Баян-Өлгийтэй хил залгаа ОХУ-ын Кош-Агач мужид 1564 хүн коронавирусний халдвар авчээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Монгол Улсын Баян-Өлгий аймагтай хил залгаа оршдог ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-ны өдрийн байдлаар 5176 хүн коронавирусний халдвар авсан гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Бауыржан мэдэгдлээ.
Үүнээс 33 хүн нас бараад байгаа аж. Харин Баян-Өлгий аймагт хамгийн ойрхон Кош-Агач мужид /19 мянган хүн амтай/ гэхэд 1564 иргэн цар тахлаар өвчилсөн байна.
"ОХУ-Монгол Улс хооронд тээвэр хийж, бараа таваар хүргэдэг Оросын 76-78 жолооч байдаг. Тэдний 3 нь халдвар авсан, эх орондоо /ОХУ-д/ эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотоос ХӨСҮТ, ЗӨСҮТ-ээс мэргэжлийн хүмүүс ирж, өнөөдрөөс хилийн Цагааннуур боомтод зөөврийн лаборатори ажиллуулж байна. Тэд тээвэрт явдаг жолооч нараас дээж авч, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийх бөгөөд эхний ээлжинд 10 хоног ажиллана" гэж тэрээр хэллээ.
Хөрш зэргэлдээ ОХУ-ын хил орчмын бүс нутгуудад коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлахыг ард иргэдэд сэрэмжлүүлж байна.
https://montsame.mn/mn/read/240640