ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигтэй хийсэн ярилцлага

0

- Таны энэ өдрийн амгаланг эрье. Өнгөрсөн өдрүүдэд болсон ОУОХ-ны Чуулганд Таоролцсон байсан. Олимпын хөдөлгөөнд ямар онцлох асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн бэ?
- ОУОХ-ны 141-р Чуулган энэ сарын 14-17-ны өдрүүдэд Энэтхэг улсын Мумбай хотноо зохион байгуулагдлаа. Чуулганаар флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт 5 спортын төрлийг “Лос-Анжелес 2028” Олимпын хөтөлбөрт шинээр оруулахаар хэлэлцэн баталлаа. Мөн Олимпын хартид Олимпизмын үндсэн зарчимд нийтлэг байдал, спортоор хичээллэх хүний эрхийг илүү тодотгосон нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь онцлог байлаа. Түүнчлэн энэ удаагийн Чуулганаар ОУОХ найман шинэ Гишүүнээр бүл нэмсэн.  
Улс эх орондоо олон улсын спортын томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь спортын хөгжилд болон эдийн засагт маш чухал ач холбогдолтой байдаг. Энэ удаагийн Чуулганаар ч мөн 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монгол улсад зохион байгуулах, 2030 эсвэл 2034 онд Залуучуудын Олимпын наадмыг эх орондоо хүлээн авах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлээд ирлээ.
- Та МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоод жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд МҮОХ-ноос өрнүүлсэн онцлох үйл ажиллагаануудаас дурдвал? 
-МҮОХ-ны VIII Чуулган 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, шинэ удирдлага бүтэц бүрэлдэхүүнээ сонгосон. Энэ хугацаанд бид ОУОХ-ны зөвлөмжийн дагуу сайн засаглалыг хөгжүүлэх үүднээс Гүйцэтгэх зөвлөл дэх эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэн хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг хэд хэдэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж чадсан.
МҮОХ-ны зүгээс өнгөрсөн 8 дугаар сарын 12-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо сүүлийн жилүүдэд зохиогдсон анхны томоохон наадам болох Зүүн азийн залуучуудын наадмыг бүхий л талаар дэмжин, зохион байгуулах хороо, Төр засгийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, наадамд оролцсон баг тамирчид сэтгэл өндөр байлаа. 
Мөн МҮОХ-ноос 9 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Монголын анхдугаар элсний наадам Дундговь аймгийн Мандалговь хотноо амжилттай зохион байгууллаа. Анхдугаар элсний наадамд 4 аймаг, 3 их дээд сургууль, 2 спортын хороо, 5 спортын клуб нийт 14 байгууллагын 120 гаруй тамирчид бадминтон, волейбол, текбол, бөхийн төрлөөр ур чадвараа сорин өрсөлдсөн. Цаашид уг элсний наадмыг илүү өргөн хүрээтэйгээр тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цар тахлын улмаас нэг жилээр хойшлоод байсан Азийн наадам маань 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо өрнөж МҮОХ-ноос нийт баг тамирчдын зохион байгуулалтыг хариуцан ажиллалаа. 
МҮОХ-ноос Ханжоу 2022 Азийн наадамд оролцсон Монголын баг тамирчдын нэгдсэн дүн, тайланг хэлэлцэх хэлэлцүүлгийг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 
ОУОХ-ны Эв санааны нэгдэл, Азийн олимпын зөвлөлийн олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бид хүсэлтээ илгээж, спорт холбоодод хүртээмжтэй байлгах тал дээр анхааран ажиллаж байна.
Спортын хөгжилд гадаад харилцаа нэн чухал. Бид гадаад харилцаандаа түлхүү анхааран ажиллаж байна. Бусад орнуудын өндөр хөгжсөн спортын төрлүүдээс туршлага солилцох, баг тамирчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах нь өндөр үр дүнтэй ажил болдог. 
Мөн бас нэгэн онцлох ажил бол “Mongolia house” төсөл. Бид ирэх Парис 2024 Олимпын үеэр Монголын соёл, ёс заншил, брэндээ сурталчилсан Монгол гэр барьж гадаадын зочид төлөөлөгчид, тамирчидад сурталчлах төслийг хэрэгжүүлж байгаа. Миний бие өнгөрсөн долоо хоногт Парис хотноо “Mongolia house” төслийг хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулсныг дуулгахад таатай байна.
- Ханжоу 2022 Азийн наадамд оролцсон манай 2 тамирчнаас допинг илэрсэн тухай олон улсын допингийн шинжилгээний газраас мэдээлсэн. Мөн Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллагад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Олимпын наадамд Монгол улс цагаан туг дор оролцох эрсдэлтэй зэрэг олон мэдээлэл гарсан. Энэ тал дээр МҮОХ-ны байр суурь ямар байна вэ? 
- Азийн наадамд оролцсон манай 2 тамирчнаас допинг илэрсэнд харамсаж байна. Тухайн тамирчин “B” сорьцоо шинжилгээнд хамруулах, спортын арбитрын шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг. МҮОХ-ны зүгээс тамирчдынхаа эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих тал дээр Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллага (ДДЭБ)-ын кодекс, дүрмийг анхааран ажиллаж байгаа. 
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр допингийн асуудалтай холбогдуулан МҮОХ-г Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага (МДЭҮБ)-ыг татан буулгах эрхтэй, МҮОХ нь допингийн асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй, анхаарахгүй байна гэсэн ташаа мэдээлэл ихээхэн гарсан. Энэ асуудлаар МҮОХ-ны зүгээс албан ёсны мэдэгдэл хийсэн байгаа.
МҮОХ нь ДДЭБ-ын кодексийн 20.5.1 дэх заалтын дагуу МДЭҮБ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцох нь дүрмээр хориотой байдаг. Бид энэхүү асуудал хөндөгдөж эхэлсэн цагаас МДЭҮБ-д удаа дараа албан ёсоор хандаж, хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэх гэж чармайлт гаргаж ирсэн. Төр засаг, БТСУХ-той хамтран энэхүү асуудалд анхаарал хандуулж, Допингийн эсрэг үндэсний дүрэм батлах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд манай Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр нар ажиллаж байна.
Асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх, дахин давтагдуулахгүй байх, хэрхэн шийдвэрлэх талаар ДДЭБ болон эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. МҮОХ-ны зүгээс тамирчдад допингийн тухай мэдээлэл өгч, олон улсын холбоодоос тавигдаж байгаа шаардлагын дагуу допингийн онлайн сургалтад хамруулан ажилладаг.
Уг асуудал анх, “Токио 2020”, “Бээжин 2022” Олимпын наадмуудад оролцсон тамирчдын шинжилгээний төлбөр төлөгдөөгүй, тамирчдаас шинжилгээ авсан төлбөрийг БТСУХ болон МДЭҮБ шийдэж чадалгүй удсанаас үүдэлтэй.
Энэ асуудлын хүрээнд МҮОХ-ноос өнгөрсөн 7 дугаар сарын 4-нд МДЭҮБ-д үүсээд буй нөхцөл байдал, асуудлын тухай сануулга албан бичиг хүргэсэн. Харин Ж.Хатанбаатар дарга 8 дугаар сарын 4-нд бидний сануулгыг эрс эсэргүүцсэн няцаалт тайлбар ирүүлсэн.
Харин ДДЭБ-аас хэрэв асуудлыг шийдэж чадахгүй бол 9-р сард болсон ДДЭБ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Монголын баг цагаан туг дор оролцох эрсдэлтэй болсон тухай мэдэгдэл ирүүлж байсан. 
МҮОХ-ноос ДДЭБ-д хүсэлт гаргаж, төр засгийн байгууллагуудад төлбөр төлөх гарц гаргалгааг цаг алдалгүй дэвшүүлж, бүхий л чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажилласныг дахин дурдмаар байна. МҮОХ нь тухайн асуудлыг цэгцэлж, холбох гүүр нь болсон гэж хэлж болно.
Саяхан Үндэсний бөхийн холбооны Тэргүүн Ц.Магалжав хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Уг ярилцлагад, үүсээд буй допингийн асуудал нь МҮОХ-ноос шалтгаалсан гэх илт ташаа мэдээлэл яригдсанд харамсаж байна. Ц.Магалжав Тэргүүн өнгөрсөн наадмын өмнө надтай уулзсан. МҮОХ-ны зүгээс ч үндэсний спортын төрлүүд тэр дундаа үндэсний бөхийн спортыг дэмжиж ажилладаг. Миний өмнө дурьдсан Парис 2024 олимпын наадмын үеэр хийгдэх “Mongolia House” төслийн үйл ажиллагааны үеэр үндэсний бөхийн спортыг дэлхий дахинд сурталчилах талаар ярилцаад ирсэн.
Үндэсний бөхийн холбоо тогтмол допингийн асуудалд холбогдож түүнийгээ өнөөг хүртэл шийдэж чадахгүй маргаан гомдол дагуулж байгаад монгол бөхдөө хайртай хэн бүхэн санаа зовж байгаа. Тус холбоо тамирчдаа допингоос хамгаалж, урьдчилан сэргийлэх талаар МДЭҮБ-тай хамтран ажиллах үндсэн үүрэг чиглэлтэй байдаг. Холбооны хийх ёстой гол ажлын нэг нь энэ. Гэвч асуудал арилахгүй давтамжтай гараад байгаа нь Монголын үндэсний бөхийн холбоо ДДЭБ-ын кодексын хүрээнд допингийн эсрэг тэмцэх ажлаа зохих түвшинд хангалттай хийж чадаж байгаа эсэх нь учир дутагдалтай байгааг харуулж байна. 
МДЭҮБ-ын хувьд ДДЭБ-аас допингийн эсрэг байгууллага нь хараат бус байх ёстой бөгөөд МҮОХ-ны гишүүн байгууллага байх нь ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн зөвлөмж өгсөн. Иймд МҮОХ-ноос МДЭҮБ-ийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эсэх дээр цаашид нягтлах болно.
Дашрамд хэлэхэд, МҮОХ-ноос Ханжоу 2022 Азийн наадмын үеэр Б.Бат-Эрдэнэ сайд болон ДДЭБ-ын Ерөнхий захирал Оливер Нигли нарын албан уулзалтыг зохион байгуулсан. Ирэх оны 1-р сард болох ДДЭБ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өмнө МДЭҮБ-ын дүрмийг сайжруулж, Допингийн тухай ерөнхий хуультай болох тал дээр санал бодлоо солилцсон байгаа. 
- МҮОХ-ны газрын тухай асуудал олны анхаарлыг татсан сэдэв болоод байна. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ? 
- Анх 2012 оны МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны зарим газрыг спорт холбоодод спортын зориулалтаар ашиглахаар шилжүүлсэн байдаг юм байна лээ.
Харин одоо яригдаад байгаа МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганы эмнэлэг байрлах объект болон газар нь 2017 онд намайг МҮОХ-д ороход хувийн өмчийн газар байсан. Энэ тухай Э.Бадар-Ууган даргатай уулзаж, олон нийтэд хандан мэдээлэл тайлбар өгөхийг зөвлөсөн. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг түүнээс өөрөөс нь авсан нь зөв байх.
Миний бие 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, 2022 оны Чуулганаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
МҮОХ-ны ард байрлах бейсбол, рагби, софт теннисний холбоодод анх 2012 онд спортын зориулалтаар ашиглахаар шилжүүлсэн нийт гурван га орчим газар байгаа. Шинэ удирдлага ажлаа хүлээн авахад тэрхүү газрын зориулалтыг өөрчилсөн байсан тул бид ямар нэгэн байдлаар оролцох нь хууль эрх зүйн хувьд боломжгүй болсон. Гэсэн ч бид тус газруудыг спортын чиглэлээр үлдээх, ашиглах тухай удаа дараа албан бичиг, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэж байгаа.
Бид энэхүү асуудлыг гаргаж, дэвшүүлж эхэлсэн цагаас хойш МҮОХ-ны удирдлага руу чиглэсэн илт гүтгэлгийн чанартай буруу ташаа мэдээллүүд гарч эхэлсэн.
МҮОХ-ны үйл ажиллагааг буруу ташаа мэдээллээр гүтгэж байхын оронд спортын төлөө сэтгэл гарган, бидэнд тусалж тус газрын зарим хэсгийг ч болтугай спортын зориулалтаар үлдээхэд дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
Спортын барилга байгууламжийг сайжруулан нэмэгдүүлснээр дараа дараагийн Азийн томоохон наадмууд болон Залуучуудын олимпын наадмыг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэнэ гэж бид дүгнэж байгаа. Үүний хүрээнд МҮОХ-ноос спортын барилга байгууламжийн нарийвчилсан судалгааг гаргаж, шат дараалалтай бүтээн байгуулалт өрнүүлэх ажлыг эхлүүлэхээр хэлэлцэж байна. Тухайлбал Хөшигийн хөндий, Хүй долоон худаг зэрэг газрын дэд бүтцийг хангах судалгаа хийж, олон төрөлт спортын цогцолбор буюу “Олимпик арена” байгуулахыг зорьж байгаа. Томоохон спортын цогцолборыг хотоос зайдуу байгуулснаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлд нэмэлт дарамт үзүүлэхгүй бөгөөд, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг олон эерэг үр дагавартай гэж дүгнэж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn