Австралид нийт 241 км урттай 16 төлбөртэй авто зам байдаг

0


Австрали улсын хамгийн анхны төлбөртэй зам болох Сидней–Паррамата авто зам 1811 онд баригдаж байжээ. Мөн 1932 онд Сиднейн боомтын төлбөртэй гүүрийг мужийн захиргаанаас барьжээ. Улмаар 1990-ээд оны эхэн үеэс эхлэн төлбөртэй замын төслүүдэд хувийн хэвшлийг түлхүү оруулж эхэлснээр Австралийн төлбөртэй замын сүлжээг хөгжүүлэх үндэс суурь бүрэлдсэн байна.
2022 оны байдлаар Австралид нийт 241 км урттай 16 төлбөртэй авто зам байгаагийн дийлэнх нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд юм.
Эдгээр замууд нь дараах ангилалд хамаардаг:
  • Боомтын болон гүүрэн замууд: богино зайтай, гүүр болон нүхэн зам, дунд зэргийн ачаалалтай
  • Нүхэн гарцууд: 2-7 км-ийн урттай богино зайтай, томоохон суурин газруудад түгжрэлээс сэргийлэх зорилготой
  • Хот доторх замууд: хол зайтай, гол замууд
Австралид дээрх төлбөртэй замууд дийлэнх тогтсон ханштай бөгөөд бүх төлбөрийг электроноор, тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан "e-TAG" хүлээн авагчаар дамжуулан хурааж байна. Зарим замуудад зорчсон хэмжээгээр төлдөг бол заримд нь цагийн байрлал, 7 хоногийн өдрүүдээс хамаарч өөр өөр ханштай байдаг. Тухайлбал, хот доторх төлбөртэй замууд нь хамгийн хямд буюу зорчсон км тутамдаа төлбөр төлөхөөр зохицуулагджээ.
Төлбөрийн хэмжээний хувьд тогтсон ханшаар, зорчсон хэмжээгээр, цаг, өдрөөс хамаарах зэрэг 3 төрлөөр ангилагддаг. Нийт 16 төлбөртэй зам байгаагийн 13-д нь тогтсон ханшаар болон цаг, өдрөөс хамаарч замыг бүхэлд нь болон зарим хэсгийг ашиглахад төлбөр төлнө.
Эдгээр замуудаар нэг удаагийн зорчилтод бага оврын тээврийн хэрэгсэл буюу мотоцикл, суудлын авто машинууд 2022 оны байдлаар 0.90 – 8.56 ам.доллар төлөх бол хүнд оврын тээврийн хэрэгсэл буюу ачааны авто машин, автобус 2.72–25.33 ам.долларын төлбөр төлдөг. Зорчсон хэмжээгээр төлдөг замууд дээр бага оврын тээврийн хэрэгслүүд км тутамд 0.42–0.54 ам.доллар бөгөөд дээд тал нь 7.52 – 8.86 ам.доллар төлөх бол хүнд овортой тээврийн хэрэгслүүд хөнгөн оврынхоос 3 дахин ихийг төлдөг байна.
Австралид төлбөртэй замуудын сүлжээг хөгжүүлэх үндсэн зорилго нь эдийн засгийн өсөлтийг дэмжих байсан. Түүнчлэн авто замын түгжрэлийг багасгахаас илүүтэйгээр тээврийн хэрэгслийн зорчилтыг нэмэгдүүлэх, төсөвт ачаалал өгөхгүйгээр авто замын сүлжээг өргөтгөх, бизнесийн орчныг сайжруулах зэрэг зорилготой байжээ. Төлбөртэй замуудыг ашиглалтад оруулснаар бусад замуудын авто хөдөлгөөний ачаалал буурсан, түгжрэл багассан талаарх судалгаа ховор байгаа ба харин эдийн засгийн үр ашгийн хувьд хэд хэдэн судалгаа хийж байжээ.
2008 онд Эрнст Ёнг байгууллагаас хийсэн судалгаагаар дээрх төлбөртэй авто замууд нь хэрэглэгч нарт 30.8 тэрбум ам.долларын шууд ашгийг өгч буй. Үүний 80 хувь нь зорчилтын хугацааны хэмнэлт байна гэж тооцоолжээ. Мөн "KPMG" судалгааны байгууллагын 2014 онд хийсэн судалгаагаар, хэрэглэгчид 38.3 тэрбум ам.долларын шууд ашгийг хүртэж (үүний 60 хувь нь цаг хэмнэсэн ашиг), эдийн засагт 13.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэх бусад ашиг тусыг өгч байна гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn