Ч.Чимэд: Халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталвал эрүүл бүс болоход ойрхон байна
Увс аймгийг ирэх жилүүдэд хөгжүүлэх бодлого, зорилт болоод цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймгийн Засаг дарга Ч.Чимэдтэй ярилцлаа.
-Цар тахлын улмаас улс, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Халдварын голомтыг хумих, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар?
-Дэлхий нийтээрээ цар тахлыг төсөөлөөгүй байсан гэнэтийн энэцагүед эдийн засаг, бизнесээ хэрхэн удирдах, төрийн үйлчилгээг яаж оновчтой зохион байгуулах, шинэ нөхцөлд дасан зохицож ажиллах нь том сорилт болж байна. Ялангуяа 84 мянган хүний амьдралыг хэвийн хэмжээнд байлгах, эрсдэл бага гаргах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд цар тахалгүй ногоон бүс хэвээр байхын төлөө аймгийн Шуурхай штабын баг бүрэлдэхүүн, мэргэжлийн байгууллагууд нэг баг болж ажилласны хүчинд коронавирусний тохиолдол бүртгэгдээгүй аймгаар удаан хугацаанд явсан. Харамсалтай нь цар тахал хүрээгээ тэлж, гаднаас зөөвөрлөгдөх замаар бүртгэгдлээ. Одоогийн байдлаар манай аймгийн гурван суманд голомт үүссэнтэй холбогдуулан халдварын голомтыг хумих, хяналтыг чангатгах чиглэлээр үе шаттай хариу арга хэмжээг авч байна.
-Гэрийн тусгаарлалт үр дүнгүй байна гэж иргэд шүүмжлээд байгаа?
-Улаанбаатар хот болон бусад эрсдэл бүхий аймгуудаас ирж байгаа иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах байранд байлгах, ингэхдээ гэрийн тусгаарлалтад орох бол орчин нөхцөлийг нь шалгаад, шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрдөг. Зарим иргэд тусгаарлах байрны төлбөр төлөх боломжгүй хэмээн гэрийн тусгаарлалтад орохыг хүсдэг. Тухайн иргэний хоол унд, өрөөний төлбөр гээд өдрийн 35000 төгрөг бол өртөг шингэсэн үнэ. Мөн олон хүний эрх ашиг яригдаж байгаа учраас аль болох тусгаарлах байранд орохыг зөвлөж байгаа. Тусгаарлалтын дэглэмээс илүү иргэд өвчний хор уршгийг сайн ойлгохгүй байгаа нь том эрсдэл дагуулж байна.
Сүүлийн үед өвчлөлийн тоо нэмэгдсэн учир тусгаарлан ажиглалтыг “Нэг иргэн нэг хяналт” гэсэн хяналтын хатуу систем рүү оруулсан. Увс аймаг руу гаднаас нэг хүн ирсэн бол тухайн иргэнийг хариуцсан төрийн албан хаагч 14 хоног хянахаас гадна хэрэгцээт үйлчилгээг нь ойртуулах, зуучлах үүргийг гүйцэтгэж байна. Мөн цар тахлын үед иргэдийн хоол хүнс, эд материалын хэрэгцээ, орлогыг тасалдуулахгүй байх, ачаа тээврийн үйлчилгээг зохицуулах, постуудын хяналт, гэр болон тусгаарлах байрны шинжилгээ, хяналт гээд хэнд ч ил харагдахгүй мөртлөө ачаалалтай, эрсдэлтэй нөхцөлд шуурхай штабын ажилчид ажиллаж байна. Гэтэл тэднийг ажил хийхгүй байгаа мэтээр ярьж байгаа нь үнэхээр харамсалтай.
Тэр шүүмжлэгч хүмүүс аймгийн Шуурхай штаб дээр ирээд нэг өдрийн ажлыг нь харах хэрэгтэй. Эрүүл мэндийн ажилтнууд нойр хоолоо хугаслан, битүү хувцастай хүнд нөхцөлд ажиллаж байна. Цаашид төсөвлөгдөөгүй зардал бага гаргах, эдийн засаг, иргэд аж ахуйн нэгжийн орлогоо сэргээх, богино хугацаанд хэвийн амьдралдаа шилжих асуудал чухал. Ер нь эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүрийн үүрэг, хариуцлага маш чухал байгааг хэлэхэд илүүдэхгүй байх.
-Хэдий цар тахлын үе ч төрийн ажил үргэлжилнэ. Төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн үү?
-Төрийн ажлын залгамж халаа гэж байх ёстой. Бид бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Өмнөх шиг өндөр төсөв байхгүй. Мөн цар тахлын нөлөөгөөр улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас ирсэн дэмжлэгтээ тохируулан бүтээмжтэй ажиллана. Мал аж ахуй, газар тариалангаас орлого олох боломж бий. Эдгээр голлох салбараас орж ирэх ашгийг өмнөх үеэс ахиулах, суурь хөрсийг бий болгох “Шинэ хөдөө-Увс” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.
-“Ардчилал шударга ёс” эвсэл энэ дөрвөн жилд аймаг орон нутгийг удирдахаар болсон. Энэ тухайд?
-2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Увс аймагт Ардчилсан нам олон суудал авсан ч олонх болж чадаагүй. Тодорхой хэлэлцүүлгийн үр дүнд Ардчилсан нам, бие даагчидтай нэгдэж “Ардчилал шударга ёс” эвслийг байгуулснаар ирэх жилүүдэд бодлого, зорилтоо хэрэгжүүлэх боломжтой болсон. Миний бие өнгөрсөн оны 11-р сараас эхлэн аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Нэн түрүүнд аймаг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, 2021-2024 онд Увс аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг батлуулаад хэрэгжүүлж эхлээд байна. Гол нь ирэх жилүүдэд ард иргэд аюулгүй орчинд, тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхээс гадна иргэдийн амьжиргааг одоо байгаа түвшнээс нь ахиулна.
Энэ хүрээнд Увс аймгийн үзэсгэлэнт байгаль, ёс заншил, нөөц баялаг, газар тариалан, аялал жуулчлал, мал аж ахуй гээд хөгжих боломж бүхий нөөц салбартаа тулгуурлаад өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Орлогын бүтээн байгуулалт Увс” хөтөлбөрийг дэвшүүлээд ажиллаж байна. Орлогын бүтээн байгуулалтыг 3 үндсэн чиглэлээр зохион байгуулна.
Нэгд, ард иргэдийн үйлчилгээ авч байгаа төр болон хувийн хэвшлийн үйлчилгээний зардлыг хөнгөвчлөх. Тухайлбал сумын эмнэлэгт хийх бүх төрлийн шинжилгээг тухайн орчинд нь хийдэг болсноор аймгийн төв рүү явж зардал гаргахгүй болно. Өөрөөр хэлбэл иргэн төрийн ямарваа нэгэн үйлчилгээг авахдаа хол газар явж, зардал их гаргадаг байдлыг халж үйлчилгээг нь ойртуулах хэрэгтэй гэж үзэж байна. Ерөнхий боловсролын сургууль гэхэд хөдөө сумдын хүүхдүүд аймгийн төвийн сургуульд сурч, эцэг эхээсээ илүү зардал гаргадаг бол сумынх нь сургуулийн боловсролын чанарыг илүү сайжруулснаар аймгийн төвийг зорих шаардлагагүй болно.
Хоёрт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна.Бүх хүнийг төрөөс цалинжуулж дийлэхгүй учраас хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг ахиу орлого олох, бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ. Малчдын хувьд малаас авах ашиг шимийг нь нэмэгдүүлэх, газар тариалан эрхлэгчдийн хувьд газар тариалангаас авах үр өгөөжийг нь дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд бизнесийн орчигы нь сайжруулах замаар бодит орлогыг нь нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Гуравт,иргэдийн үндсэн хөрөнгө болох капиталыг үнэ цэнд хүргэх. Тухайлбал “Хашаандаа сайхан амьдаръя”, “Жорлонгоо өөрчилье” төсөл хөтөлбөрүүд нь жижиг юм шиг мөртлөө тухайн иргэний амьдарч байгаа 0,07 га газарт дэд бүтэц татах, хашаагаа зохион байгуулах, ариун цэврийн байгууламжийг шийдэх, ногоон байгууламж нэмэгдүүлэх зэрэг менежмент хийснээр эцэстээ газар болон үл хөдлөх хөрөнгийнх нь үнэ цэн нэмэгдэх юм. Эцэстээ гэр хорооллын хашаа 2 өрөө байрнаас илүү үнэлэгддэг болно. Ингэснээр иргэд банкнаас ахиу зээл авах боломж бүрдэж, үнэ цэнтэй хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулаад орлогоо нэмэгдүүлнэ. Ер нь Орлогын бүтээн байгуулалтыг энэ гурван үндсэн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
-Төр болон хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг хангах зохицуулалт хийх ёстой байх?
-“Ардчилал шударга ёс” эвслийн дэвшүүлсэн “Орлогын бүтээн байгуулалт” хөтөлбөр нь иргэнд ямар ашиг тусыг авч ирэх, албан байгууллагууд ямар эрх, үүргийг эдлэх, эцсийн үр өгөөж нь юу вэ гэдгийг оролцогч талууд нэг утгаар ойлгохгүй бол энэ бодлого хол явахгүй. Иймээс агентлаг хэлтсийн дарга, бизнесийн төлөөллүүдтэй харилцан ойлголцлын уулзалтууд хийсэн. Мөн сум бүхэн хөгжлийн бодлогоо тодорхойлсон байгаа. Үүнийг ард иргэдэд ойлгуулаад, хийх ажлаа тодорхой болгоно гэдэг нь том ажил юм. Гэхдээ салбар дундын зохицуулалт гэж том ажил байгаа. Байгууллага бүр өөрийн гэсэн зорилго, чиг үүрэгтэйгээс гадна зарим асуудал нэг байгууллагын дан ганц шийдэх асуудал биш учраас салбар дундын зохицуулалтыг хийхийн тулд бүх байгууллагын ажлын тайлан, хэтийн зорилгыг нь сонсож, уялдаа холбоог хангах ажлуудыг эхлүүлсэн.
-Аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хэр өрнөж байна. Гэр хорооллын дэд бүтцийн ажил үргэлжилж байгаа юу?
-Цар тахлын үед ч төрийн ажил, үйлчилгээ тасалдах учиргүй. Бүтээн байгуулалтын ажил одоо ч өрнөж байгаа. Улаангом сумын зарим гэр хорооллын багуудад нийтдээ 18 тэрбум төгрөгөөр хийсэн дулаан, цэвэр усны инженерийн шугам сүлжээнд өрх бүрийг холбох асуудал толгойны өвчин болж байна. Энэ ажлыг иж бүрнээр нь хийх ёстой байсан. Одоогоор иргэд шугамд холбогдох арга, шийдлээ мэдэхгүй байна. Энэ шийдлийг тодорхой болгохын тулд зохицуулалт хийх хэрэгцээ үүссэн төдийгүй нөгөө талдаа эргээд дулааны станцын үр ашигтай ажиллагааг сайжруулахыг шаардаж байна. Дулааны 2-р станцын удирдлагуудад энэ чиглэлээр үүрэг өгсөн. Гэр хорооллын өрхүүд дотоод шугам татах, байшингаа дулааны алдагдалгүй болгох хэрэгтэй ч мөнгө байхгүй байна. Иймд банкны захирлуудтай уулзаад ногоон зээлийг уян хатан олгох санал тавьсан. Цар тахал намжвал том хэмжээний холболт, зуучлалын ажил хийнэ. Барилгын материалын шинэ шийдэл, тоног төхөөрөмж, шинэ технологийг танилцуулах томоохон эспо хийх санаа байна. Мөн Улаангом сумын зүүн тойрог буюу Онцгой байдлын газар, Улаангом политехник коллежийн чиглэлд дэд бүтцийг бүтээн байгуулах зураг төсвийн ажлыг энэ жил нэмж хийнэ. Сайн бодлого, сайн ажлыг саатуулах биш илүү сайжруулаад явах хэрэгтэй гэж боддог. Харин ч гэр хорооллын дэд бүтцийн шинэчлэлийн эрх зүй, сумын төвийн нэгдсэн халаалтын ажлыг 2012-2016 онд хурлын даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн.
-Иргэдэд хандаж та юу хэлэх вэ?
-Цар тахлын улмаас улс орны нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед иргэн бүр ухамсартай, хариуцлагатай байхыг хүсэж байна. Эрүүл мэнд, ирээдүйнхээ төлөө ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталвал эрүүл бүс болох боломж ойрхон байна. Мөн цар тахлаас үл хамааран хэвийн амьдрах боломж иргэнд өөрт нь бүрэн дүүрэн байна.
-Ажилд тань амжилт хүсье.