БҮТ: Хоёр удаа монгол хэл, бичгийн шалгалтад орж, босго оноогоо давж чадаагүй бол ЭЕШ-д орох боломжгүй

272
viber_image_2021-05-31_09-43-08
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр /2022.02.14/ мэдээлэл хийлээ. 
Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.ГАНБАТ:
-Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Сүүлийн 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй. Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалт 400 онооны босготой байна. Удахгүй албан ёсны шийдвэр гарч, салбар яамтай хамтран мэдээлнэ. Урьдчилсан байдлаар монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайн шалгалтад хамрагдаж, босго оноогоо давж чадаагүй бол, эсвэл тодорхой шалтгааны улмаас шалгалтад хамрагдаагүй шалгуулагчдаас ЭЕШ-аас өмнө буюу тавдугаар сард дахин нэг удаа шалгалт авна. Хэрвээ хоёр удаа монгол хэл, бичгийн шалгалтад орж, босго оноогоо давж чадаагүй бол ЭЕШ-д орох боломжгүй.
Энэ жилээс ЭЕШ-д бүртгүүлж буй шалгуулагчдад зориулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Миний мөрөөдөл” сайтыг ашиглалтад оруулсан. Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангиас эхлүүлэн ажил мэргэжлийн чиг баримжаагаа олж, өөрийгөө олох, ямар мэргэжил тохиромжтой гэдгээ тест даалгавар байдлаар шалгах боломжтой. Бид улсын хэмжээнд төгсөх ангийн 33 мянган сурагчид онлайн сургалтуудыг зохион байгуулахаар тусгай хуваарь гаргаж ажиллана.
ЭЕШ-ЫГ ЗУРГАДУГААР САРЫН 20-НООС 30-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА
Сурагчид ирээдүйн мэргэжлээ ангийн багш, эцэг, эхтэйгээ сайтар зөвшилцөж, шийдвэрээ гаргах хэрэгтэй. Дараа нь тухайн их, дээд сургуулийнхаа оюутан элсүүлэх журмыг судалж, ЭЕШ-даа бүртгүүлж баталгаажуулах хэрэгтэй. Шалгуулагчид хичээлээ нэмж, хасч болно. Харин сольж болдоггүй. Нийт 10 хичээлээс сонгон ЭЕШ өгдөг. Хамгийн багадаа хоёр хичээл сонгоно. Өмнөх жилүүдээс харж байхад тухайн сургуулийн захирал, ангийн багш нар сурагчдын хичээл сонголтод нөлөөлөх асуудал гардаг. Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудасны хугацаа 2.5 жил хүчинтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж буй.
“НЭГ АНГИД ХАЛДВАР ГАРВАЛ ТУХАЙН СУРГУУЛИЙГ БҮХЭЛД НЬ ХААХГҮЙ”
БШУЯ-ны газрын дарга Т.НЯМ-ОЧИР:
-Өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж байна. Ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсны батлагдсан сургалтын хөтөлбөрүүд 100 хувь хэрэгжээд эхэлнэ. Сургалтын төлөвлөгөөнд байгаа цаг, хичээлүүд ямар нэг байдлаар өөрчлөгдөхгүй. Шуурхай штабтай хамтран ажиллахад сургууль, цэцэрлэг дээрээ хүүхдүүд амны хаалтаа хэрэглэнэ. Хамгийн гол нь анги танхимд тогтмол агаар сэлгэлт хийх нь чухал. Хүүхдүүд боломжтой хэлбэрээрээ зай барина. Хэрвээ анги танхимд халдвар гарвал тухайн хүүхдийг гэрт нь тусгаарлаж, зайнаас суралцах боломж олгоно.
Омикрон хувилбарын шинж тэмдэг илрэх хугацаа 2-5 хоног, эмчлэгдэх хугацаа тав хоног. Энэ тохиолдолд хүүхдүүдийг гэрт нь тусгаарлаж, эрүүл мэндийн тусламж үзүүлнэ. Тэрнээс биш сургуулийг бүхэлд нь хаахгүй. Хүйтний улиралд тухайн аймаг, орон нутагт бага зэргийн зохицуулалт хийж байна. Жишээлбэл, Увс аймагт бага ангийн хичээлийг 11:00 цагт эхлүүлж байна. Түгжрэлтэй холбоотойгоор судалгаа хийж, зарим туршилтуудыг хийхээр Их тойруу, Бага тойрууд байршилтай сургуулиудын цагийг зохицуулахаар ажиллаж байна.
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар болно.Шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ:
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад монгол, англи, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадлагаа, тодорхойлолт, сургуулийн албан бичиг/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудсаас авах боломжтой. Мөн манай төвийн лавлах утас 7011-9498, 7577-9498 утсанд хандаарай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn