Үмх мах үндсээр нь сүйрүүлж ч мэднэ
Хүн төрөлхтөн коронавируст халдвараас дагжин чичирч байхад харин монголчууд түүнээс ч аймшигтай тахлыг “залгиж” байна. Тэр бол тарваган тахал. Уг өвчний уушгины хэлбэр нь хүнээс хүнд, амьсгалын буюу агаар, дуслын замаар дамждаг. Ийм замаар халдвар авсан хүмүүс бүгд шахам нас бардаг бөгөөд энэ төрлийн тахал манайд дэгдвэл сүйрэл болно гэдгийг албаныхан сэрэмжлүүлсэн. Тарваган тахал, коронавирус хоёул зоонозын халдвар. Гэхдээ хор уршиг нь тэнгэр, газар шиг зөрүүтэйг иргэд төдийлөн мэдэхгүй байх шиг. Нас баралтын хувийг нь аваад үзсэн ч тарваган тахлынх шинэ вирусээс 38 дахин өндөр юм байна. Тодруулбал, ДЭМБ-аас “Ковид-19”-ийн нас баралтыг 2.4 хувь гэж тогтоосон бол тарваган тахлынх 40. Манайд 1970 оноос хойш өвчилсөн 10 хүн тутмын дөрөв нь нас барсан нь үүнийг батална.
Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зоонозынх гэдэг. Хуучнаар байгалийн гоц халдварт өвчин ч хэмээдэг билээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн судалгаа, шинжилгээний тэргүүлэх чиглэл нь энэ төрлийн халдвар болоод буй. Учир нь хүн ам өсөхийн хэрээр хүнсний хэрэглээ нэмэгдэж, иргэд хоногийн хоолоо залгуулахын тулд зэрлэг мал, амьтныг гаршуулан тэжээж, тэр хэрээр хөдөө аж ахуйн салбарын ачаалал асар их нэмэгдсэнийг судлаачид онцолдог. Нөгөө талаар байгаль, цаг уурын нөлөөгөөр зэрлэг амьтдын амьдрал хувьсан өөрчлөгдөж, зоонозын төрөл бүрийн халдварт өвчин дэгдэн, эргээд хүмүүсийг үй олноор нь үгүй хийж буйг бид харж байна. Тухайлбал, шувууны ханиад хэчнээн сая хүний аминд хүрэв. Сармагчнаас эбола вирус, нэг бөхтэй тэмээнээс MERS (корона), эдүгээ биднийг сандаргаад байгаа “Ковид-19” ч амьтнаас гаралтай. Дэлхийд өдгөө хүнд халдварладаг 1420 орчим бичил биетэн, нян, вирус байдгаас 60 орчим хувь нь зоонозын халдвар, түүний дотор 70 хувь нь зэрлэг ан, амьтдаас тархдаг аж.
Тэгэхээр монголчууд холын вирусээс илүүтэй дэргэдэх тарваган тахлаасаа сэргийлэх, хор уршгийг нь ухаж таних, ухаарах цаг болжээ. Ингэж хэлсэн нь монголчууд эл өвчнийг мэддэг юм шиг хэрнээ мэддэггүйд учир буй юм. Тарваган тахал бол хүн төрөлхтөн үүсэж, хөгжсөн цагаас өнөөдрийг хүртэл устаагүй, хоруу чанар өндөртэй, хорио цээрт өвчин. Монголчууд XIII зууны үед тарваган тахлын үүсгэгчийг биотерроризмын чиглэлээр ашиглаж, дайснуудаа үй олноор нь хядаж байсан баримт ч бий. Эсрэгээрээ Лигдэн хааны цэргүүд тахал тусаж, дайнд ялагдсаныг түүхийн зарим сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Орчин цагийн түүхэнд манай улс тахалтай тэмцэж, ялан, ялагдсаар 1930 оноос “гартаа оруулжээ”. 1928-2018 онд 16 аймгийн 112 сумд 692 хүн тарваган тахлаар өвчилж, 74.1 хувь нь нас барсныг уг өвчний түүхэнд тэмдэглэсэн байх юм. Гэхдээ тарваган тахлын бүртгэл, мэдээллийг санг албан ёсоор 1970 оноос хөтөлсөн гэдэг. Тэр цагаас өнөөг хүртэл 210 хүн тахал тусаж, 83 нь нас барсныг Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн дэд захирал Б.Амгаланбаяр хэлэв. Тэрбээр “Улсын хэмжээнд зоонозын халдварыг судлах, оношилж, мэдээлэх, хянах тогтолцоо 1931 онд бүрдсэн. Тухайн үеэс л тарваган тахлыг судалж, хариу арга хэмжээ авах, байгалийн голомтыг таслан зогсоох, дархлаажуулах ажлууд хийж иржээ. Уг өвчний эрсдэл одоогийнхоос хэд дахин өндөр байсан юм билээ. Өвчин ихэвчлэн дэгдэлт хэлбэрээр тархаж, олон хүн нас бардаг байж. Эдүгээ ч манай улсад мал, амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварладаг есөн төрлийн өвчин жил бүр бүртгэгддэг. Сүүлийн үед улам л идэвхэжсээр байна. Тэр ч утгаараа зоонозын халдварт өвчний үүсгэгчүүдийг байгальд ямар циклээр, хаана хаана голомтлон тархаж байгааг манайх тодорхой хэмжээнд судалсан. Энгийнээр хэлэхэд, зоонозын халдвар бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал гэхээсээ Монголд хамгийн их хамаатай сэдэв. ДЭМБ, олон улсын хөдөө аж ахуй болон мал, амьтны эрүүл мэндийн байгууллагуудын судалгаагаар, манай орныг зоонозын халдварын хамгийн эрсдэлтэй бүс гэж үнэлсэн байдаг. Хүн амаасаа 20 дахин олон толгой малтай, иргэдийнх нь 40 орчим хувь малчин мөртлөө мал эмнэлгийн тогтолцоо хөгжөөгүй нь ингэж дүгнэхэд хүргэсэн хэрэг. Дээр нь өргөн уудам газар нутгийн онцлогоос хамаарч иргэд, малчид зэрлэг амьтдын дайралтад өртөх, зэрлэг “адгуус”-аас тэжээвэр амьтад халдвар авах, түүгээр дамжин хүмүүс өвчлөх тохиолдол буурахгүй байна” гэсэн юм.
Монгол, ОХУ-ын Тува, Алтайн цаадах хязгаарын, Казахстан, Эстони улс, ӨМӨЗО-ы хүмүүс ахуй амьдрал, нүүдлийн соёл иргэншил, хооллох соёл, хэрэглээтэйгээ холбоотойгоор тарваган тахал өвчинд өртөх эрсдэл дэлхийн бусад бүс нутгаас хамгийн өндөр байдаг аж. Тэр дундаа монголчуудын хүнсний өвөрмөц хэрэглээ, хууль бус ан агнуурын уршгаар тарваган тахал сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. 2018 онд улсын хэмжээнд уг өвчин бүртгэгдээгүй бол өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн хоёр хүн тарваган тахлын улмаас хорвоог орхисон. Тэгвэл 2020 он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй найман тохиолдол бүртгэгдэн, гурвынх нь онош батлагдаж, нэг хүн нас барав. Энэ нь сүүлийн таван жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Тарваган тахлын үүсгэгч дээр дурдсанчлан маш аюултай. Аливаа улс оронд уг өвчний ганцхан тохиолдол бүртгэгдэхэд түүнийг дэгдэлт гэж үзэн, энэ талаар ДЭМБ-д мэдээлж, хөл хорио тогтоох заалттай байдаг. Өөрөөр хэлбэл, олон улсын дүрмээр зохицуулагддаг гоц халдвар юм. Өвчилсөн хүнээс ялгарч буй биологийн бүх төрлийн шингэнээр дамжин халдварлана. Одоогоор манай орны 17 аймгийн 137 сум тахлын байгалийн голомттой. Тодруулбал, нийт газар нутгийн 28.3 хувьд нь зөвхөн уг өвчний үүсгэгчийг агуулсан мэрэгч амьтад үүрлэдэг байна.
Тарваган тахал хүнд халдварлахдаа аль нэг эрхтнийг сонгомлоор гэмтээдэг, эсвэл бүхэлд нь “залгидаг”. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын олонх нь булчирхайн хэлбэрийнх байжээ. Энэ нь тарвага агнах, түүхий эдийг нь бэлтгэх, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсны “дохио” аж. Гараа эсгэх, өвчинтэй тарваганы бөөс, бүүргэнд хазуулахад тахлын нян хүний тунгалгийн судлаар дамжин, ойролцоох булчирхайг өвчлүүлснээр энэ хэлбэрийн тахал үүсдэг. Махыг түүхийгээр нь хүнсэнд хэрэглэвэл ходоод, гэдэснийх, хоолойд нян нь үржвэл залгиурын тахал, ихэвчлэн нас баралтаар төгсдөг нь үжил хэлбэрийнх гэхчлэн ангилдгийг ЗӨСҮТ-ийнхөн хэлсэн. Эдгээрээс заавал нийтэд зарлаж, мэдээлэх заалттай буюу харанга дэлдэх нь уушгины хэлбэрийнх аж. Ханиад, томуу шиг агаар, дуслын замаар халддаг учраас тэр.
Үмх мах идэхийн төлөө өөрийгөө болон гэр бүл, найз нөхдийнхөө амь насаар дэнчин тавьж буй хариуцлагагүй, хэнэггүй, хаширдаггүй хүмүүсийг эмч нар мунхаг гэж зэмлэсэн. Цаашлаад нэг хүний хариуцлагагүй үйлдлээс нийгэм, улс оронд ямар аймшигт хор хөнөөл учрахыг хэлж мэдэхгүй. Учир нь иргэд тахлын сэжигтэй шинж тэмдэг (өндөр халуурах, бөөлжиж, суулгах, толгой хүчтэй өвдөх, булчирхай томрох, ханиах, цээжээр өвдөх)-ийг таньж, ялгадаггүй, эрсдэл үүсэхэд өөрийгөө тусгаарлан, яаралтай тусламж дуудах наад захын ойлголтгүй байдаг аж. Тухайлбал, Ховд аймагт бүртгэгдсэн, тахлаар өвчилсөн иргэний тухайд хөдөөнөөс сумын эмнэлэг, сумаас аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хүртэл явахдаа тарваганы мах идсэнээ нуусан. Тэр хооронд 600 гаруй хүнтэй харилцсаныг тандалт, судалгаагаар тогтоосон юм. Хэрэв тухайн иргэн уушгины хэлбэрийн тахал туссан бол яах байсныг бодоод үзээрэй.
Б.Амгаланбаяр захирал “Тарвага болгон тахалтай юу, өвчинтэй, үгүйг нь хэрхэн мэдэх вэ гэж хүмүүс их асуудаг. Социализмын үед анчин бараг мэргэжил байлаа. Ямар амьтныг хэдий хугацаанд, хэдэн настайд нь агнавал эрүүл, экологийн тэнцвэрийг хадгалах вэ гэдгийг тэд мэднэ. Харин өдгөө эсрэгээрээ болсон. 15-17 настай хүүхдүүд ан гөрөө хийж сурна хэмээгээд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр тарвага, зурам “үргээх” болж. Үүний уршгаар 15 настай хүүхэд тахлаар эндчихлээ. Хүүхдүүд голдуу хавх, урхиар, эсвэл нохойгоор тарвага бариулдаг. Гэтэл хавханд орсон, эсвэл нохойд бариулж буй тарвагыг иддэггүй, голдуу өвчинтэй байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Түүнчлэн манайхны дунд айхавтар мухар сүсэг бий. Мал, амьтны цус, элдэв эрхтнийг түүхийгээр нь ууж, хэрэглэх, эмчилгээний зорилгоор ашиглах нэрийдлээр ан амьтдыг хүссэнээрээ хяддаг болсон. Амьтан байтугай хүнийг гаднаас нь хараад ямар өвчинтэйг нь мэдэх боломжгүй байхад ангийн махыг түүхийгээр нь хэрэглэнэ гэдэг амиа хорлохтой агаар нэг. Өөрөөр хэлбэл, тарваган тахлыг “дуудаж” буй эдгээр үйлдэл нь хүмүүсийн буруу дадал, хэрэглээтэй л холбоотой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны есдүгээр сарын 22-ны тушаалаар гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон. Гэтэл хууль бус ан агнуурыг хориглох, түүхий мах худалдах, тээвэрлэхийг таслан зогсоож чадахгүй байна. Хэрэглээ байгаа цагт зөвхөн зун биш, жилийн дөрвөн улиралд тахлын эрсдэл биднийг отож байна. Өвчинтэй тарвага агнаад, хөлдөөгөөд хэрэглэхэд ч тахал тусна. Учир нь уг өвчний үүсгэгч хөлдөөсөн ч устдаггүй. Тарваган тахлын халдварын нууц хугацаа богино буюу 5-6 хоног ч олон хүн өвчлүүлэх чадвартай” хэмээв.
Тахлаар өвчилсөн хүмүүсийг судлахад, амьжиргааны түвшин доогуур, эсвэл өл залгуулах гэсэндээ тарвага агнаж, хүнсэнд хэрэглэсэн гэхээр зүйл ажиглагдаагүй гэнэ. Ихэвчлэн хувь хүний хариуцлагагүй үйлдэл, найз нөхдөөрөө дарвин гөрөөлөх сонирхол, баяр ёслолоор хорхог, боодог хийх л зорилготой байдаг аж. Эдгээр өчүүхэн шалтгаанаас болж улсад хэчнээн төгрөгийн зардал гардгийг харамсалтай нь тэд мэдэхгүй. Тарваган тахлын нэг тохиолдлыг эмчлэх, бусдад халдвар дамжихаас нь сэргийлэх, хариу арга хэмжээ авахад 60-100 сая төгрөг зарцуулдаг юм байна. Хөл хорио тогтоох, түүнээс шалтгаалсан санхүүгийн бусад алдагдлыг тооцохгүйгээр шүү дээ.
ӨНӨӨДӨР СОНИН О.БАТ-УНДРАХ