хувь байлгахгүй. Банк төрөөс тусгай зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага шүү дээ. Банкинд ямарваа нэгэн асуудал гарахад тухайн хувь хүний гэхээсээ илүү нийт иргэдийн эрх ашиг, асуудал хөндөгддөг. Тиймээс төр энэ асуудал дээр анхаарч, бодлого гаргах нь зөв гэж хардаг. Дээрээс нь гадны банкыг оруулж ирж, зээлийн хүү, хадгаламжийн хүүг бууруулах өрсөлдөөн үүсгэх хэрэгтэй. Гэхдээ хадгаламж авахгүй байх, жижиг зээл рүү орохгүй байх зэрэг тодорхой шалгууруудыг тавих ёстой.

-УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл батлагдсан. Энэ хуулиар яг ямар тодорхой зохицуулалтууд орж байгаа вэ?
-Цар тахлын үед төрийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ гэдэг нь тодорхой бус байсан. Үүнийг тодорхой болгож, сайжруулж байна. Цар тахлын үед ажилласан, ажиллаж байгаа албан хаагчдын эрх мэдлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Зарим аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг дайчлах тухай ч зохицуулалт орж байна.

-Хэрхэн яаж дайчилна гэсэн үг вэ?
-Гадны улс орнуудад эмнэлэг хүрэлцэхээ больж, зочид буудал зэргийг эм-нэлгийн шугамаар ашигласныг та бүхэн мэдэж байгаа байх. Хэрэв тийм нөхцөл байдал үүсвэл аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг дайчилна. Дайчилсан тохиолдолд нөхөн олговор олгох юм. Энэ асуудлыг уг хуулиар тодорхой болгож байгаа. Мөн халдварын нөхцөл байдлыг ойлгоогүй, санаатайгаар бусдад тараасан иргэдэд Эрүүгийн арга хэмжээ авах хүртэлх хариуцлага хүлээлгэнэ. Миний хувьд уг хуульд эдийн засагтай холбоотой зохицуулалтууд маш бага туссан гэж бодож байгаа. Энэ асуудлыг хөндөх болно.

-Уг хуулиар Засгийн газар ямар эрх мэдэлтэй болох вэ. Энэ тохиолдолд УИХ хэрхэн хяналтаа тавих вэ?
-Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг Засгийн газарт олгож байгаа. Нэмж, хасах бус дотор нь хөдөлгөнө гэсэн үг. Энэ нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Гэхдээ онцгой нөх-цөлд Засгийн газар энэ асуудал дээр түргэн шуурхай ажиллая гэж байгаа юм. Үүнийг тийм ч буруу зүйл биш болов уу гэж харж байгаа. Гэхдээ энэ нь нэг удаагийн л хууль шүү дээ. Хэрэгжих эсэх нь ч одоогоор тодорхой болоогүй байна. Ер нь бол өөрөөр УИХ-ын онцгой эрх мэдэлд халдаад, Засгийн газрын эрх мэдлийг нэмсэн зүйл байхгүй.

-Зөрчлийн тухай хуульд сануулах заалт оруулах ёстой гэж та хэлж байсан.
-Миний бие Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад, төрийн байгууллагуудаас санал авч байна. Засгийн газрын саналыг авч УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийг дагаж гарч байгаа Зөрчлийн тухай хуулиар олон тооны зөрчлүүдийг зөрчилд тооцохгүй болгоно. Мөн иргэн 10 сая, аж ахуйн нэгж 100 сая хүртэлх зөрчилд холбогдсон бол эхний удаад торгуулийн арга хэмжээ авахгүй сануулдаг болно. Сануулах заалтыг оруулна гэсэн үг. Миний хувьд Зөрчлийн тухай хуулийг санаачилж, ажлын хэсэгт нь орж ажилласан хүмүүсээс тодорхой өөрчлөлт бүхий хууль өргөн барихыг хүлээж байна. Хэрэв хуулиа засахгүй бол би өөрөө өргөн барих юм. Зөрчлийн тухай хуулийн 60-70 хувь нь жижиг аж ахуйн нэгж, иргэдэд хохирол учруулдаг. Товчхондоо, уг хуулийн хамгийн том хор хохирол, үр нөлөө нь иргэдийн бизнес эрхлэх сонирхлыг шууд хаадаг явдал. Та жижиг аж ахуйн нэгж үүсгээд явж байлаа гэхэд таныг өөрийнхөө гаргасан зөрчлийг огт мэдээгүй байхад төрийн байгууллагаас 40, ихдээ 200 хүртэлх сая төгрөгөөр торгох зохицуулалт уг хуульд орсон. Угтаа та хүнд ийм хохирол учруулжээ, саад болжээ, энэ хуулийг зөрчсөн байна гэдгийг эхэлж хэлж, дахин ийм үйлдэл гаргавал торгоно гэдгийг сануулах ёстой. Хүн олон сая төгрөгөөр торгуулаад ирэхээр урамгүй болж, хийж байгаа зүйлээ орхьё, больё гэж боддог. Тэр ч утгаараа хийж бүтээхийг хүсэх бус амар хялбар аргаар хөлжих гэж зүтгэж байна гэж хардаг. Монгол Улсад бизнес эрхэлхэд хүнд хэцүү болгодог зүйлсийн нэг нь энэ мэт хуулийн зохицуулалт юм. Хямрал зэргээс болоод байсан ч юм байхгүй, зугтдаг шалтгаан нь ердөө энэ. Монголын аж ахуй эрхлэгчид энэ дарамтан дор хэдэн хүнийг цалинжуулах гэж их л чармайх шаардлагатай болдог. Намайг анх Зөрчлийн тухай хуулийг ярихад хүмүүс шинэ УИХ-ын гишүүн төр самрах нь маягийн юм ярьж шүүмжилдэг байлаа. Одоо үнэнд гүйцэгдсэн учраас сонгууль дөхөнгүүт хүн бүр л ярьдаг болсон байна. Зөрчлийн тухай хуулийн өөрчлөлт гурван жил хэрэгжлээ. Одоо иргэд гэлтгүй төрийн байгууллагууд ч энэ хуулийг засах шаардлагатай гэдгийг ойлгож байна.


Эх сурвалж: Өдрийн сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn