А.Данабек: Эмч, ажилчдын бие суларсан, ядарсан тул амархан халдвар авч байна

466



Баян-Өлгий аймаг дахь коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Данабектэй ярилцлаа.

Таныг коронавирусний халдвар авсан гэж сонслоо. Бие тань гайгүй юу?

- Тийм ээ. Ажлын байрандаа халдвар аваад 5 хонож байна. Тодорхой хэмжээгээр зовуур байгаа ч өөрийгөө тусгаарлаж, үндсэн ажлаа хийгээд сууж байна. Нөхцөл байдал тун хүнд байгаа тул ажиллахаас өөр аргагүй байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд ч олноор халдвар авч байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Эмнэлгийн эмч, ажилчдыннэлээд хувьнь халдвар авсан. Аймаг дотроо халдвар нэгэнт тархсан болохоор үйлчлүүлэгчдээс халдаах, эмч, ажилчдын ачаалал маш ихээр нэмэгдсэн тул бие сульдаж халдварт өртөмхий болж байгаа асуудал бий. Мөн Ковидын эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс ч тодорхой хэмжээгээр халдвар авсан. Бие суларсан, стрессдэж ядарсан байдалтай байгаа тул өвчтэй хүмүүстэй  харьцахдаа амархан халдвар авчихдаг.

Ачаалал маш ихээр нэмэгдсэн гэж дээр хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

- Ачаалал ердийн үеийнхээс хэд дахин нэмэгдсэн. Өнгөрсөн шөнө л гэхэд Ковидын эмнэлэг, Төрөх тасагт 18 эхийг амаржуулах, бие нь маш хүнд байдалтай ирсэн 2 хүнийг хүчилтөрөгчөөр амьсгалуулж эмчилгээ хийх гээд эмнэлгийн удирдлага, эмч, сувилагч, асрагч зэрэг 20 гаруй  хүн унтаагүй ажиллалаа.

Одоо аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэдэн эмч, ажилтан цар тахлын эсрэг ажиллаж байна?

- Ковидын эмнэлэг дэх Молекул биологийн лабораторид 4 хүн өдөр шөнөгүй ажиллаж байна. Манай ПГУ-ын аппарат нэг өдөрт 150 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Бид 4 хүнийг тасралтгүй ажиллуулах замаар өдөрт 300 гаруй шинжилгээ хийж байна. Тэгсэн хирнээ цаана хүлээгдэж байгаа хэдэн зуун ПГУ шинжилгээ байгаа. Ковидын эмнэлгийн 2 дугаар давхарт коронавирусний халдвар авсан эхчүүд болон мухар олгой, цөс зэрэг нэн яаралтай хагалгаа хийх хүмүүсийг байрлуулан эмчлэхээр тохижуулсан. Энд одоогоор 26 жирэмсэн эх байна. Тухайн давхарт зүрхний эмч 1, эмэгтэйчүүдийн эмч 1, 2 сувилагч, 2 асрагч тогтмол ажилладаг. Эх амаржих үед гаднаас хагалгаа, мэс засал, нярай, мэдээгүйжүүлэлтийн эмч, сувилагч, цусны лаборант зэрэг 8-10 хүний бүрэлдэхүүнтэй баг орж ажиллана.


Хүндрэлтэй төрсөн эхчүүдийг дотрын эмч болон бусад нарийн мэргэжлийн эмч нар ирж үздэг. Харин ковидын халдвартай хүмүүст мэс засал хийх үед мэс засал, мэдээгүйжүүлэлтийн эмч, сувилагч, цусны лаборантаас бүрдсэн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй багийг мөн оруулдаг. Гуравдугаар давхарт биеийн байдал нь маш хүнд, хүнд хүмүүс байгаа. Тухайн давхарт сэхээний 2 эмч, 2 сувилагч, нэмэлт 1 эмч, 1 асрагч байна. Эдгээр эмч, сувилагч нар хүнд, маш хүнд хүмүүсийн хажууд 4-6 цагаар ээлжлэн сууж, өдөр шөнөгүй ажилладаг. Нэг ч минут хөдлөхгүйгээр амьсгалын аппаратыг нь хянадаг, зохих эмчилгээг нь хийдэг. Энд биеийн байдал нь маш хүнд 2, хүнд 16 хүн хэвтэн эмчлүүлж байна. Дөрөвдүгээр давхарт хүндэвтэр 76 хүн байгаа ба 2 эмч, 2 сувилагч, 1 асрагч ажиллаж байгаа. Түүнээс гадна Пазылет дотуур байранд байгаа 60 хүнийг мөн 2 эмч, 2 сувилагч, 2 асрагч эмчилж байна. Шуурхай хариу арга хэмжээний багт 4 эмч, 4 сувилагч, 4 ариутгагч, 4 лаборант, 4 жолооч явж байна. Нэлээн олон эмч, ажилчид маань өөрсдөө халдвар авсан. Нэгдсэн эмнэлгийн 2 дугаар шатны тусламж үйлчилгээний үндсэн ажил нь бас байгаа гээд ачаалал маш их, байдал хүнд байна.  

Ковидын эмнэлэгт төрсөн нярайг хэрхэн эмчилж асардаг вэ?

- Шинээр төрсөн хүүхдэд эхийнхээ сүүг шууд хөхүүлж болохгүй. Эхлээд ПГУ-ын шинжилгээ аваад сөрөг гарсан тохиолдолд ар гэрт нь хүлээлгэн өгч байна. Харин эерэг гарвал Ковидын эмнэлэгт эхтэй нь цуг эмчилнэ. Одоогоор манай аймагт хүүхэд ковидын халдвартай төрсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.

Биеийн байдал нь хүнд, маш хүнд хүмүүст ямар шинж тэмдэг байна?

- Ковидын халдвар авсан хүүний уушги маш сайн эмчилгээ хийхгүй бол доороосоо эхлэн нэвчдэс болж эдгэршгүй өөрчлөлтөд орно. Хүндэвтэр хүмүүсийн уушгины 30-40 хувь, хүнд хүмүүсийнх 50-60 хувь, маш хүнд хүмүүсийн уушгины 70-80 хувь нь ажиллагаагүй нэвчдэс болно. Хүний уушги байнга агшиж, бие эрхтэнд хүчил төрөгч түгээж байдаг. Үүссэн нэвчдэс нь шимэгдэхгүй бол уушги хатуурч ажиллахгүй болно гэсэн үг. Бүр хүндэрвэл хүчил төрөгч дутагдаж хүн олон эрхтний дутагдалд орож нас барж болзошгүй.

Ямар хүмүүсийн биеийн байдал хүнд, маш хүнд ангилалд орж байна?

- Ихэнхдээ илүүдэл жинтэй, таргалалттай, архаг хууч өвчтэй, сахартай, даралт өндөр, уушгины ямар нэгэн өвчинтэй, цус өтгөрөлттэй, бөөрний дутагдалтай, дархлаа сул, өндөр настай хүмүүсийн бие хурдан хүндэрч байгаа. Сүүлийн үед жирэмсэн эхчүүд маш олноор өвчилж байна. Улсын хэмжээнд төрөлтийн түвшингээр Улаанбаатар хотын дараа ордог манай аймгийн хувьд ковидын халдвар авсан жирэмсэн эхчүүдийн тоо цаашид өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байгаа.

Нэгдсэн эмнэлгийн эмийн нөөц хэр байна?

- Одоогоор эмийн нөөц байгаа. Гэхдээ тасрах магадлал маш өндөр.

Одоо байгаа орны тооноос ачаалал давсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

- Нэгдсэн эмнэлгийг ашиглахаар төлөвлөж байгаа. Маргаашаас эмнэлгийн нэгдүгээр давхар дахь мэдрэл, лорын тасагт өвчтөнүүдийг хүлээж авна. Энд бол 60 орчим ор байгаа. Эмнэлгийн удирдлагын зүгээс аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газарт хүн хүч нэмэх, гадуур байгаа болон Улаанбаатар хот дахь резидент эмч нарыг татах хүсэлтийг албан ёсоор тавиад байгаа. Мөн төрөх, мэс засал, сэхээн, хүүхэд зэрэг гол тасгуудаас бусад тасгуудын чиг үүргийг хувийн эмнэлгүүдэд шилжүүлэх төлөвлөгөө байна.

Ард иргэдтэй хандаж хэлэх зүй юу байна?

- Та бүхнээс халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөөч гэж хэлэх байна. Нэг нэгэндээ шаардлага тавиач ээ. Хурим найр, аялал зугаалга  зэргээр бөөгнөрөл битгий үүсгээрэй. Магадгүй Та өнөөдөр шинж тэмдэггүй байгаа ч гэсэн халдвар тээгч байж болно. Хайртай хүмүүсээ та өөрөө хамгаалж, гэртээ байж хичээхгүй бол эмнэлгийн багийнхан маань сөхөрч байна шүү! 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn